Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын үйл ажиллагаатай танилцан, Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.
“Харилцааны хөгжил төв” ТББ нь 2013 байгууллагдсан бөгөөд “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдийн сургууль завсардсан хүүхэд, залууст дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг аж. Анх 2014 онд сургалтын төв байгуулагдахдаа хогийн цэг дээр ажиллаж байсан 10 гаруй хүүхдийг сургалтад хамруулж тэднийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Одоог тус төвд 50 гаруй хүүхэд гурван ангиар хичээллэж, сургалтын хөтөлбөрт хамрагдаж байгаа аж.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Улаанчулуутын энэ хэсэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэд, хүүхэд залуусын амьдралын буруу хандлагыг нь засах, тогтмол ажил орлоготой болгох талаар нийслэлийн удирдлагуудтай хамтраад ажиллаж байна. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг бичиг баримтжуулаад бүртгэлийн ажил хийгдсэнээр төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Үүний дараагаар ажлын байраар хангах, амьдралын буруу хэв зуршлаас салгах зэрэг ажлыг шат дараалан хэрэгжүүлнэ” гэж ярилаа.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байр иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. “Харилцааны хөгжил төв” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Улаанчулуутын хогийн цэг дээрх иргэдийн зүгээс тулгамдаж байгаа асуудлаар явуулын ажлын байрт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд өргөдлөө өгч байна. Эдгээр иргэнд бичиг баримтын зөрчил их байгаа учраас хурдан шуурхай бичиг баримтжуулахаар ажиллаж байна. Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамжийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Засаг даргын явуулын оффис үдээс хойш Нарантуул ОУХТ-д ажиллаж иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өгөх юм байна.