Хотын төвөөс 17 км-ийн зайд, Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны нутаг буюу бидний нэрлэж заншсанаар Баруунсалааны ам дахь цөөрөмд ангир иржээ. Төрөл бүрийн мод, бут, өвс ургамал нь хаврын бор, шаргал өнгөөр жигдэрч, зузаавтар хөвдөн доороос нь нялх ногоо цухуйсан том хэмжээний талбай тэнд бий. “Амьд байгаль” төрийн бус байгууллагын 2-3 хүн арчлан, тордож буй уг газарт Бумбатын рашаан байдаг аж. Улаанбаатарт мал адгуулахыг хориглосон шийдвэр гаргахаас өмнө энэ хавь малын бэлчээр байжээ. Төрөл бүрийн өвс, ургамал ургадаг, булаг, цөөрөмтэй бүс нь мал бэлчих таатай газар болсон аж.
Тиймээс хүн, малын хөлөөр орчных нь өвс ногоо талхлагдан, хөрснийх нь үржил шим буурч, эрт дээр үеэс байгалийн сайхан бүрэлдсэн эл нутаг улам бүр доройтсон гэнэ. Эрт дээр үеэс гэхийн учир нь Баруунсалааны ам дахь Бумбатын рашаан нь манай улсын түүхэнд бичигдэн үлдсэн газар нутгийн нэг юм билээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсөн 1911 онд, хойд хөршөөс цэрэг, зэвсгийн тусламж гуйхаар явсан албаны хүмүүсийн морийг тэр үеийн язгууртнууд Бумбатын рашаанаас услалцан, зорьсон үйлс нь саадгүй бүтэхийг ерөөн мордуулсан гэх аман яриа бий. Рашаанаас морьдоо усалцгаан, хэрэг зоригоо хэлэлцэн байсан хүмүүсийн дунд VIII богд Жавзундамба ч байсан гэцгээнэ. Тиймээс тус рашааны сав газрыг ундны усны эх төдийгүй, түүхэн үйл явдлын дурсгалт газар гэдгээр нь үеийн үед хамгаалж, хайрлаж явах учиртайг “Амьд байгаль” төрийн бус байгууллагын тэргүүн, инженер, эдийн засагч Ц.Лхагвасүрэн онцолсон.
Манай улсын усны нийт эх үүсвэрийг дөрвөн жил тутам тоолдог. Тэгвэл 2004 оны тооллогоор маш олон булаг, шанд, гол, горхи ширгэж хорогдсон тухай мэдээлэл гарчээ. Үүнээс улбаалан Ц.Лхагвасүрэн нэг ч гэсэн усны эхийг хамгаалж, тордох зорилгоор 2005 онд Бумбатын рашааны эргэн тойрны 10 орчим га газрыг тойруулан хашаа барьсан аж. Төрийн бус байгууллага ч байгуулсан гэнэ. Тэд рашааны эх, урсац рүү шороо орохоос хамгаалан хөрсөнд нь чулуу шигтгэн, явган зам тавьжээ. Рашаанаас иргэд шууд хутган авч байсныг халж, эхэнд нь цорго хийн, түүнээс тосож авах боломж бүрдүүлсэн байна.
“Амьд байгаль”-ынхан 2005 оноос тухайн орчны усны урсцыг сайжруулах, хөрсний элэгдлийг бууруулах, тэнцвэрт байдлыг хангах бүх л ажлыг хийсэн гэв. Хамгийн гол нь байгалийн унаган төрхийг хадгалахыг хичээн, зарим газар нь далан барьж, нөгөө хэсгийнх нь чулуу, шороог сэтлэн усны урсгалыг өөрчлөх, шаардлагатай газарт ургамал, модыг үр, үрсэлгээгээр нэмж суулгах, сэлгэн нутагшуулах зэргээр тордож чаджээ. Үүний үр дүнд өдгөө Бумбатын рашаан хавьд 120 гаруй төрлийн өвс, ургамал, мод, сөөг ургаж буй нь 2005 оны үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн дүн аж.
Булаг, цөөрмийг нь бараадан ирж зусдаг байсан ангир, нугас, тогоруу ч эргэн иржээ. Ийнхүү багагүй хугацаанд арчилж, тордон, “хөөцөлдөж” явсаар 10 га талбайнхаа хэмжээг өсгөн 44-д хүргэж, 2018 онд орон нутгийн тусгай хамгаалалттай болгон “дархлуулжээ”. Энэ нь хэзээ нэгэн цагт тухайн бүс нутгийг хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгж эзэмшилдээ авахгүй гэсэн үг.
Тэрбээр “Намайг энэ хавьд хашаа хатган, ажлаа эхлүүлсэн эхний 4-5 жилд маш олон хүн энэ газрыг зарж, үрэх нь хэмээн хардаж, өөрсдөө ч хашааны газартай болчих санаатай, булаалдан, шуугицгаасан. Миний зорилго бол хотын төвөөс холгүй, иргэдийн суурьшлын бүстэй зэргэлдээ талбайн экологийн тэнцвэрийг хангах, илүү сайжруулах, байгалийн унаган төрхийг нь он удаан жил хадгалахад хувь нэмрээ оруулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах юм. Үүгээрээ дамжуулан ард иргэдэд байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалахыг уриалж буй хэрэг. Хийж буй ажлыг минь эсэргүүцэн, өөлж байсан хүмүүс одоо цөөрсөн. Эрх биш бидний 14 жилийн хөдөлмөр, ажлын үр дүнг минь анзаарч буй болов уу” хэмээн ярив.
Түүнчлэн Бумбатын рашааны сав газарт илүү олон төрлийн, их хэмжээний мод, ургамал тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зорьж буйгаа тэрбээр дуулгасан. Хүрээлэн байгуулахад иргэдийн оролцоо хамгийн чухал гэлээ. Манай улс мод тарих өдөртэй цөөхөн орны нэг. Энэ нь сайшаалтай хэрэг бөгөөд тухайн өдөр иргэд Бумбатын рашааныг зорин, мод тарьдаг болчихвол богино хугацаанд үр дүнд хүрч болох гэнэ.
“Амьд байгаль” төрийн бус байгууллагынхны тордож буй дээрх талбайд одоогоор дашжамцын гэзэг цэцэг, монгол хунчир, согоо суман башир, үхэр дигд, баг хонхон цэцэг, долгиосон гишүүнэ, чонын тавхай, ганган юлт зэрэг ховор болон нэн ховор ургамал, цэцэг ургаж буй. Цэцэрлэгийнхээ бүх ургамлаас дээжлэн авч, зүй зохисоор нь хатаан, нэг самбартаа 12 ширхэг “бүтээгдэхүүн” бүхий 10 орчим үзүүлэн хийжээ, тэд. Эл үзүүлэнгээ байгаль хамгаалагч болон мэргэжилтнүүдийн цугладаг цөөнгүй үзэсгэлэн, хурлын үеэр толилуулж, хүмүүсийн сонирхлыг татдаг аж. Дээрх талбайд ургадаг, ялангуяа эмийн ургамлын үрийн сан бий болгож, энэ төрлийн ургамлын тариалалт, үржүүлгийн чиглэлээр цаашид түлхүү ажиллах зорилготой гэнэ.
Мөн сүүлийн 2-3 жилд 12 төрлийн мод, сөөг нэмж тарьсан аж. Үүнээс гадна нийслэлийн Байгаль орчны газрын дэмжлэгтэй чацарганын 2000 орчим бут авч суулгасан юм байна. Тэдгээр нь сайн ч ургаж, жимсээ өгч эхэлжээ. Гэхдээ зарах, чацарганаас олох эдийн засгийн өгөөжийг чухалчлаагүй гэнэ. Суулгац зээлээр өгсөн байгууллагынхан ч өдий хүртэл нэхэл дагал болоогүй байгаа нь дэм болжээ.
Ц.Лхагвасүрэн “Боловсорсон чацарганыг энэ хавийн иргэд түүгээд авчихдаг юм. Зарим нь түүхий байхад ч мөчрийг нь хугалан түүж, хайр, гамгүй хандах нь бий. Эндээс иргэд чацарганын ач тусыг ойлгон, хашаандаа тарьж, экологийн тэнцвэрт байдалд нэмэр болж, өрхийнхөө эдийн засаг, өөрсдийнхөө эрүүл мэндийг дэмжээсэй хэмээн бид бут суулгасан. Харамсалтай нь, энд зугаалж, амарч байсан хүмүүс гал алдсанаас чацарганын төгөл маань хоёр ч удаа түймэрт өртсөн. Гэхдээ модны тоо олон тул үр жимсээ өгсөөр байна” гэв.
Бас хүүхдүүдэд экологийн боловсрол муу олгож буйгаас түүхий жимс түүх, мөчрийг нь хугалах, цэцэг, ургамлыг хайр найргүй гишгэчих хандлага байдагт харамсаж явдгаа ч илэрхийлсэн. Мөн талбайгаа цэцэрлэгжүүлэх, механик усалгаатай болгох зэрэг цөөнгүй ажил хийхээр төсөл бичин, холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан ч үр дүнд хүрээгүй гэдгээ дуулгав. Гэсэн ч байгальд хайртай, хөдөлмөрч цөөнгүй хүн, зарим байгууллагын дэмжлэгтэй Бумбатын рашааны ойр хавийг ийнхүү хамгаалан, тордож, илүү их зүйл хийхээр төлөвлөн, ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байдаг аж.