Өнгөрсөн ням гарагт нийслэлд минь тэнгэр хангай чамлахааргүй хур хайрлав. Харамсалтай нь, хотын шороо, тоостой энэ нь холилдоод хөрсөндөө нэлээд “хачиртай” буусан юм даг. Олон нийтийн сүлжээгээр зарим нь “Шороотой бороо орж байна” гэхчлэн орчны бохирдлыг шүүмжилсэн. Арга ч үгүй биз. Сая гаруй хүнтэй, метрополис, аз жаргалтай гэгддэг хотын иргэд бид хаврыг “улаанаар” л төсөөлдөг болж. Хуйсгануур хаврын салхи хотын өнгийг “илбэддэг” болохоор хамаг муу муухайгаа түүнд тавиад туучихыг нь яана.
Өвөлжин хорт утаагаар “угжуулсан” нийслэлчүүд сая нэг уртаар амьсгалах гэтэл шороо, тоос нь нүүр, нүд, ам, хамаргүй балбах. Нүдэнд торж, аманд зажлагдах нь ч дүүрч. Түүний найрлагад агуулагдах, хүний нүдэнд үл харагдах тоос, тоосонцрын хор уршгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймдээ ч тоосжилт гэхээсээ илүү “утаа, утаа” гэж хашхирдаг. Яг үнэндээ, Улаанбаатарын тоос, тоосонцор ДЭМБ-ын тогтоосон хүлцэх хэмжээнээс хэд дахин их болсон.
Агаарын бохирдолтой ижил түвшинд авч үзэхгүй бол хотын иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Тоосжилт нь агаарт цацарсан, манан, утаа хэлбэрээр байдаг. Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүддэг болохыг мэргэжлийн хүмүүс хэлэв. Дулааны цахилгаан станцууд, халаалтын зуух, мод, нүүрс түлэх, шороон зам, сул хөрс, шороо, ой, ахуйн түймэр, бүтээн байгуулалтууд, элс, хайрганы орд газар, тоосго, цемент, блокийн үйлдвэрүүд, стандарт хангаагүй ариун цэврийн байгууламжууд, үнс нурам, хог хаягдал зэрэг нь орчны тоосжилтыг “өрддөг” байна. Утаанаас өөрийг мэддэггүй, харлаган болтлоо тоосондоо дарагдсан, дассан бид одоо нүдээ арчиж, нухлаад, орчноо тольдох цаг болжээ.
Гэр хорооллын иргэд өөрийнх нь хашаа хоггүй л бол хамаагүй, гудамжиндаа үнс нурам, угаадас, бохироо асгана. Урин цаг ирэхээр үнс нь салхиар зөөвөрлөгдөн агаарт дэгддэг бол угаадас, өтгөн, шингэн ялгадас нь борооны усаар туугдан зам руу “нийлнэ”. Ус зайлуулах шугам хоолойгүй улаанбаатарчууд хавар, зундаа нян, бактеритайгаа ингэж “танилцдаг”. Өнөөх нь машины дугуйд наалдан явсаар, бужигнасан цагаан тоос болж агаарт замхрах нь тэр. Энэ нь “бусад”-тайгаа холилдоод, химийн олон найрлагат тоосонцор “төрнө”.
Түүгээр амьсгалсан иргэд халдварт өвчинд дарлуулж, тэр дундаа хүүхдүүд эмнэлгээс салахаа болилоо. Манай улсын хүн амын дунд зонхилон тохиолддог эмгэгүүдийг амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин олон жил тэргүүлж ирэв. Жилд дунджаар 10 мянган хүн тутамд эл өвчин 1600 гаруй бүртгэгддэг нь өндөр үзүүлэлт юм. Үүний дотор уушги тоосжих өвчин, түүнээс улбаатай хорт хавдар, ханиад, хатгалгаа, цусан суулга болон гэдэсний төрөл бүрийн өвчин дийлдэхээ болилоо.
Тоос, тоосонцрын хэсэг бага байх тусмаа гуурсан хоолойн гүнд нэвтэрч, уушгины эдэд “бууриа засаж”, эмгэг үүсгэж эхэлдгийг эмч нар хэлсэн. Харин таван мкм-ээс том хэмжээтэй нь хамрын хөндий, гуурсан хоолойд тээглэж, цэвэрлэхэд гадагшилдаг аж. Өөрөөр хэлбэл, тоос, мананцар нь амьсгалын дээд замын эрхтэн болох хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, хучуур эдэд баригдан, цэр, нусаар гадагшилдаг юм байна. Гэвч хотын агаарт дэгддэг тоосонцор нь ихэвчлэн хэт бичил байдаг тул эд, эсэд уусаж, цочроон улмаар хордуулдаг аж. Энэ бүхэн уушгинд холбогч эд буюу хавдар ургах нөхцөл бүрдүүлдэг гэнэ.
Бидний байнга ярьдаг РМ2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь уушги, зүрхний өвчин, нас баралтад нөлөөлөх хүчин зүйлийн нэгт зүй ёсоор орж байна. Нүд үрэвсэх, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьсгал давчдах зэрэг нь тоос, тоосонцортой хотын иргэдийн түгээмэл шинж тэмдэг болсон. Манайхаас өөр орны хот, суурингийн эдэлбэр газрынх нь 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламжтай тул энэ бүхнээс сэргийлдэг. Харин нийслэлчүүд орчноо ногооруулах нэрээр уулын мод огтолж, хотод “оршуулдаг” л ажилтай.
Уг нь нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая шоо метр агаар дахь утаа тортгийн 35.5 хувийг шингээж, тоос, шорооны 64.5 хувийг “идэж”, дуу, шуугианы 26 хувийг замхруулж, нарны хурц тусгалыг 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэхийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг судлаачид тогтоосон. Тиймээс иргэн бүр мод бут тарьж, айл өрхүүд хашаагаа зүлэгжүүлэх зэргээр үүргээ ухамсарлах хэрэгтэй болжээ.
Хотын удирдлага “ногоон үхдэл” гудамж, талбайд суулгах бус, өөрсдөө үрсэлгээ, үржүүлгээ хиймээр байна. Ядаж урин цагт усан оргилууруудаа ашиглалтад оруулъя. Гэр хорооллынхныг стандартын ариун цэврийн байгууламж, бохирын цооногтой болгоё. Гудамжинд хог, угаадас, үнсээ асгахаа больцгооё. Цэвэр агаартай, цэмцгэр хотыг бид цөмөөрөө бий болгоно. Бид нэг агаартай.
Бэлтгэсэн: О.Бат-ундрах
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Салхин талд гарч шороо “самрагсад”
Удахгүй цаг агаарын мэдээнд “шорооших” гэдэг байгалийн үзэгдлийн талаар мэдээлж эхэлбэл гайхах зүйл алга. Энэ нь орчин тойронд тогтмол цагаан тоос манарч, салхилах төдийд л хуй босон, борооны дуслууд агаар дахь тоосонцортой холилдон шаварлаг бүтэцтэй болно гэсэн үг. Хэрвээ цаг уурчид үүнийг зарлан мэдээлж эхэлбэл ядаж л иргэд нимгэн алчуур, гялгар уут зэргийг гэрээсээ аван гарч үс, толгойгоо хамгаалж болох юм. Ингэж “шороошин”, хуурайших нь олон шалтгаантай ч нийслэлийн салхин талд буюу баруун болон баруун урд хэсэгт хайрга, дайрга олборлодог олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдагтай холбоотой гэх хүмүүс цөөнгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг шороо суллаагүй бол тоос хаанаас босох вэ хэмээн ойлгочиход ч буруудахгүй.
Хотоос гаран баруун зүгт 30-40 км явахад л элс, хайрга ачсан хүнд даацын машинууд тасралтгүй холхино. Шороон замаар явж, шороо ухаж, ачин, тээвэрлэж буй автомашинууд зөрж өнгөрөхөд урд талын зам харагдахгүйгээр улаан тоос манарах тул хурдаа хасан, цөөнгүй хором хүлээх хэрэгтэй. Нийслэлийн баруун, баруун урд талын голын ай сав, уулын бэл, жалганд аж ахуйн нэжгүүд “үүрээ засаж” түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани Сонгинохайрханд л гэхэд гурван хороонд бий гэдгийг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Одоогоор манайд олборлолт хийж буй компани байхгүй. Харин хайгуулын зөвшөөрөлтэй, урьд нь ажиллаж байсан аж ахуйн нэгжийн тоо 30 орчим бий. Мөн бетон зуурмагийн цөөнгүй үйлдвэр байдаг. Тэдгээрийн түүхий эдийг тээвэрлэн, дүүргийн нутгаар том оврын олон машин зорчдог. Энэ нь хөрс суллаж, шороо босгох
нөхцөл бүрдүүлж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид нөхөн сэргээлт хангалтгүй хийдэгтэй санал нийлнэ. Нийслэлийн Байгаль орчны газраас нөхөн сэргээлтийн чиглэлээр үүрэг өгч, хяналт тавин ажилладаг” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн IV хорооны иргэн Ц.Наранчимэг “Орчны тоосжилтод хэмжээ, хязгаар гэж байдаг бол манай энэ хавьд тэр үзүүлэлт хэрээс хэтэрсэн. Зам дагуух байранд амьдардаг болоод ч тэр үү, гэгээвчээ онгойлгох аргагүй. Өвөл утаагаар амьсгалдаг бол өдийд тоос “хүртэж” л амьдарч байна. Ялангуяа шуурахад маш их шороо босдог нь салхины дээд талд элс, хайрга олборлодог олон компани, барилгын материалын үйлдвэр ажиллан, том оврын машин хөлхдөгтэй холбоотой болов уу. Эдгээрийг хотоос нэлээд зайтай байрлуулах хэрэгтэй” гэсэн юм.
Бидний нэрлэж заншсанаар Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс зүүн урд зүгт Хан-Уул дүүргийн XII, XIII хороо буюу Биокомбинат, Туул тосгоны нутгийн захын голын ай сав болон уулын энгэрээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог аж ахуйн нэгжүүд олон байна. Тэдний хийдэг үндсэн ажил нь шороо самрах. Тиймээс ч ойр хавийн оршин суугчдын олонх нь тоосны харшил, амьсгалын замын өвчтэй болж, хүн амьдрах байтугай мал маллах, туслах аж ахуй эрхлэхэд ч бэрхшээлтэй болсон талаараа сүүлийн 7-8 жил мэдээлж, мэдэгдэж буй. Гэтэл одоог хүртэл аж ахуйн нэгжүүдийн олборлолтын талбайг нь суурьшлын бүсээс холдуулах талаар дорвитой арга хэмжээ аваагүй хэвээр.
Улаанбаатарын эргэн тойронд багадаа 50 орчим км-ын зайд 5000-6000 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлтэй 160 орчим компани бий аж. Талбайнх нь хэмжээ гэр хорооллын тэн хагастэй тэнцэнэ. Биднийг тойрон ийм их талбайд компаниуд шороо самрах зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулсаар байгаа нь “шорооших” үзэгдэлд том хувь нэмэр оруулж буйг холбогдох байгууллагууд нь анхаараасай.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
ДЭЛХИЙН ЖИШИГ
Тоосонцор үүсгэдэг бол хариуцлага хүлээх тогтолцоо олон улсад бий
Орчны нөхцөлөөс хамааран агаарт дэгдэж буй 100 микрометрээс бага хатуу хэсгүүдийг тоосонцор гэж нэрлэдэг. Жижиг, нарийн ширхэгтэй байх тусмаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг шинжлэх ухаанаар баталсан.
Дэлхийн ихэнх оронд уул уурхайн салбараас тоосжилт үүсдэг гэнэ. Тухайлбал, Турк улсад ил уурхайн үйл ажиллагаа нь орон сууцныхаа ойролцоо байрладаг байжээ. Хүнд машин механизмаар ачаа тээвэрлэх үед шороон “үүл” бий болж, салхиар дамжин иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн гэнэ. Тиймээс тухайн бүс нутгийн оршин суугчид нь тоосжилт үүсгэж буй уурхайн эздэд хариуцлага хүлээлгэх тогтолцоотой болохыг шаардаж эхэлсэн байна. Улмаар Туркийн Засгийн газраас Агаарын чанарын хяналтын хууль боловсруулж, үүсгэж буй тоосонцрын хэмжээнд уурхайн эзэд хяналт тавих тогтолцоо бий болгожээ.
Тоосжилт үүсгэж буй салбарынхан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсгэж буй тоосонцрын хэмжээг хянах нэгдсэн мэдээллийн сан байгуулснаар хүрээлэн буй орчин болон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж эхлэв. Үйлчилгээний байгууллагууд нь ч өдөр бүр зам, талбайгаа услах болжээ. Өдгөө аж ахуйн нэгж, байгууллага бүр эзэмшлийн талбайгаа гэрийнхээ шалыг цэвэрлэж байгаа мэт өдөр бүр угаах нь энгийн үзэгдэл болсон байна. Харин Тайваньд агаарын бохирдол бараг үгүй ч халуун, хуурай уур амьсгалтай учраас тоосжилт ихтэй орны тоонд багтдаг аж. Тиймээс орон сууц болгонд агаар шүүгч суурилуулах зай, талбайг зураг төсөлд заавал тусгах шаардлага барилгын компаниудад үүрэг болгожээ. Түүнээс гадна цонх бүрт тоос, шороо шүүх шүүлтүүр суурилуулдаг гэнэ. Агаар шүүгчийн үнийг бодлогоор зохицуулан, хямд худалддаг юм байна.
Бэлтгэсэн: Г.Баясгалан
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.ӨНӨРБАТ: Өмнөх жилүүдтэй харьцуулахад тоосонцрын хэмжээ ихэссэн
БОАЖЯ-ны харьяа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Өнөрбаттай ярилцлаа.
-Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын хэмжээ ямар хэмжээнд байна вэ, хийсэн судалгаа бий юү?
-Агаарын чанарын хяналт, шинжилгээг долоо хоногт бүр манайхаас хийж, agаar.mn сайтад нийтэлдэг. Хотын хэмжээнд агаарын чанарыг хянадаг 15 харуул ажилладаг юм. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын тав, Цаг, уур орчны шинжилгээний газрын 10 харуул хотын тоосжилтыг өдөр бүр хэмждэг гэсэн үг.
Тэр хүмүүсийн гаргасан мэдээг
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан боловсруулаад бидэнд мэдээлдэг. Энэ долоо хоногийн шинжилгээний дүнгээр өнгөрсөн сард ерөнхийдөө тоосжилт хэвийн болон бага хэмжээний бохирдолтой байсан. Харин өнгөрсөн сарын 26-нд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Баянхошуу, “Улаанбаатар” цахилгаан түгээх сүлжээ орчимд тоосжилт маш их бохирдолтой түвшинд хүрч, PM10 тоосонцрын хэмжээ эрс ихэссэн. Мөн өнгөрсөн сарын 28-нд орсон борооны өмнө тоосонцрын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.
-Энэ долоо хоногийн судалгааны дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт гарч байгаа бол?
-Хүхэрлэг хийн агууламж, азотын давхар исэл ойролцоо түвшинд, PM10 тоосонцрын хэмжээ ихэссэн үзүүлэлттэй байгаа.
-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ? Тоосонцор утаанаас ялгаагүй хүний эрүүл мэндэд хортой гэсэн судалгаа байдаг шүү дээ.
-Тоосонцрын хэмжээ цаг агаараас их шалтгаалдаг. Өнгөрсөн өвөл цас бага орсон. Одоо хуурайшилт ихтэй байгаа учраас тоосонцрын хэмжээ ихэссэн үзүүлэлттэй гарлаа. Үүнээс үүдэн иргэд харшил, астматай болох эрсдэл өндөр байна.
-Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар нэг ажил хийдэг үү?
-Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хотын төвийн хэсгээр зам, талбай усалж, ногоон байгууламжаа ихэсгэхэд анхаарч байгаа.
-Хотын төвөөс алслагдмал бүсийнхэн яах вэ?
-Тэрийг хэлж мэдэхгүй нь. Ногоон байгууламж хариуцсан хүмүүсээс асуух нь зөв байх.
-Цаашид тоосжилт бууруулахын тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Түүхий нүүрсний хэрэглээг хориглож, иргэдийг боловсруулсан түлшээр хангахаар болсон. Түүхий нүүрсийг боловсруулснаар агуулж байсан тоосонцрынх нь хэмжээ багасна. Тоос, шороогүй, угаасан нүүрс хэрэглэж эхлэхээр агаарт агуулагдах тоосонцор ч тэр хэрээр буурна гэсэн үг.
Бэлтгэсэн: Г.Жавхлан
БАЙР СУУРЬ
Улаанбаатарын иргэдийн хувьд суурь өвчлөлийн нэг шалтгаан нь тоос, тоосонцор болсныг эмч, мэргэжилтнүүд хэлэв. Түүгээр ч үл барам тоосжилт үхэлд хүргэх аюултайг тэд онцолж байна. Тоосжилт ямар эрсдэл дагуулдаг болон үүнийг бууруулах арга замын талаар холбогдох албаныхан ийн ярьж байна.
Хүн нэг бүрийн оролцоо чухал
О.ОЮУН-ЭРДЭНЭ (НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан):
-Тоос, тоосонцор, тоосжилт өөр хоорондоо ялгаатай. Тоос, тоосонцор хүний амьсгалын эрхтэн системд шууд нөлөөлдөг нүдэнд харагддаггүй жижиг зүйл. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин тоосжилт буюу тоос босох нь хөрсний эвдрэл болон бусад хүчин зүйлээс шалтгаалдаг. Агаар мандал хуурай байгаатай холбоотой тоосжилт ихэссэн. Мөн хөрсний бохирдолтой холбоотойгоор тоос их дэгдэж байна. Хавар зам засвар, барилга байгууламжийн ажил эхэлснээс тоосжилт нэмэгдэх хандлагатай. Улирлын онцлог ч бий. Тоосжилтыг бууруулахын тулд бид хамгийн түрүүнд ногоон ургамал тарих хэрэгтэй. Ус хамгийн ихээр татдаг мод, модлог ургамал тариасай. Эдгээр ургамал тоос, тоосонцор, тоосжилтыг өөртөө татдаг. Өрх бүр гишүүдийхээ тоогоор биш юм гэхэд хашаандаа ганц ч болтугай мод тарьчихвал тоосжилтыг бууруулахад нэмэртэй. Мөн хог хаягдлаа гадаа ил задгай хаяхгүй, шатаахгүй байснаараа иргэд хүрээлэн буй орчныхоо тоосжилтыг бууруулах боломжтой. Тоосжилт бүхэлдээ хүний нүдэнд харагдана. Гэхдээ хүний биед хортой нарийн (РМ2.5) бүдүүн (РМ 10) ширхэглэгт тоосонцор хүний нүдэнд харагдахгүй ч тоосжилт дотор агуулагдаж л байдаг.
400 гаруй цагдаа улаан тоосон дунд ажилладаг
Э.БӨХБАТ (Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа):
-Тээврийн цагдаагийн алба хаагчид эрүүл мэндийн үзлэгт байнга ордог. Хийж буй ажил мэргэжлээсээ шалтгаалаад 60 гаруй хувь нь бөөр, уушгины эмгэгтэй болдог. Улаан тоосон дунд ажиллаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Замын шар тэмдэглэгээг шинээр тавихад долоо хоноод л тас хар болдог. Тэгэхээр зам дээр байнга үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн уушги ямар байх нь ойлгомжтой. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг 572 алба хаагчаас 400 гаруй нь зам дээр улаан тоосонд дунд үүрэг гүйцэтгэж байгаа. Тоосжилттой холбоотой харшил, амьсгалын замын өвчин, хамрын ханиад байнга тусна. Олонхынх нь өвчин архагшиж хүндэрдэг. Уушги нь устах тохиолдол ч бий. Уг нь тээврийн цагдаагийн алба хаагчдын ажлын орчныг хортой хэмээх ангилалд өмнө нь оруулдаг байсан. Одоо хортой нөхцөл гэж тооцохоо больсон.
Үхэлд хүргэх аюултай
Ц.СУВДГЭРЭЛ (Мэргэжлийн өвчин судлалын газрын дотор, уушгины их эмч):
-Өнөөдрийн байдлаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 3143 хүн эмчийн хяналтад байна. Эдгээрийн 1374 буюу 43.7 хувь нь амьсгалын замын өвчлөл, уушгины эмгэгтэй. Мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтын нэгдүгээрт тоосжилтын болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушги тоосжих өвчин ордог. Нүүрс, жонш, зэсийн уурхайд ажиллаж буй хүмүүс эдгээр өвчинд илүүтэй өртдөг. Налайх, Багануур, Шарын гол, Бэрх, Адуунчулууны уурхай, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтнууд уушги тоосжих өвчин тусах нь элбэг. Үүсэж буй тоосны хэмжээ шинж чанараас шалтгаалж өвчлөлийг өөр өөрөөр нэрлэж байна. Тоосжилт наад зах нь амьсгалын дээд, дунд замд нөлөөлж, гуурсан хоолойг гэмтээдэг. Цаашлаад уушгины хамгийн жижиг хэсэг буюу цулцанд нөлөөлнө. Энэ нь гаднаас ирсэн агаар биед хүчил төрөгч тарааж чадахгүй болно гэсэн үг. Иймээс тухайн хүн амьсгалын дутагдалд орно. Ер нь тоосжилт үхэлд хүргэх аюултай. Уушгины сүрьеэ, хавдар болж хүндэрдэг. Бусад эд эрхтний үйл ажиллагаанд ч нөлөөлдөг. Зүрх, судасны бусад эмгэг үүсгэдэг.