Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд олгосон газар эзэмших зарим зөвшөөрлийг хүчингүй болголоо. Манай сонин өнгөрсөн лхагва гаргийн дугаартаа хөндсөн зам, талбай түүн дотор нь багтжээ.
Тодруулбал “Өнөөдөр” сонины 2019 оны зургадугаар сарын 5-ны 113 (6658) дугаарт онцолсон “Банкны эзэмшилд очсон талбайнуудаа авч чадах уу” нийтлэл дэх, Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, Төв шуудангийн ард, Монголын хөрөнгийн биржийн урд талын, автомашины зогсоолтой замд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Иргэдийн нэрлэж заншсанаар “Монтел” руу орж, гардаг, Д.Сүхбаатарын талбайн баруун урд талын, дээрх замыг нийслэлийн Засаг дарга С.Батболдын баталсан 2017 оны А/464 дүгээр захирамжаар “Улаанбаатар капитал” банк бус санхүүгийн байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Уг захирамжийг гаргахдаа 2011 оны гуравдугаар сарын 25-нд тухайн үеийн Засаг даргын баталсан 261 дүгээр захирамжийг үндэслэн Улаанбаатар хотын банканд эзэмшүүлсэн газрыг тус банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлсэн байдаг.
Харин нийслэлийн Засаг даргын энэ сарын 5-ны А/563 дугаар захирамжид “Хөрөнгийн биржийн урд талын 700 ам метр талбайг Улаанбаатар хотын банканд эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.1-д заасан “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэн заалтыг зөрчсөн, нийтээр эзэмших зам, талбай бүхий тус газрын гэрчилгээг “Улаанбаатар капитал” банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэхдээ эл хуулийн 35.2, 38.2-т заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гээд уг газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Мөн Хан-Уул дүүргийн I хорооны нутагт нийслэлийн Засаг даргын 2017 оны А/532 тоот захирамжаар 2194 ам метр талбай эзэмшин “Үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалттайгаар ашиглахаар ажлаа эхлэх гэж очоод оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан “Номин холдинг”-ийнхны газрын зөвшөөрлийг цуцлав. Нийслэлийн Засаг даргын А/562 дугаартай захирамжид “Ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 ам метр газрыг “Номин холдинг” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүссэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ. Өдгөө тус талбай, ногоон байгууламжийг тохижуулан нийтийн эдэлбэр газрын зориулалтаар ашиглах юм байна.
Г.Равжаа