Манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод жил ирэх тусам газар хөдлөх давтамж нэмэгдэж буй. Өнөөдөр ч эл гамшиг тохиолдоход бэлэн байгааг мэргэжилтнүүд онцолж, сануулсаар байгаа билээ. Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн хоёр жилийн өмнөх судалгаанаас үзэхэд газар хөдлөлтийн давтамж арван жилийн өмнөх дүнгээс 10 дахин нэмэгдсэн аж. Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг дүүргүүдээр нь хувааж үзвэл хөрсний бүтэц болон бусад хүчин зүйлээс хамаарч газар хөдлөх магадлал бүх цэгт нэг баллаар өссөн байна. Өөрөөр хэлбэл, зургаан баллын хүчтэй газар хөдлөх магадлалтай цэгт долоо, долоо нь найм болж нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн ЗДТГ хамтран 29 жилийн дараа Улаанбаатарт анх удаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулсан. Тус сургуулилалтаас улаанбаатарчууд хэд хэдэн сургамж авав.
Сургамж 1. САЙН ДУРЫНХАН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
Гурван өдөр үргэлжилсэн уг сургуулилалтын хоёр дахь өдөр буюу өнгөрсөн сарын 25-нд улаанбаатарчууд үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг л бужигналдсан. Тухайн өдөр иргэд нийслэлийн ИТХ-аар баталсан аюулгүйн 111 талбайгаас өөрт аль ойрхонд нь очих байв. Ингэхдээ гамшиг, осол тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талаар номын дуу сонсох төсөөлөлтэй очсон хүн цөөнгүй байсан ч аюулгүйн цэг дэх нөхцөл байдал санаанд нь хүрсэнгүй. Учир нь онцгой байдлын алба хаагчдын хүрэлцээ муу, нэг хороонд 1-2 алба хаагч, заримд нь ганц ч ажилтан байгаагүй. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн X хорооныхон дохио дуугарахтай зэрэгцэн цугларах талбайгаа мэдсэн бөгөөд аюулгүйн цэгт очиход хорооны хоёр ажилтнаас өөр хүн байгаагүй аж. Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтад очсон учир зарим иргэн заавар, зөвлөгөө авахыг шаардахад “Бид мэдэхгүй. Онцгой байдлынхан ирэх ёстой, одоо болтол алга. Юуны түрүүнд цугласан иргэдээ бүртгэнэ” гэжээ.
...Япон Улсад 2016 онд гэхэд л нийт 8117 удаа сургалт зохион байгуулснаас 6200 гаруй нь зөвхөн газар хөдлөлтийн үед хэрхэхийг зааж байжээ...
Гэсэн ч онцгой байдлын алба хаагчид ирж, урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө өгөхгүй байсаар сургуулилалтын хугацаа дууссан юм. Албан байгуулагадаа үзүүлэх цаасан дээр тамга даруулах гэсэн иргэдэд хорооны хоёрхон албан хаагч бүчүүлсээр иргэдэд заавар, зөвлөгөө өгч ч чадсангүй. Харин хүмүүст заавар, зөвлөгөө хэмжээнд бэлтгэгдсэн сайн дурынхан байсан бол эл асуудлыг хөнгөхөн шийдвэрлэчих боломжтой байсан болов уу. Үүгээр онцгой байдлын алба хаагчдыг ажлаа хийсэнгүй гэж хэлэх гэсэнгүй. Хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатарт төрийн алба хаагчдын хүрэлцээ мууг хэн хүнгүй мэдэж буй.
Тиймээс ядаж хороодын ажилтнууд нь заавар, зөвлөмж өгөх хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстойг эл сургуулилалт харууллаа. Гамшгийн аюулд хамгийн их өртдөг Япон Улс сард хоёр удаа, амралтын өдөр тааруулж, гамшгаас хамгаалах сургуулилалт зохион байгуулдаг аж. Ингэхдээ гал түймэр гарсан үед бэлэн байх техник, хэрэгслийг хэрхэн ажиллуулахыг зааж, өөрсдөөр нь хийлгэж, дадлагажуулдаг гэнэ. Мөн газар хөдлөлтийн чичирхийллийг тоноглосон техник хэрэгсэлд суулгаж, биеэр мэдрүүлэн, тухайн агшинд юу хийх зааварчилгаа өгдөг аж. Гэтэл манай сургуулилалт тамгатай цаас авах гэсэн иргэдийн дугаарлалтаас хэтрээгүй нь харамсалтай.
Техник хэрэгслээр мэдрүүлэхээ больё гэхэд ядаж гамшгийн үед иргэдэд зааварчилгааг өгч чадах сайн дурынхныг бэлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Гэхдээ сайн дурынхан огт байхгүй гэж хэлж болохгүй. Улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагынхан дүүрэг хороо бүрт сайн дурынхныг бэлтгэдэг. Улаан загалмай гэхэд дүүрэг бүрт 15 сайн дурын гишүүнтэй. Мөн тус сургуулилалтын үеэр нийт 517 гишүүн хамруулсан гэсэн тоо бий. Гэтэл тэд цугларах талбай бүрт майхан босгож, олноороо шавааралдан, материал тараахаас өөр ажил хийж чадсангүй. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Улаан загалмай нийгэмлэг хамтран “Бэлэн бай” нэртэй сургалтын загвар бэлтгэн, хэрэгжүүлж буй аж.
Үүнийгээ жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг яаралтай зарлан мэдээлэх дуут дохио болон аравдугаар сарын 13-ны Гамшгийн эрсдлийг бууруулах өдөр зэргийн үеэр сайн дурын ажилтнуудаар дамжуулан олон нийтэд чиглэсэн сурталчилгааны ажил зохион байгуулаад өнгөрдөг аж. Харин Япон Улсад 2016 онд гэхэд л нийт 8117 удаа сургалт зохион байгуулснаас 6200 гаруй нь зөвхөн газар хөдлөлтийн үед хэрхэхийг зааж байжээ.
Манай Онцгой байдлын ерөнхий газарт газар хөдлөлтийн чичирхийллийг балл, баллаар нь мэдрэх төхөөрөмж бий. Даанч энгийн иргэн очоод, тус сургалтад хамрагдан, чичирхийллийг мэдрэх боломжгүй аж. Уг нь түүнийгээ ашиглан хүмүүсийг ядаж жилд нэг удаа тус төхөөрөмжид суулгаад, газар хөдлөлтийн үед юу болдгийг мэдрүүлчихвэл, дараа дараагийн үйл ажиллагаанд нь дөхөмтэй баймаар.
Сургамж 2. “ХАЛТУУРДСАН” СУРГАЛТ
Онцгой байдлын ерөнхий газрынхан хэдэн жилийн өмнөөс дээд боловсролын хөтөлбөрт гамшгаас хамгаалах хичээлийг албан ёсоор оруулдаг болсон. Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу намайг оюутан байх үед гамшгийн менежмент хичээлийг заавал сонгон суралцах ёстой хэмээж байв. Нэг л улирал судлах ёстой. Гэтэл долоо хоног бүрийн тус хичээлийн цаг “цонхолдог” байв. Учир нь багш байхгүй. Тухайн үед 12 салбар сургуулийн I дамжааны 500 орчим оюутан энэ байдлаар хичээлийн цагийг өнгөрөөж байв. Улирал дуусах дөхөхөд өнөөх 500 орчим оюутныг нэг танхимд цуглуулан, бүтэн хоёр өдөр лекц бичүүлээд, хичээлийг хааж байсан юм даг. Энэ байдал одоо дээрдсэн, эсэхийг хэлж мэдэхгүй нь. Гэтэл Япон Улсад гамшгаас хамгаалах байгууллагын ажилтнууд болон сайн дурын идэвхтэн гишүүд сард хоёр удаа оюутны дотуур байранд очиж, бүх сургуулилалтыг нэгбүрчлэн зааварчилдаг аж.
Эл хөтөлбөрийг удахгүй дунд сургуульд нэвтрүүлэхээр ажиллаж буй. Гэтэл дахиад л багш, мэргэжилтэн байхгүй гэх тайлбартайгаар дээрх шиг “замхрахаас” сэргийлж, анги удирдсан багш нарыг нь эхэлж гамшгийн үед хэрхэхийг нь сургавал эл хөтөлбөр биеллээ олоход тустай байх болов уу.
Сургамж 3. ЗАМБАРААГҮЙ ГАЗАР ӨМЧЛӨЛ
Улаанбаатар хотын булан, тохой бүр хувийн эзэмшилд очиж, хөл гишгэх зайгүй болсон. Бүр зуслангийн бүсэд ч агаар салхинд гарч чадахгүй болтлоо хашсан байдаг. Үүний хор хөнөөлийг иж бүрэн сургуулилалт харууллаа. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-нд болсон иргэдийг нүүлгэн шилжүүлэх сургуулилалтын үеэр төвийн зургаан дүүргийн 3000 гаруй иргэнийг зургаахан цэгт байрлуулах газар олох гэж мэргэжилтнүүд нэлээд сандарсан тухайгаа үр дүнгийн хурал дээр хэлсэн юм. Бүр хувийн эзэмшлийн талбайд гуйж, иргэдийг аваачихад хүрсэн гэнэ лээ. Гамшгийн үед иргэдээ нүүлгэн шилжүүлэх ч газаргүй болсноо нийслэлийн удирдлагууд эл сургуулилалтаар мэдэж авсан биз ээ.