Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд заасанчлан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын А/364 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бөгөөд гурав хоногийн дотор тус газрыг чөлөөлөхийг уг мэдэгдэлд онцолсон байна. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулах аж.