Г.Равжаа
Улсын минь нийслэл хөгжиж, шил толь мэт гялалзсан өндөр барилга өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. Гэхдээ барилга барихдаа манай аж ахуйн нэгж, иргэд хотын төвдөө хэт шавааралдуулж, алга дарам зай ч байсан гололгүй, хажуугийнхдаа аюул учруулсан ч үл тоон босгочихдог болсон. Энэ нь хот дэд бүтцээ гадагш нь тэлээгүйтэй холбоотой. Цэвэр, бохир ус, дулааны шугам, цахилгааны эх үүсвэрээ холоос татаж илүү зардал гаргахгүйн тулд ийнхүү бөгс эргэх зайгүй шахам болгож буй.
Тиймдээ ч урин дулаан болж, барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд газрын маргаан, тэмцэл иргэд, аж ахуйн нэгж, барилгын компаниудын дунд үүсдэг. Ийм маргаан, тэмцлийн сүүлийн үеийн тод жишээ нь “Номин холдинг”-ийнхон 120 мянгатын ногоон байгууламжид халдаж, орон сууц барих гээд Хан-Уул дүүргийн I хорооны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, улмаар нийслэлийн Засаг дарга дээрх компанид олгосон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосноор байдал намжаад буй.
Сүүлийн үед барилгын компаниуд стандартаа мөрдөхгүй шахам болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь Барилгын норм ба дүрэм гэж энэ салбарын “эцэг хууль” гэмээр том стандарт бий. Харамсалтай нь түүнийгээ үл ойшоосноос болж, ямар ч ногоон байгууламжгүй, ганц ч машины зогсоолгүй барилга олшров.
Барилгын норм ба дүрмээ мөрддөггүй, стандартын шаардлага хангаагүйгээс иргэд хохирох болсон. Хөл гишгэх зайгүй шавааралдсан энэ олон барилгын нэгэнд гал гарахад нүд ирмэх зуур л бүгд үнс болно гэхэд хилсдэхгүй. Английн Лондон хотод 1666 онд талхчны гэр шатсанаас үүдээд дөрөв хоногийн дотор хотын дийлэнх байшин шатсан гэдэг. Ийм явдал манайд болохгүй гэх газаргүй.
ӨВӨРЛӨГЧ ЭМЧ НАМТАЙН “НАЙРАМДАЛ” ЭМНЭЛЭГТ АЛГА ДАРАМ ГАЗАР ОЛГОЖЭЭ
Барилгын норм ба дүрмийг зөрчиж нэг шинэ барилга барихаар уржигдар газар ухаж, ойр хавийнхнаа түгшүүрт автуулав. Нэг компани барилга барьж байна гээд нөгөөгийнхөө инженерийн шугам сүлжээ, хана туургыг гэмтээх явдал олон удаа гарч байсан. Энэ нь дээрх дүрэмд заасан барилга хоорондын зайгаа мөрддөггүйтэй холбоотой. Баянгол дүүргийн V хорооны нутаг, УГТЭ-ийн баруун хэсэг, “Саппоро” төвийн замын эсрэг талд уржигдар газар ухаж, ойр орчмынхонд газар хөдөлж буй мэт айдас төрүүлсэн үйл явдал болжээ.
Барилгын ажил эхлүүлэхээр газрыг нь ухсан талбай маш жижиг юм билээ. Тэр газарт дэргэдэх барилгын манаачийн таван ханатай гэр л багтаж байсан гэнэ. Энд нэг харамсалтай үйл явдлыг эргэн сануулахаас өөр аргагүй нь. 2012 оны есдүгээр сарын 3-нд эцэг, эхтэйгээ хөтөлцөн зам хөндлөн гарч явсан 12 настай Б.Есүгэн охин дээр “Орд гео” ХХК-ийн бетон зуурмаг шахагч машин унаж, амийг нь хохироосон. Уг явдлаас улбаатайгаар тухайн барилгын ажлыг зогсоож, өнөөг хүртэл “араг яс” тэнд байгаа билээ. Энэ барилгын манаачийнх уржигдар ухсан талбайд гэрээ барьж, олон жил болж байгаад сарын өмнө нүүжээ. Нүүх болсон шалтгаанаа барилгын ажил эхлэх гэж буйтай холбон тайлбарласан гэнэ.
Бид өчигдөр тухайн газарт очиж, ойр хавийнх нь хүмүүстэй уулзлаа. Тэр нүх ухсан газрын яг дэргэд “Буянт оношилгоо” хэмээх хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тэнд зүрх судасны өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг аж. Гэтэл тус эмнэлгийн шал, тааз, хана туурга нь гэнэт чичирхийлж, маш ихээр доргисноос тэнд эмчлүүлж байсан 10 гаруй хүн, эмч, ажилтнууд “Газар хөдөлж байна” хэмээн сандран гарцгаажээ. Гэтэл газар хөдлөөгүй, харин эмнэлгийн барилгын суурьтай зэрэгцүүлэн өрөмдлөг хийж байсан гэнэ. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй өндөр настай нэгэн иргэн “2019 оны зургадугаар сарын 10-ны 16.00 цагийн үед өрөөний шал, хана чичрэн доргиход нь маш их айж гарцгаасан. Газар хөдөлж байна л гэж бодсон юм. Гэтэл үгүй байв. Бидний хэвтэж буй өрөөний ханын цаана газар ухдаг техникээр нүх ухаж байсан. Зүрхний өвчтэй бидний хэдэн хүний эмчилгээ үүнээс болж үр дүнгүй ч болж мэдэх юм билээ. Зарим хүн төлбөрөө буцааж аваад гарна гэх үг ч унагаж байсан” хэмээн өгүүллээ.
“Буянт оношилгоо” эмнэлгийн менежер Д.Энхээ, Д.Отгонцэцэг нар ч “Барилга маш ихээр чичирхийлж, доргин, зогсоход ч хэцүү байсан тул дотор ажиллаж байсан эмч, ажилтан, үйлчлүүлэгч гээд бүх хүн гарцгаасан. Гэтэл манай эмнэлгийн барилгын суурьтай зэрэгцүүлээд ямар ч зайгүйгээр газар ухаж байсан. Газар ухаж байсан хүмүүстэй нь уулзахад “Нью план” гэдэг компанийн ажилтнууд гэж өөрсдийгөө танилцуулсан. Урд талын барилгын манаачийн гэр байсан газарт л байшин барих гээд манай эмнэлгийнхэд халдаж, эмч, үйлчлүүлэгч бүгдийг нь айлгаж цочирдуулсан. Уг нь барилга барихад хажуу хоорондын зай, нөгөө барилгын эзэмшилд халдаж болохгүй гэсэн хууль дүрэм байдаг л баймаар юм” хэмээн ярив.
“Нью план” компанийнхны буруутай үйл ажиллагаанаас үүдээд, хөрс гулсах, газар хөдлөх зэрэг байгалийн үзэгдэл болоход ойролцоох барилгууддаа нөлөөлөхгүй гэх баталгаагүй юм билээ. Есүгэн охины амийг хохироосноос болж зогссон барилгын машин унахдаа “Буянт оношилгоо” эмнэлгийн урд хэсгийг гэмтээсэн гэдгийг дээрх ажилтнууд өгүүлсэн. Тэгэхээр ямар бага хэмжээтэй, алга дарам газар болохыг уншигчид ойлгох биз ээ. Иймхэн талбайд газар олгосон нь хачирхалтай. Энэ бүхэн ганц нэг компани, хувь хүний хариуцлагагүйтэй холбоогүй. Хот төлөвлөх, газар олгох, барилгын ажил эхлүүлэх гээд бүх шатанд хариуцлагагүй, хэнэггүй, салан задгай байдал нүүрлэж, мөрдөх ёстой стандартаа үл ойшоодогтой уялдаатай.
“Буянт оношилгоо” эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнуудын өгүүлснээр тэр алга дарам зайд өвөрмонгол эмч Намтайгийн “Найрамдал” эмнэлэгт газар эзэмшүүлэхээр болсон гэнэ. “Иргэн Намтайн захиалгаар “Нью план” компани зургаан давхар барилга барихаар газар ухаж, манай эмнэлгийн барилгын урд талын хэсгийн суурийг ил гарган, борооны усны хаяавч зэргийг эвдэж сүйтгэн биднийг хохироосон” хэмээн “Буянт оношилгоо” эмнэлгийн эрх бүхий албан тушаалтан В.Гантулга нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдолдоо дурдсан байв.
БАТЛАГДСАН ЗУРАГГҮЙ, АЖИЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙСАН ГЭВ
Ийнхүү эмнэлгийнх нь барилгад халдсаны дараа “Буянт оношилгоо” эмнэлгийн удирдлага барилгын ажлын гүйцэтгэгч “Нью план” компанийн захирал Ж.Дорждагватай уулзжээ. Тэгэхэд “Бид танай барилгад гэмтэл учруулаагүй, танай суурийн гүнийг хэдэн метрт сууж байгаа, ямар материалаар хийснийг харах гэж хучилтын хавтанг хэсэг газар ухаж авсан. Одоо зургаан м-ийн урттай, 150 мм-ийн диаметртэй төмөр хоолой газар луу өрөмдөж суулган, хүчитгэл хийнэ” гэжээ. “Нью план” ХХК-ийнхан батлагдсан зураг, төсөл, экпертизээр хянан баталгаажуулсан зураггүй, ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, барилга хоорондын зай хэмжээг мөрдөөгүй, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур, төлөвлөлтийн даалгаврын хавсралт байхгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлээд байна” хэмээн дээрх хувийн эмнэлгийн удирдлага биднийг очиход өгүүлсэн. “Нью план” ХХК-ийнхан “Уг барилгыг барихдаа зургаан м урт, 10 ширхэг төмөр хоолойгоор хөрсний нуралтыг хүчитгэж, барилгын сууриудыг нийлүүлж барина хэмээн төлөвлөж буй гэнэ.
Энэ бүхэн нь хууль, дүрэм, журам зөрчсөн байж болзошгүйг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын байцаагч нар хэлж байна. Тухайлбал, Барилгын тухай хуулийн 14.1.4-т “Зэргэлдээ орших барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” заалтыг зөрчсөн байх магадлалтай. Мөн хуулийн 40.1.5 дахь хэсгийн “Барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах”, 40.1.6-гийн “Энэ хуулийн долдугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн амьдрах, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг зөрчихгүй, саад учруулахгүй байх” гэх зэрэг заалтыг зөрчсөн байж болзошгүй. Харьяалах газар, хэлтсийн байцаагч нар газар дээр нь очиж хянаж шалгаж байж л чухам ямар хууль, журам зөрчсөнийг тогтоох боломжтойг тэд нэмж хэлсэн.
Орон сууцны болон олон нийтийн барилга байгууламжийн зай хэмжээг “Орон сууцны барилгын зураг, төсөл, төлөвлөлт” хэмээх барилгын норм ба дүрэм 31-01-10-ын 4.18 болон дөрөвдүгээр хавсралтад заасан хүснэгтээр тогтоох ёстой аж. Уг хүснэгтэд “цонхгүй талуудын хөндлөн ханануудын хоорондын зайг галын нормоор тогтооно” гэж заажээ. Тэгэхээр байшин барьчихвал галын аюулгүй байдлын норм, дүрэм зөрчигдөх нь гарцаагүй.
Эдгээрээс гадна эмнэлгийн барилга барих норм, дүрэм ч гэж бий. Тэр нь ч бас зөрчигдөж болзошгүй. Хамгийн наад зах нь хэрэв тэнд эмнэлгийн барилга баривал үйлчлүүлэгчдийн болон яаралтай тусламжийн автомашины зогсоолгүй байхаар юм билээ. Тиймээс хууль, дүрэм, журам зөрчин алга дарам зайд эмнэлгийн зориулалтаар олгосон газрынхаа тусгай зөвшөөрлийг хотын удирдлага ч, мэргэжлийн холбогдох байгууллагынхан ч эргэж нягтлах шаардлагатай болжээ.