Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх автозам дагуу 2017 оны есдүгээр сард 4-6 метр өндөр нарс мод 145 ширхгийг суулгасан хэмээн “Хот, нийтийн аж ахуйн онцлох 225 ажил” тайланд дурджээ. Чухам тэр үед ойгоос “ирсэн” залуу нарс моддоос амьд байгаль ханхалж байсан юм. Гол иш нь эгц, шулуун, титмийн хэлбэр зөв, өвчин, хортонд идэгдээгүй, холтос болон үзүүрийн нахиа нь гэмтээгүй, өсөлт нь жигд гээд хүнээр зүйрлэвэл эрүүл чийрэг идэр насны залуус.
Гэхдээ тэдний амь ойн хөрснөөс салах тэр мөчид хэдийн тасарсан. Энгийнээр тайлбарлавал, дөрвөн метр ургасан модны үндэс эх биеэсээ бараг хоёр дахин урт байдаг гээд бод доо. Уулнаас ухаж авчрахдаа шилмүүст модны үндэсний системийг бүгдийг нь тасалчихдаг болохоор үхэхээс аргагүй.
Тэгвэл яагаад хурдан хатаж шарлахгүй, үхэхгүй байна вэ гэж үү. Биедээ байгаа шим тэжээлээ дуустал хэсэгтээ амь зогооно, хөөрхий тэд. Цаашлаад гурван тулгуур таяг нь багахан салхинд булгаран унахаас сэргийлнэ. Дуслын системээр гүйх амь тариа бага ч гэсэн шим өгч, аажмаар хатаж үхэх хугацааг нь сунгаж буй хэрэг. Хэдий зүс алдан гундсан ч шөнөжин асдаг ногоон гэрэл түмний нүдийг хуурахад онцгой нөлөө үзүүлчихнэ.
2019 оны дөрөвдүгээр сар. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам дагуу тарьсан 143 нарс амьдрах чадваргүй болжээ
Цэцэрлэгжүүлэлтийн компанийн ажилтнууд уулнаас авчирсан моддоо арчилж буйтай хаа сайгүй таардаг үе эхэлжээ. Урт хайч, татуурга, олс гэх мэтээр “зэвсэглэсэн” хүмүүс моддын шарлаж хатсан мөчрийг нэгбүрчлэн тайрч, ачиж аваад хөдөлнө. Амьд гэх өнгө үлдээгүй шарласан шилмүүстэй заримыг нь тусгайлан тэмдэглэнэ. Тусгай тэмдэглэгээнд орсон нарс тун удахгүй оршуулганд бүрмөсөн ачигдана гэсэн үг. Гэхдээ энэ үйл явц түмний нүдний өмнө огт хийгдэхгүй. Үүр шөнийн заагаар булгалж аваад, оронд нь дахин нэг золиос суулгана.
Яг энэ ажил Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам дагуу өнгөрсөн жилээс эхлэн өрнөж буй. Мэргэжлийн хүний дүгнэснээр, тэнд тарьсан 140 гаруй нарс бүгд үхжээ. Лав одоогийн байдлаар ямар ч авралгүй болсон заримыг буюу хатсан мөчрийг нь түүсээр бараг шалдарсан хэд гурвыг сольчихсон байна билээ. Бас зарим нэгийг угаар нь хөрөөдөж авчээ. “Нэг л өглөө дараагийн ээлжний золиосоор солигдчихсон байх биз” гэж нэг нь хэлсэн. Угаас тэнд тарьсан нарсыг хариуцсан нөхөд өнгөрсөн өвөл бүрмөсөн нүд аниулчихгүйг ихэд хичээснийг анзаарсан биз. Өвөлжин гялгар уутаар “өлгийдөж” ч үзлээ. Гэлээ гээд сэхэл авсангүй. Ногоон биш, бүр хар “зүстэй” болтлоо өнгөө алдсан нарснууд өдрөөс өдөрт улам бүр гундсаар байна.
Угтаа энэ нь нийслэлд 2007 оноос хойш эхэлсэн ажил бөгөөд үр дүнгүй, тохиромжгүй гэдэг нь мэргэжлийн байгууллага, холбоодын хийсэн шалгалт, мониторингийн дүгнэлт ч нотолдог. Жишээ нь, “Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны 2016 оны гуравдугаар сарын 22-ны мониторингийн тайланд Занабазарын гудамжинд 2011 онд 303 ширхэг нарс тарьснаас 11 нь амьд, 23 нь доройтсон, 269 нь үхсэн. Энхтайваны өргөн чөлөөнд 2009 онд 500 ширхэг нарс тарьснаас 100 хувь үхсэн судалгааны тайлан гарчээ. 2007 онд баруун дөрвөн зам, Гандангийн гудамжинд 100 гаруй нарс мод тарьсан ч бүгд үхсэн. Сүүлийн хэдэн жилийн дүр зургийг харахад л АСЕМ-аар тарьсан 1000 ширхэг, Х хорооллоос Таван шар хүртэлх гудамжинд тарьсан 550 ширхэг нарс бүгд үхсэн гээд баримт сөхвөл хэдэн арван мянгаар тоологдож байна.
Тэгвэл “том” модыг уулнаас олноор нь авч ирж үхүүлсээр байтал ямар нэгэн хариуцлага яагаад тооцохгүй байна вэ. Хяналт, мониторингийн асуудал яагаад хаягдчихав гэдэг асуулт зүйл ёсоор тавигдана. Хамгийн гол нь энэ асуудлыг зохицуулсан эрх зүйн акт, дүрэм журам, стандарт байхгүйтэй холбоотой. Одоогийн дагаж мөрдөж байгаа буюу 2016 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/133 тоот “Ойгоос мод бэлтгэх журам”, 2010 оны MNS:6139:2010 “Шилмүүст төрлийн модны суулгац” техникийн стандартад “том” модыг хот, суурин газрын ногоон байгууламж авч ашиглах талаар ямар ч заалт байхгүй юм байна.
Гэтэл зарим мэргэжлийн хүмүүс 20-иос дээш настай 4-8 метр өндөртэй шилмүүст модыг “суулгац” хэмээн олон нийтэд буруу ойлголт өгсөөр өдий хүрэв. Тэрчлэн энэ асуудлыг төрийн захиргааны холбогдох байгууллага нь хөхиүлэн дэмжиж байгаа нь тун харамсалтай. Уг нь суулгац гэдэг ойжуулалтын талбайд шилжүүлэн суулгасан 2-оос дээш настай модлог ургамлыг хэлдэг. Мөн 2012 онд шинэчлэн баталсан Ойн тухай хуулийн 31.4-т “Хот, сууринг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах ажлыг холбогдох хуулиар зохицуулна” гэж заасан. Гэвч өнөөдрийг хүртэл тус хуулийг батлаагүй байгаа нь асуудал биш гэж үү.
Харин одоо “нарс оршуулах ажил”-ыг хариуцдаг компаниудын талаар сонирхоцгооё. 2007 оноос хойш энэ ажлыг “Амьд газар” болон “Тод газар” ХХК тендерт ялсан гэх давуу эрхтэйгээр өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгаа гэнэ. Угтаа тус хоёр компанийн эзэд нь хүртэл нэг толгойтой хэмээн салбарынхан нь ярьж байна. Олон жил уулын модоор бизнес хийсэн эдгээр компанийн ашиг орлого, цар хүрээ нь ч богино хугацаанд тун сайн тэлж, өсөн нэмэгдсэнийг татварын шалгалтаар тогтоочихож болно хэмээн зарим нь “ховлов”.
Гэтэл ийм давуу эрхтэй компанийн тоо өнгөрсөн жилээс дөрөв болж нэмэгдсэн бөгөөд БД болон “Монгол тохь” нэртэй ХХК шинээр орж иржээ. “Тендер шалгаруулалтын талаар олон хардлага бий. Гэхдээ аудитын шалгалт хийгээд, эсвэл ямар нэг хяналтаар яг таг тогтоогоогүй болохоор баталгаатай мэтээр шууд хэлж болохгүй байна” гэж эх сурвалж өгүүлэв. Эдгээр компани Төв, Хэнтий, Булган, Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутгаас 20-30 настай нарс моддыг газар дээрээс нь авдаг.
“Хот нийтийн аж ахуйн онцлох 225 ажил” хэмээн онцгойлсон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2017 оны тайлангаас харъя. “2015-2017 онд байгалийн ойгоос 9250 ширхэг нарс мод шилжүүлэн суулгахад 23.4 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Улаанбаатар хотын ногоон байгууламжид 2016 онд тарьсан 380, 2017 оны хавар 1972 ширхэг нарс мод суулгах ажлыг гүйцэтгэхэд нийслэлийн төсвөөс 893.8 сая төгрөг зарцуулсан. Нэг ширхэг нарс модны үнэ 380 мянган төгрөг. Нэг ширхэг гацуур модны үнэ 300 мянган төгрөг” хэмээн тус тайланд дурджээ.
Угтаа жил бүр нэг тэрбум гаруй төгрөгийг энэ ажилд зарцуулж байгаа нь улсын төсвийг, татвар төлөгчдийн мөнгийг ургаа моддыг алах ажилд зориулж байгаагаас ялгаа алга.