Сүхбаатар дүүргийн XIX хороо, Гоодойн зусланд энэ сарын 14-нд өнжмөл өвс шатаж, 16 айлыг түймэрдсэн. Онцгой байдлын газрынхан дуудлага авснаас хойш 15 минутын дараа түймрийн голомтод очиход 30 гаруй айлын 15 орчим га газар хуйхлагдсан байжээ. Үүгээр зогсохгүй 13 айлын байшин, гурван өрхийн гэр шатсан бөгөөд Гал түймэр унтраах, аврах долоон ангийн 100 орчим алба хаагч, 22 автомашинтайгаар дөрвөн цаг гаруй ажиллаж түймрийг дарсан. Түймрийн голомтод очих гэтэл гал унтраах машин орох газар олдохгүй, шавааралдан буусан айлууд бүх орц, гарцыг тагласан нь албаныхны ажлыг нэлээд саатуулсан аж.
Эл түймрийн утаа арилаагүй байхад л Чингэлтэй дүүргийн XIX хороо, Шадавлин зусланд гал гарч, дөрвөн айл орон гэргүй болсон юм. Төлөвлөлтгүй тэлсэн зуслангийн бүсэд айлууд дураараа бууж, сул зай болгоныг ашигласны “үнийг” 20 айл өмч хөрөнгөөрөө ийнхүү “төлөв”. Хуурайшилт ихтэй учраас цаашид ч өчнөөн айл ийм хохирол амсах эрсдэлтэй. Учир нь зуслангийн айлуудын хашаанд өнжмөл өвс овоолоостой, хэзээ хэзээгүй гал “дуудахад” бэлэн байна.
Нөхцөл байдал иймдээ тулсныг албаныхан зуслангийн бүсэд замбараагүй газар олгосонтой холбон тайлбарласан. Иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрхийг дүүргүүдийн ЗДТГ-ынхан олгодог бөгөөд тэдний харалган шийдвэрийн гайгаар айлууд орц, гарцгүй болтлоо шавааралдан амьдрахад хүрчээ. Зуслангийн айлуудын тоо жилээс жилд нэмэгдэн, өдгөө 50 000-д хүрч, Улаанбаатарын гэр хороололтой хэдийн хаяа залгасан.
Зарим дүүргийн холбогдох албаныхнаас яагаад ийм байдалд хүрснийг тодруулахад бүх бурууг иргэд рүү чихсэн юм. Зуслангаар “зугаалж” явсан иргэд газрын чөлөөг хараад л нэг хэсгийг нь “өөрийн болгон” хашиж, барилга байшин барьчихдаг гэнэ. Үүнийхээ дараа тухайн газраа эзэмших эрх авахаар улайрдаг гэлээ. Мөн “Хашаа, байшинг нь албадан буулгаж, газар чөлөөлөх гэхээр хувь хүний өмчид халдсан хэрэгтэн болох учраас яах ч аргагүй” гэсэн хошин тайлбар хэлсэн. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь хүссэн газартаа хашаа хатган, байшин барьж, хажууд нь худаг гарган, нүхэн жорлон ухдаг болжээ. Ийм үйл явдал өрнөх хугацаанд нийслэлийн холбогдох албаныхан гараа хумхин суух бөгөөд газрын цахим бүртгэлийг хянах төдийгөөр үүрэг нь хязгаарлагддаг.
Нийслэлийн ногоон бүсийг сүйтгэх бас нэг “хөшүүрэг” нь ерөнхий төлөвлөгөө. Уг нь зуслангийн хэсгийн ерөнхий төлөвлөгөө гаргаж, аль газрыг хэнд, хэрхэн өмчлүүлэх, хаана ямар объект барихыг, ногоон бүсэд суурьшиж буй айлууд ямар үүрэг хүлээхийг нарийвчлан зураглах шаардлагатайг бараг 10 жил ярьсан ч өдий хүртэл хэрэгжүүлсэнгүй. Цаашид ч ерөнхий төлөвлөгөөтэй болох, эсэх нь тодорхойгүй. Наад захын жишээ дурдахад, Сонгинохайрхан дүүргийн зуслангийн бүсэд хэчнээн айл оршин суудаг болон хэдэн байшин барьсан талаарх мэдээлэл, судалгаа огт алга. Цагтаа зуслангийн бүс гэгдэж байсан Зүүн салаа, Баруун салаа нь хэдийн гэр хорооллын эгнээнд шилжсэн гэхээр нөхцөл байдал ямар хэмжээнд хүрсэн нь ойлгогдох биз ээ.
Ямар нэгэн арга хэмжээ авалгүй, төлөвлөлгүй энэ маягаараа байвал зуслангийн бүс тун удахгүй Баянхошуу, Толгойт, Дарь-Эх, Зурагт шиг утаа, хөрсний бохирдлын голомт болно. Хотод тулгамдсан бүхий л асуудал 5-10 жилийн дараа зуслангийн бүсийнхний толгойд бууж, Улаанбаатарын гэр хорооллын айлын тоо 50 000-аар нэмэгдэх нөхцөл бүрдчихлээ. Хамгийн аюултай нь нийслэлийн ногоон бүс бүхэлдээ “ноцуулж” дуусах нь.
Улстөрчдийн “өмчлөлтэй” уулын ам, орчмын бөөгнөрөл
Намхан, нэг хэлбэр, хэмжээтэй модон хашаагаар хүрээлүүлсэн, жижгэвтэр байшингууд, худгийн гадна журамтай дугаарлах иргэд, зай талбай хангалттайгаас хүүхдүүд дугуй унан жирийлгэж, хэд гурван үхэр, ямаа бэлчин, айлуудаас нэлээд зайтай уулын бэлд моддын дунд ганц, нэг майхан харагддаг байсан зуслангийн төрх өөрчлөгдөөд удсан. Өдгөө нийслэлийн ойролцоох аль ч ногоон бүсэд очсон машин байтугай хүн явах зайгүй шахам барьсан төмөр болон тоосго, чулуун хашаа, олон давхар байшин, барилга, зөвхөн өөрийн эзэмшил рүү тавьсан явган зам, зочид буудал, амралтын газруудыг харж болно. Та уул руу дөхөн, моддын захад тухлахыг хүсээд ч нэмэргүй, учир нь тэр хэсгийг хэн нэг нь хашаалаад авчихсан. Удахгүй бүр ойн гүнд улаанбаатарчууд зусаж, өвөлжих ч болов уу.
Сүхбаатар дүүргийн XIX хороо буюу Шарга морьт, Майхан толгой, Баянбулаг орчим дахь модтой уулын бараг дунд нь хүртэл айлууд хашаа хатгажээ. Зарим нь ойн зах хүртэл газар авсан байхад нөгөө нэг нь хэдэн зуун жил ургасан моддыг ч “хулгайлаад” хашаандаа оруулчихаж. Хэтэрхий шигүү суурьшсанаас автомашин чөлөөтэй орж, гарах нөхцөл багассан төдийгүй булаг, шандыг нь ч “булаан”, хашаагаа “чимсэн” нь цөөнгүй байна. Уг нь ойн сав, усны эхээс тодорхой зайд иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар олгоно гэсэн журам бий. Гэтэл энэ нь хэрэгжихээ болиод удсан талаар XIX хорооны Засаг дарга Ш.Батболд хэлсэн юм. Тэрбээр “Манай хороонд бүртгэлтэй 700 өрх, 1000 гаруй хүн бий ч 33 000 орчим айл ирж зусдаг нийслэлийн хамгийн том ногоон бүс буюу зуслангийн газар юм. Энэ хавьд газар олголт замбараагаа алдаж, зуслан ямар ч төлөвлөлтгүй болсныг хэлэх хүн олон. Гэтэл манай хорооны нутагт сүүлийн 3-4 жилд нэг шоо метр газрыг ч иргэдэд шинээр өгөөгүй. Энэ олон айлын газар, их “бөөгнөрөл”-ийн зөвшөөрлийг бараг 10 жилийн өмнө өгчихсөн юм билээ. Айл бүр эзэмшил газраа алхам алхмаар сунган томруулж, сул зай, талбай бүрээс хумсалсаар ийм байдалд хүрчихсэн. Хорооноос эзэмшил ба өмчлөлийн зөвшөөрөлтэй талбайн хэмжээг шалган, зөрчилтэй бол арилгуулах талаар эздэд нь хэлдэг ч тоодоггүй. Учир нь энд зусдаг хүмүүсийн олонх нь манайд бүртгэлгүй бөгөөд нийслэл, дүүргийн газрын албад, эрх бүхий хүний зөвшөөрөлтэй, “Миний газар” гээд хөдөлдөггүй. Бид айлын хашааг нураах, нүүлгэн шилжүүлэх, хүний өмчид халдах эрхгүй. Хэлж, сануулахаас цаашгүй, шүдгүй арслан гэгч л болчихоод байна. Зунд байгаль орчин бохирдуулж, хог хаяж, эрчим хүчний үүсвэр булаалдан, байшин барилга барьчихаад явчихдаг, энд зөвхөн зусдаг айлуудын мэдээлэл бидэнд байхгүй. Тиймээс төлөвлөж ажил хийхэд хорооныхонд хүндрэлтэй” хэмээн ярив. Харин өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга захирамж хүргүүлжээ. Тус хорооны нутагт өвөлждөг, зусдаг бүх өрхийн судалгааг гарган, байршлынх нь зургийг хавсаргах үүрэг өгсөн аж. Ингэснээр айл хооронд том оврын автомашин орж, гарах нөхцөл бүрдүүлэх, ус болон ойн зурвас руу түрсэн, зөвшөөрөлгүй сунгасан талбайн хэмжээг олох, арга хэмжээ тооцох, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх заавар, журам батлах буюу ерөнхийд нь ногоон бүсийг цэгцлэх зорилготой юм байна.
Зуслангийн газар хэн нэгний хөрөнгөө гайхуулах, эрх мэдлээ үзүүлэх талбар болчихоод буй нь нууц биш. Хамгийн урт хашаа барьж, хамгийн том талбай эзэлсэн, булаг, шандыг ч хашаалсан нөхөд нь бүгд л эрх мэдэлтэн, эсвэл их мөнгөтэй хүн. Дээрх зуслангийн бүсэд байх уулын ам бүрийг шахам улстөрч, УИХ-ын гишүүний нэрээр нэрлэснийг ч сонслоо. Уг нь он удаан жил нэрлэж заншсан, оноосон нэртэй газар атал тухайн хорооныхон болон тэр хавийн иргэд амарчилж, бас хошигнон Батын, Дуламын, Дугарын (нэрийг нь өөрчлөв) ам хэмээн дууддаг юм билээ.
Үүнээс гадна улсад 150 000 төгрөг тушаагаад л худаг гаргах зөвшөөрөл авчихдаг тул сүүлийн жилүүдэд худагтай айлын тоо огцом өсжээ. Энэ нь гүний усны нөөцийг багасган, байгалийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөхөд хүргэж буй аж. Энэ мэт олон бэрхшээл бий бөгөөд ядаж ахин худаг гаргуулахгүй байх, ойн бүс рүү айлуудыг нэвтрүүлэхгүй, сунган, түрж барьсан хашааг нь багасган, автомашины зам гаргуулах, тоосго, чулуу, блокийг сараалжин төмөр, эсвэл модон хашаагаар солиулах (агаарын урсгалыг нэмэх, гэмт хэргээс сэргийлэх зорилготой) зэрэг ажил хийхээр төлөвлөснөө дээрх хорооныхон дурдсан юм.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Финландчууд зуслангийн газраа ховор амьтдад “зориулдаг”
Дэлхийн олон оронд зуслангийн газар гэхээсээ илүүтэй тусгай хамгаалалттай бүс болон амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай гэсэн ойлголт байдаг аж. Үүнээс гадна хүүхэд, багачуудыг хотын чимээ, шуугианаас холдуулах, бие дааж сургах зорилгоор кэмп буюу зуслангийн газар байгуулдаг юм байна. Харин зарим оронд ховор амьтан, ургамал, байгалиа хамгаалах зорилгоор зуслангийн бүс бий болгодог аж. Тухайлбал, Финландад газар төлөвлөхдөө ховор амьтан, ургамлаа хамгаалахын тулд ийм бүс бий болгож, суурьших эрх олгодог боловч улирлын онцлог, цаг хугацааг харгалзаж иргэд түр хугацаагаар амьдардаг гэнэ. Байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар, ховор ан амьтан, ургамлаа харж амар амгаланг мэдрэх зорилгоор зусландаа жилд 1-3 сарын хугацаагаар саатаж болдог байна. Улсынхаа хэмжээнд зуслангийн 330 бүс нутагтай. Нэг бүсэд нь 125 мянгаас дээш хүн суурьшихыг хориглодог. Түүнчлэн хотын төвд хүн амын төвлөрөл, утаа, замын хөдөлгөөний хэт ачаалал зэрэг асуудал гардаггүй, ногоон байгууламж хангалттай, цэцэрлэгт хүрээлэн нь хүрэлцээтэй байдаг учир зуслангийн бүсэд удаан хугацаагаар амьдрах шаардлага байдаггүй аж.
Дэлхийн улс орнуудад зуслангийн газрыг суурьшлын бүсээс ялгахдаа дараах зүйлийг баримталдаг гэнэ. Үүнд, тухайн бүс нутагт байшин барих стандарт боловсруулах, ургамал, амьтны төрөл зүйл, байгалийн нөөц, газрын гадаргад ямар нөлөө үзүүлэхийг нягталж, сөрөг нөлөөлөл үзүүлэхээс урьдчилан сэргийлэхийг тусгажээ. Түүнчлэн тооцоолоогүй сөрөг үр дагавар гарсан тохиолдолд нөлөөллийг нь бууруулах тодорхой хугацааны төсөл боловсруулдаг гэнэ. Түүгээр зогсохгүй суурин газрын дэд бүтэц ямар байхыг тодорхойлж, эрчим хүч, нийтийн тээврээр хангахад хүндрэл учрах, эсэх, соёлын өв, хүрээлэн буй орчинд гарч болзошгүй сөрөг үр дагаврыг тооцоолох зэрэг олон зүйлд анхаардаг юм байна.
Сайн жишээ дурдахад, Бразилын Рио де Жанейро хотод амьдардаг иргэдийн 57 хувь нь 2005-2006 онд гэр хороололд амьдардаг байжээ. Түүнээс гарах сөрөг нөлөө манайхтай ижил байсан тул улирал бүр 100-200 айлын байшинг газартай нь тэгшилж, хүрээг нь улам тэлсээр зуслангийн бүс болгосон гэдэг.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Э.БОЛОРЧУЛУУН: Зуслангийн бүсийн ерөнхий төлөвлөгөө анхнаасаа байгаагүй, одоо ч алга
Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа.
-Улаанбаатар хотыг тойрсон зус-лангийн бүсийн айлуудыг цаашид хэрхэн цэгцлэх вэ?
-Зуслангийн бүсийн ерөнхий төлөвлөгөө анхнаасаа байгаагүй. Агаарын бохирдолтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд зуслангийн бүсэд суурьших айлууд олширсон. Ингэхдээ ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, дураараа хашаа хатгаж, байшин барих явдал газар авлаа. Зуслангийн газрыг гэр бүл, ахуйн зориулалтаар өмчлүүлэх талаар гурван жилийн өмнөөс ярьсан. Үүний хүрээнд ерөнхий төлөвлөгөө боловсруулсан ч хэрэгжүүлэх боломжгүй тул хойшлуулсан. Учир нь нэгэнт суурьшчихсан айлуудын байшинг нураах, нүүлгэх гэх мэт асуудал тулгарна. Тиймээс бид хээрийн судалгаа хийж, орц, гарцыг нэмэгдүүлж, ойн болон усан сан бүхий хамгаалалтын зурваст хамаарахгүй газруудыг өмчлүүлэхээр ажиллаж байна.
-Ойн болон усан сан бүхий хамгаалалтын зурвас газарт, зарим иргэн бүр ой дотор байшин барьчихсан. Ер нь хамгаалалтын зурвасаас хэдэн метрт айл суурьшихыг хориглосон юм бэ?
-Ойн сан бүхий газрын эрүүл ахуйн бүс 100, хориглолтынх нь 200 метр байдаг. Усан сан бүхий газрын хувьд голын уртаас хамаардаг. Жишээлбэл, 0-32 км урт голын захаас эрүүл ахуйн бүс нь 50, хориглолтынх нь 100 метр байна. Хамгаалалтын зурваст газар авах бол Байгаль орчны газраас нарийвчилсан үнэлгээ, дүгнэлт гаргуулж, ерөнхий үнэлгээ хийлгэх ёстой. Гэвч иргэд энэ талаар мэддэггүй, эсвэл мөнгө төлөхөөсөө цааргалан дур зоргоор хашаа, байшин барьдаг. Социализмын үеэс байгууллагуудын ажилчид нэг зусланд төвлөрдөг байсан. Ингэхдээ зарим нь ойн болон усан сан бүхий газарт байрласан. Тиймээс иргэд “Энд зуслан байхад би яагаад газар авч болохгүй гэж” барьцдаг. Сонгуулийн үеэр олон иргэнд зуслангийн газар эзэмшүүлэх гэрчилгээ олгодог “жишиг” тогтсон нь замбараагүй байдал үүсэхэд нэрмээс болсон. Улаанбаатар хотын ногоон бүсийн ихэнх хэсэг нь Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хамаардаг. Чингэлтэй дүүрэгт зуслангийн ес, Сүхбаатарт 10 орчим ам бий бөгөөд тэдгээр нь цаашид тэлэх боломжгүй болсон. Хэрвээ нэмж айл буувал хууль зөрчсөнд тооцно.
-Хамгаалалтын зурвас газарт нийт хэчнээн айл зусдаг вэ?
-Хоёр жилийн өмнөөс манай албаныхан судалгаа хийсэн. Зуслангийн нийт амны ойн болон усан сан бүхий хамгаалалтын зурвас газарт 18 мянган айл бий. Эдгээрийн ихэнхэд нь хамгаалалтын зурвас газраас нүүх захирамжийг хүргүүлсэн.
-Хамгаалалтын зурваст дураараа буусан иргэнд ямар хариуцлага тооцох вэ. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол?
-Бид тэр бүр анхаарал хандуулж чадахгүй байна. Иргэд зусланд гарахдаа мод, устай газар бараадахыг боддог. Гэтэл манай улсын хуулиар эл хүслийг нь хорьчихсон. Тиймээс нэгэнт суурьшчихсан айлуудад хариуцлагыг ухамсарлуулах нь зүйтэй болов уу. Тухайлбал, ойн сангийн бүсэд суурьшиж байгаа бол байгалиа хамгаалах үүрэг хүлээх хэрэгтэй. Мөн илүү өндөр төлбөртэй болгох аргаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болов уу. Гадаад улсуудад энэ зарчмаар ажилладаг юм билээ. Үерийн аманд буусан айлуудыг хуулийн дагуу нүүлгэж, газар эзэмших эрх олгохгүй байх нь зөв шийдэл.
БАЙР СУУРЬ
Зуслангийн газруудын нөхцөл байдлын талаар иргэдээс тодрууллаа.
Нэгдсэн цэг байхгүйгээс айлууд ойролцоох жалганд хогоо хаядаг
П.ИДЭРБОЛД (Сүхбаатар дүүргийн иргэн):
-Манайх Гачууртын Их аманд зусдаг. Зуслан ямар ч зохион байгуулалтгүй. Гудамж, гарам нь ойлгомжгүй. Газар олгохдоо үүнийг анхаардаг, эсэхийг мэдэхгүй. Уг нь бүх айл кадастрын зургаа гаргуулаад авчихсан юм билээ. Хогийн нэгдсэн цэг байхгүйгээс айлууд ойролцоох жалганд л хогоо хаячихдаг. Нөгөөх нь салхинд хийсээд тарчихна. Тэр хавийн малтай айлуудын үхрүүд хогон дээр л өнжиж харагддаг. Айл бүр хашаандаа нүхэн жорлонтой. Ингэхээр л гэр хорооллоос ялгарахгүй болчихоод байгаа юм. Зам тааруу. Засмал замаар 20, шороон замаар дөрвөн км явж байж хүрдэг. Зуслангийн замыг засвал сайн л байна.
Газрын зөвшөөрөлгүй бол нүүлгэнэ гэсэн
Б.ЭНХСАЙХАН (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Манайх Тахилтад зуслангийн байшинтай. Тэндхийн зохион байгуулалт бусад зусланг бодвол харьцангуй сайн. Орчин нь ч цэвэрхэн. Ихэнх айл амины орон сууцтай болохоор хашаандаа тус тусдаа бие засах газартай. Сүүлийн үед айлуудын тоо нэмэгдэх болсон. Сураг сонсох нь ээ, газрын зөвшөөрөлгүй айлуудыг нүүлгэнэ гэсэн.
Өвөлждөг айл олон
Б.АНУЖИН (Баянзүрх дүүргийн иргэн):
-Шадивлангийн зусланд гардаг. Дээхнэ үед зохион байгуулалттай, эмх цэгцтэй байжээ. Одоо бол айл бүр л газраа өмчлөөд, тус тусдаа хашаа татчихсан. Тэгснээр орц, гарц мэдэгдэхгүй замбараагүй болсон. Хогийн цэг, бие засах газрын асуудал ч хэцүү. Өвөлждөг айл олон. Зундаа байшин бүрт л хүмүүс байгаа харагддаг. Айл бүр хашаандаа жорлонтой болсон нь бохирдол ихэсгээд байгаа санагддаг. Өмнө нь нэлээд хэдэн айл дундаа жорлонтой байсан шүү дээ. Хогийн цэг хаана байдгийг хүмүүс мэддэггүй байх. Хогоо зам дагуу задгай хаячихдаг. Хэдэн жилийн өмнө Шадивлангийн замыг засаж, автобус явдаг болсон нь хувийн машингүй хүмүүст амар болсон.
Зам муу учраас хэцүү
Ц.НЯМСҮХ (Сонгинохайрхан дүүргийн иргэн):
-Баруун салаанд зусаад олон жил боллоо. Жил ирэх тусам л замбараагүй болж байгаа. Өмнө нь нэг том хашаанд зуслангийн байшингуудтай, хашааныхаа гадна талд хогийн цэг, бие засах газартай байсан. Одоо бол айл болгон хашаа татаж, орж, гарахад хүртэл төвөгтэй болсон. Өвөлждөг айл ч олон бий. Харин ил задгай хог хаях нь бусад зуслантай харьцуулахад арай гайгүй. Зам их муу учраас өвөл ч, зун ч хур тунадастай үед хэцүү.
Хоёр гол, булаг ширгэлээ
С.ЭНХБОЛД (Хан-Уул дүүргийн иргэн):
-Манай зуслан Шарга морьтын эцсээс цааш нэг км орчим зайтай. Эцэс хүртэл засмалтай, цааш шороон замаар явдаг. Манайхтай ойролцоо 70 гаруй айл тэнд зусдаг. Сүүлийн үед хуучин шигээ зохион байгуулалттай байхаа больсон. Айл болгон тусдаа хашаа барьсан нь гэр хороолол шиг л болгосон. Бүх айл нэг том хашаатай байхад хүүхдүүд чөлөөтэй гүйж харайдаг, тоглодог байлаа. Одоо тийм боломж байхгүй. Уг нь ой модтой, орчин нь их сайхан. Гэтэл сүүлийн жилүүдэд айлууд хашаагаа ойд хүртэл татан, орох аргагүй болгоод байна. Тэр хавьд хоёр ч гол, булаг байсан нь ширгээд үгүй болсон. Айл болгон хашаандаа жорлонтой байсныг хоёр жилийн өмнө болиулж, нэгдсэн бие засах газартай болгосон. Хогийн цэг нэлээд зайтай ч тэндээ л аваачиж хаядаг.