Монлаагийн XVII гудамж
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тун ууртай байна. Тэрбээр саяхан болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Газрын сан бүрдүүлэх нэрийдлээр шаардлага хангахгүй олон газрыг нийслэлийн нэр дээр шилжүүлсэн тухай олж мэдлээ. Тухайлбал, үерийн ам, жалга, уулын орой хэсгийг ч газрын санд авсан байна. Нэг хүний нэр дээрх хэд хэдэн газрыг авсан тохиолдол ч гарч. Зарим газрыг 200-500 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээлэл ирсэн. Газрын наймаа гаарлаа. Үүнийг таслан зогсооно” хэмээн харьяа агентлагийн дарга нартаа банга хүртээсэн сурагтай.
Хотын даргын мэдээлэл үнэн аж. 2017- 2018 онд нийслэлийн газрын санг бүрдүүлэхээр 107 иргэний газрыг орон сууцны төлбөрийн 30 хувийн урьдчилгаанд тооцон авч, ипотекийн зээлд хамруулсан байна. Нийслэлийн газрын сан бүрдүүлэх уг ажлыг хотын дарга асан С.Батболд анхлан санаачилсан. Иргэд ч эл санаачилгыг уухайлан хүлээн авч, газраа байраар солихоор бөөнөөрөө өргөдөл гарган хошуурсныг та санаж буй биз ээ.
Зүүнбаян уулын XV гудамж
Иргэдээс газрыг нь авч сан бүрдүүлээд, дэд бүтэц, тохижилтыг нь бүрэн шийдсэний дараа, эргэлтэд оруулсан сайн жишиг олон улсад хангалттай бий. Эл сайн жишгийг нийслэлийн хөрсөнд буулгаж, нэвтрүүлэх гэж л уг ажлыг эхлүүлсэн юм билээ, уг нь. Харамсалтай нь, сэтгэлийн хөөрлөөр ямар ч төлөвлөлтгүйгээр эхлүүлсний улмаас цаашид үргэлжлэх, эсэх нь тодорхойгүй гацжээ. Газраа байрны 30 хувийн урьдчилгаанд өгч, ипотекийн зээлд хамрагдах гэсэн мянга мянган иргэний найдлага ийнхүү тасрав. Бухын доодхыг харж, үнэг турж үхнэ гэдэг шиг. Газрын сан бүрдүүлэх ажлын хэсгийнхэн гарамгай заль гаргаж, сайхан мэдээ түгээсэн хэрнээ цөөн хэдэн танилынхаа газрыг авч, бусдыг нь хохироож үлдээхээр шийдсэн бололтой. Бүгд л шалтаг хэлж, эл ажлын үр дүнг мэдээлэх дарга, албан тушаалтан олдохгүй шахам байв.
Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг “Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор С.Батболд дарга Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох А/449 тоот журам баталсан. Уг журмын дагуу манай газарт 205 хүн материалаа өгсөн. Банкны шаардлага хангасан, байраа сонгосон 107 хүнд орон сууцны урьдчилгаа 30 хувийг нь олгожээ. Нэг иргэний байрны урьдчилгаанд зориулж 30-42 сая төгрөг өгсөн. Тодорхой хэлбэл, 2017 онд нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны хурлаар 1.6 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг 53 иргэнд олгож, орон сууцанд оруулсан. Өнгөрсөн онд 1.8 орчим тэрбум төгрөгийг 54 хүнд олгосон. Иргэд газрын санд нийт 6.4 га газрыг сайн дураар шилжүүлсэн. Тэдэнд нийт 3.4 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд нь зориулж шилжүүлсэн” гэв.
Нийслэл нэг сая гаруй хүн амтай. Тэдний 60 гаруй хувь нь буюу 216 000 өрх гэр хороололд амьдардаг. Гэтэл ердөө 107 хүнд боломж олгосонд олонх иргэн сэтгэл дундуур байна. Нийслэлийн Засаг даргын гаргасан дээрх журамд зааснаар 0.04 га-гаас дээш газартай иргэд 70 ам метр хүртэлх талбайтай орон сууцыг сонгож, Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас байрны урьдчилгаа төлбөрөө гаргуулж, ипотекийн зээлд хамрагдах ёстой байв. Үүнээс гадна агаарын чанарын I, II бүсэд амьдарч буй иргэдийг хамруулна хэмээн нарийвчлан заасан ч бараг л хэрэгжсэнгүй.
Ажлын хэсгийнхэн уулан дээрх, эсвэл эрэг жалга дагуух айлуудын газрыг авах маягаар газрын сан бүрдүүлснийг С.Амарсайхан дарга шүүмжилжээ. Харин газрын сан бүрдүүлэх ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ юу гэж ярьсан нь сонины шарласан хуудаснаа өнөөдөр ч дурайж байна. Түүний үгийг эргэн сануулъя.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх тэрбээр дээрх журмыг хэрэгжүүлж эхлэх үед “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гэр хорооллын дэд бүтцийн газарт маш олон иргэн утсаар ярьж, өөрийн биеэр ирж хамрагдах хүсэлтээ илэрхийлж байна. Газрын сан байнгын үйл ажиллагаатай байх болно. Магадгүй Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 216 000 өрх бүгд тохилог орон сууцтай болсон үед татан буугдах байх. Чөлөөлсөн газарт иргэддээ зориулж цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөсөн. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барина” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай.
Сан бүрдүүлэх ажлын хэсгийнхэн гэр хорооллын нэг гудамжны бүх айлын газрыг чөлөөлж гийгүүлэхгүй юм гэхэд ядаж нэг дор байгаа таван айлын газрыг авсан бол баярлах байлаа. Нэг гудамжны таваас доошгүй өрх хүсэлт гаргасан бол орон сууцны урьдчилгааг 35 хувиар тооцож өгөх заалт уг журамд байсан. Гэтэл энэ заалт үндсэндээ хэрэгжсэнгүй. Бид Сонгинохайрхан дүүрэгт байрлах, газраа байрны урьдчилгаанд өгсөн гэх хэд хэдэн айлын эзгүй “хашаа”-нд очсон юм. Баянхошуу, Монлаа, Зүүнбаян болон Баруунбаянгаар очиход ашиглалтын шаардлага хангаж болохуйц ганц хоёрхон газар байсан юм. Намаг, цэвдэг бүхий, хавар Баруун, Зүүн салааны уулын шар ус бууж ирэхээр, хашаа гэх модгүй шахам тийм л газруудыг нийслэлийн газрын санд авчээ. 107 айлын хашааны хаяг болон нэгж талбарын дугаарын дагуу хайсан ч олдох нь үнэндээ ховор байв. Бөөнөөр бус ч ядаж нэг дор 2-3 айлын газрыг нэгтгээд авчихсан бол бүтээн байгуулалт өрнүүлж болохоор байв. Гэтэл өдгөө тал талд ганц нэг, ганц нэг газар авчээ. Олон айлын газрыг авч байж л бүтээн байгуулалт цогцоор хийх боломж бүрдэнэ шүү дээ. Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн шиг орон сууцаа тойроод зогсоолтой, тоглоомын талбайтай, сургууль, цэцэрлэг барьж орчныг тохижуулах тийм орон зайг бүрдүүлэх ямар ч боломжгүй газар юм билээ. Өөрөөр хэлбэл, олон айлын газрыг нэгтгэсэн, том зай талбайтай газрыг нийслэлд огт шилжүүлээгүй юм байна. Иргэдээс авсан талбайн хэмжээ 0.04 га-гаас дээш хэмжээтэй байх ёстой. Гэтэл газрын сан бүрдүүлэхээр авсан газрын цөөнгүй нь 0.04 га хүрэхтэй, үгүйтэй. Ийм болохоор хотын дарга эл ажлыг зохион байгуулахдаа ашиг сонирхлын зөрчилтэй байсан, танил талынхаа газрыг авсан, хүмүүсийг бүрэн зөв мэдээллээр хангаагүй хэмээн эрс шүүмжилж байгаа юм.
Одоо та бүхнийг гайхшируулахаар нэг мэдээ дуулгая. Хотын удирдлага өнөөх 107 газрыг “Тавантолгой түлш” компанид түлш зарах цэг болгон ашиглахыг зөвшөөрчихөж. Энэ бол шууд утгаараа гэр хорооллын орчныг сайжруулах бус, бөөн бөөн яндангаа дэмжсэн үйлдэл юм. Нийслэлийн газрын сан бүрдүүлэх ажлын хэсгийнхэн Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн мөнгийг үнэхээр дэмий үрэн таран хийсэн гэж хэлж болохоор байна. Эл ажлын хэсгийг хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд нь нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэс, Газрын алба, Орон сууцны дэд бүтцийн газар зэрэг хотын харьяа хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар багтсан. Тэд гэр хорооллыг хөгжүүлэхийг хүссэнгүй. Ажил хийсэн нэртэй танил талынхаа газрыг хэт өндөр үнэлээд улсын мөнгийг өгчихөж. Энэ мэтээр иргэдийн чихэн дээр цэцэг ургуулчихаад далдуур цөөн хэдэн хүний эрх ашгийг хангажээ, ажлын хэсгийнхэн. Гэр хорооллыг хөгжүүлж, утааг багасгах бус, өнөө маргаашаа аргацаасан төдий аж. Жилээс жилд иймээрээ байвал нийслэл хэзээ ч жинхэнэ утгаараа метрополис хот болж чадахгүй, утаатай Улаанбаатар хэвээр үлдэнэ. Ер нь тэгээд хотын даргын хэлснээр, ажлын хэсгийн олонх гишүүн сэм хэлэлцэж, нам хуйвалдаж, танил талынхаа газрыг авч байранд оруулжээ. Харин жинхэнэ зорилтот бүлэг болох I, II бүсийн мянга мянган өрх хэзээ газраа улсад өгч, байранд орох нь тодорхойгүй хэвээр үлдлээ.
Улсын комисс хүлээж авсан ч борлогдоогүй 80 000 орон сууц нийслэлд бий гэх. Гэтэл нийслэлд хашаа байшингаа урьдчилгаанд өгөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй олон мянган иргэн бий. Дээрх бусармаг үйлдлийг гярхай илрүүлсэн хотын даргад талархах учиртай. Гэхдээ засаж залруулаад үргэлжлүүлэхийн оронд газрын сан бүрдүүлэх ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ, тэр. Өдгөө эхлээгүй ажил энэ ондоо хэрэгжихгүй хэмээн Орон сууцны дэд бүтцийн газрын ажилтан хэлсэн юм. Ийнхүү хотын удирдлагаас гэр хорооллын иргэд утаан дундаа дахиад хэдэн жил амьдрахыг хэлэх хүн нэг ч алга.