Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр, Шаргаморьт зуслангийн баруун хойд хэсэгт орших, Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газрын орчимд иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий хүмүүс 2015 онд гаргажээ. Газар авсан иргэд өнгөрсөн оны тавдугаар сард хөрс хуулж, хашаа, байшин барьж эхэлсэн юм.
Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас уг дурсгалын үнэ цэнийг тодорхойлж, газар эзэмшүүлсэн захирамжийг цуцлуулах ажлын хэсэг байгуулсан билээ. Мөн Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэнтэй хамтран дурсгалын ойр орчимд иж бүрэн малтлага, судалгаа хийж, цэцэрлэгжүүлэн, тохижуулах болсон юм.
Уг саналаа нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж, ажлын зураг, даалгаврыг хийлгэсэн байна. Үүний дагуу Түүх, археологийн хүрээлэнгийнхэн хайгуул, малтлага хийж эхэлжээ. Одоогоор тоосго, цутгамал шавар бурхан, цаасны хэсгүүд, шавар бурхны хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйл олжээ. Малтлага дууссаны дараа судалгааны ажил эхлэх гэнэ.
Ташрамд дурдахад, Дондогдулам хатан 1923 онд таалал төгссөн бөгөөд эртний заншлын дагуу шарилыг нь ёс төртэйгөөр хайлуулж, Шаргаморьтын амны хойд энгэрт нутаглуулан, гэрэлт хөшөө босгосон аж. Хатны чандрыг тээж хүргэсэн есөн шарга морийг тус газарт сэтэрлэн тавьснаар Шаргаморьт хэмээх нэртэй болсон домогтой.