Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарыг хуурамч тушаал гаргасан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Тэд 2018 оны дөрөвдүгээр сард ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлэн А/369 дугаартай тогтоол гаргаж, Цэнхэр сумын Шоронгийн ам гэдэг газраас таван га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эх сурвалжуудын мэдээлснээр, дээрх тогтоол гарахаас өмнө Архангай аймгийн ИТХ 2018 оны гуравдугаар сарын 16-нд хуралдсан бөгөөд тэр үед бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авч, дүгнэлт гаргуулах асуудлыг огт хөндөөгүй нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон гэнэ. Уг хуурамч тогтоолыг үндэслээд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд АМГТГ-т хандаж Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 01/488 дугаартай албан бичгээр бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлт хүргүүлсэн байна. Улмаар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд АМГТГ-аас хариу болгож 7/3120 дугаартай албан бичиг Засаг даргад дүгнэлтийг илгээснээр Архангай аймгийн Цэнхэр сумын Шоронгийн ам гэх газарт таван жилийн хугацаатай бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгож, “Тунгалаг Тамир-Ар” нөхөрлөл эзэмших болсон нь шалгалтаар тогтоожээ. Тэдний энэ хууль бус эл үйлдлийг эсэргүүцэж, есөн төлөөлөгч нь 2018 оны дөрөвдүгээр сард аймгийн ИТХ хуралдаагүйг батлаад зогсохгүй, Засаг дарга, ИТХ-ын дарга нар нийлж, сум, аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буйгаа хууль сахиулах байгууллагынханд илэрхийлсэн гэнэ.
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм билээ.
Тэгвэл Архангай аймгийн удирдлагатай холбоотой дээрх хэргийг нь шалгаж дуусаагүй байхад дахиад нэг асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Энэ нь тус аймгийн удирдах албан тушаалтан төслийн жорлонг завшсан байж болзошгүй үйлдэл аж. АТГ-ын мөрдөн байцаагч өнгөрсөн долоо хоногт тус аймагт ажиллан зарим байгууллагын албан өрөөг нь битүүмжлээд ирсэн аж. Dashzegve Enkhtaivan гэх цахим хаягтай, орон нутгийн иргэн цахим хуудсандаа “Ардад жорлонг нь үлдээ!!! Ардын намынхаан” хэмээн үзэл бодлоо илэрхийлж, зургийг нь нийтэлсэн байв. Түүний бичсэнээр бол 2017- 2019 оны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгээр био нүхэн жорлонгийн туршилтын загварыг барьж, суурилуулах төсөл хэрэгжүүлж, зорилтот бүлгийн 80 өрхийг хамруулахаар болсон аж.
Улмаар 2018 оны наймдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлж, нүхэн жорлонг шингэн нэвчихгүй, битүү доторлогоотой, агааржуулагчтай ариун цэврийн байгууламжаар сольжээ. “Азийн хөгжлийн банкны “ТА9100-MON Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжууд” төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын V багийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу 14 айлд дээрх эко жорлонг суурилуулсан гэнэ. Үүнээс дөрвөн жорлон дутсаныг Наранбулагийн ам буюу хуучнаар Сүрьеэгийн эмнэлгийн зүүн талын чацарганын талбайд суулгасан байсныг оллоо. Та бүхэн надаар хэлүүлэлтгүй эзнийг нь мэдэж байгаа даа” хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн байв. Түүний бичсэний хариуд нутгийн иргэд нь “Арай ч дээ. Миний ээж өндөр настан. Гэтэл V багийн дарга нь ганц жорлон бариад өгөөгүй л байгаа. Тэгсэн атлаа өөрсдөө бүхэл бүтэн дөрвөн жорлон дараалуулаад бариулсан байдаг юм. Өөрсдөө л болж байвал иргэд хамаагүй юм уу. Зорилтот айл өрхөд зориулж байгаа зүйлийг шударгаар хийж гүйцэтгэх нь зөв. Аймгийн эрх бүхий албан тушаалтан даргын талбай мөн” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн байв.
Дээрх төслийн нийт санхүүжилт нь хоёр тэрбум төгрөг бөгөөд нэгийнх нь л барилгын ажлын төсөвт өртөг нь 2.2 сая төгрөг гэнэ. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын зөвхөн дээрх багийн нутагт бус, II багийн 11 айлд төслийн жорлон суурилуулсан юм байна. Ингэхдээ мөн л зорилтот бүлгийнхэнд зориулсан хэмээж. Гэвч Арслан цохионы 15 дугаар гудамжны 14, 15 тоотод дараалуулан суурилуулсан байгааг дээрх иргэн мөн л зургийг нь авч олон нийтийн сүлжээнд тавьсан байв. Тэрбээр “Дээрх хоёр тоотын эздийг сум, багийн Засаг дарга болон улсын бүртгэлийн байгууллагаас тодруулахад Архангай аймгийн удирдах албан тушаалтных гэнэ. Энэ хүн жорлонгоор дутаа юу. Нэг жорлон нь 2.2 сая, хоёр нь нийлээд 4.4 сая төгрөг болно. “ТА9100-MON Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжууд” төслийн хүрээнд суурилуулсан нэг ширхэг эко жорлонгийн өртөг нь 2.2 сая төгрөг гэх боловч гүйцэтгэлтэй нь харьцуулахад их л эргэлзээтэй байдаг. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын I багийн конторын барилгыг хоёр сая төгрөгөөр үнэлэн 2018 онд акталсан. Тус барилгыг 2005 онд барьсан бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусаагүй төдийгүй цаашид ч хэвийн ашиглахад харшлах ямар нэгэн шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй. Багийн конторын барилгыг нэг нүхэн жорлонгоос ч багаар үнэлсэн байна” хэмээн бичжээ.
Уг ажлыг “Ар Ус Ундарга” ТӨХК хариуцан хийж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр тус компанийн албан өрөөг АТГ-ын мөрдөгч битүүмжилсэн аж. Энэ хэргийн явцын талаар АТГ болон НПГ-ын албаны хүмүүсээс тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байна. Энэ асуудалтай холбогдуулан хэн нэг хүнийг сэжигтнээр татаагүй. Байцаалт дөнгөж эхэлж буй болохоор ямар нэг мэдээлэл одоохондоо өгөх боломжгүй” гэсэн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа