МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэх хүсэлт гаргаж байгаа талаараа яг одоо мэдээлэл хийж байна. Тодруулбал, тэрбээр нийт гурван асуудлын талаар олон нийтэд мэдээлж байгаа юм. Үүнд:
- Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал
- Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой асуудлаар,
- МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх зэрэг асуудлууд багтаж байгаа юм.
Тэрбээр "Нэгдүгээрт, Тост Тосонбумбын нурууны ордод хууль бусаар олборлолт хийж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нарын хамаарал бүхий компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлаар сэтгүүлчид хараат бус байдлаар сурвалжилга хийсэн. 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн би өөрөө газар дээр сурвалжилга хийсээр ирсэн. Би Өмнөговь аймгийн иргэн хү. Дээрээс нь сэтгүүлч хүний үүднээс асуудалд хандаж байгаа болохоос Би МСНЭ-ийн Ерөнхийлөгч гэдэг албан тушаалын үүднээс хандаагүй.
Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийг шалгахад олон зөрчил илэрсэн. Үүнийг шударгаар олж тогтооно гэдэгт итгэж байна. Үүнээс гадна намайг болон гэр бүл, найз нөхдийг минь гүтгэн харлуулах ажил хийгдэж байгаа. Дайралт заналхийлэл хэрээс хэтэрсэн. Би дахиад хэлье. Надад бизнесийн болон улс төрийн эрх ашиг байхгүй.
Хоёрдугаарт, би хотын даргыг ямар нэгэн байдлаар шантаажлаагүй. 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрээ цээргүйгээр гүтгэсэн. Би хотын дарга С.Амарсайхантай олон жилийн өмнөөс танилцаж, найз нөхрийн холбоотой гэж итгэж, нөхөрлөж явсан үе ч бий. Би ТВ8 телевизийг хуучин эзэн н.Баянмөнх гэдэг хүнтэй маш олон гэрээ хэлцэл хийсний эцэст энэ онд худалдан авсан. Яг энэ үед бургас хядаж, дээр нь байшин барьсан “Зүүнбаян рефайнери” гэдэг компанитай холбоотой асуудлыг эфирээр цацсан. Сэтгүүлч н.Энэрэл бэлтгэн хүргэсэн. Гэтэл маргааш тус телевизийн эфирийг хаасан. Телевизын эфир хаагдсаны дараа ТВ8 телевиз надад бүрэн шилжиж ирсэн учир уг асуудлаар эвийн зарчмаар ярихыг хичээсэн. Одоог хүртэл кабелийн суваг дээр ТВ8-ийн эфир нээгдээгүй.
Ганц телевизийн эфир хаагдсан асуудалд хувийн өмчийн асуудлаар хандаагүй гэдгийг ойлгоорой. Үүний цаана хэвлэлийн эрх чөлөөний асуудал яригдаж байгаа. Би энэ асуудлаар ёс бус үг хэлж хэрэлдсэн нь үнэн. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, сошиалаар ёс бус харьцаагүй. Тэд хоёр хүний хооронд утсаар яригдсан яриаг хууль бусаар бичиж аваад тэр бичлэгийг чинь цацна, хаалтын гэрээ хийхийг шаардсан. Өнөөдөр ТВ8 телевизийг, маргааш бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж болохоор байна. Хууль эрх зүйн орчин ийм сул байна. Туул голын бургасыг тэд тайрсан нь үнэн. Тэр асуудлыг нь мэдээлсэн манай сурвалжлагчийг тоосго нисч ирээд хүнийг алчихдаг шүү гэж хоёр шөнө дарамталсан байсан. Энэ асуудлыг нь цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатар харин хотын төсвийн мөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ байгуулж, хэвлэл мэдээллийнхнийг тэр гэрээгээрээ шантаажилж байна. Сэтгүүлчдийн өмнө үнэн хүчгүй байна. Үнэнийг нууж, улайм цайм гүтгэлэг мэдээ тараахаас ичихгүй байхгүй найз нараасаа сэтгүүлчдээсээ ичиж байна. Сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн. Ард түмнээсээ уучлалт гуйж байна. Гэхдээ бүгд биш л дээ. Би энэ тэмцлээ зогсоохгүй. Итгэж үнэмшиж ирсэн хэвлэлийн эрх чөлөө рүү дайрч байгаа учраас би өнөөдрөөс албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө Удирдах зөвлөлд өгнө” гэв.