С.Хүрэлсүх, Д.Төмөрбаатар, Ц.Батзаяа нар залуу моддын насыг тодорхойлж, тухайн газрын координатыг тэмдэглэж авлаа
Эрт галавын үеэс эх байгалийнхаа ааш араншингаар төрж, түүнийгээ тахиж шүтсэн, хайрлаж хамгаалсан сэтгэлгээгээ зан үйлийн өвөрмөц цогц соёл болон төлөвшүүлсэн ард түмэн бол монголчууд хэмээн шинжлэх ухааны доктор, профессор, Ардын багш Ш.Чоймаа нэгэнтээ өгүүлсэн нь бий. “Хүн төрөлхтөн эх байгальтайгаа зөв харьцах талаар хичээгээгүй нь өнөөдрийн экологийн гамшигт хүргэжээ. Монгол ардын цэцэн үгэнд “Сэтгэлийн хир биеийн хирээс бузар”, өөрөөр хэлбэл, бохирдсон сэтгэл бохир орчныг, ариун сэтгэл амгалан ертөнцийг бүрдүүлдэг. Хүнд хайрлах, энэрэх асрах сэтгэл хамгаас чухал бөгөөд тийм сэтгэл төрж гэмээнэ эх байгальтайгаа зөв харьцаж чадна” гэж тэрбээр өгүүлсэн юм.
Тэгвэл “Өнөөдөр” сонин байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэхийн тулд хичээнгүйлэн зүтгэж яваа байгаль хамгаалагчийн ажлын талаар сурвалжлан хүргэе. Сурвалжилгын минь гол баатар нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч С.Хүрэлсүх юм. Улсын нийслэл Улаанбаатар хот минь Хэнтийн нурууны баруун өмнөд хэсгийн шувтрах үзүүр буюу Бага Хэнтийн нурууны салбарын үзэсгэлэнт Богдхан уулын арын Алтан тэвшийн хөндийд Туул голоороо эмжээрлүүлэн оршдог. Нийслэл нийтдээ 470.4 мянган га нутаг дэвсгэртэйгээс 266.9 мянган га буюу 50 гаруй хувийг ой бүхий талбай эзэлдэг. Нийслэлийн ногоон бүс нь засаг захиргааны хуваариар Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүргээс гадна Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумын нутгийг хамардаг юм. Энэ том газар нутгийн нэгээхэн хэсэг болох Улаанбаатар хотын хойд чиглэлийн зуслангийн бүсийн 26 амыг ганцаараа хариуцсан улсын байцаагчийн нэг өдрийн ажил хэрхэн өрнөдгийг толилуулъя.
06.00 цаг. Улаанбаатарын дорно этгээдэд орших Баянзүрх хайрхны дээгүүр өглөөн наран илчээ түгээхтэй зэрэгцээд автомашины дуут дохио ногоон бүс рүү нэвтэрдэг хаалга болсон “төмөр хаалтаа нээгээч” гэх шиг хангинав. Үүр цайхтай зэрэгцээд боссон байгаль хамгаалагч С.Хүрэлсүх гарч, машинтай хүмүүстэй уулзахад “Богдын Бор рашаанд бараалхах гэж явна. Оруулаач” хэмээх нас тогтсон хоёр хүн байлаа. Бага Баяны цэргийн амралтаас хойш, нийслэлийн хоймор буюу хамгийн хойд цэгт Баруун Сэлбэ голын эх дэх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаанаас залахаар дээрх гэр бүлийн хоёр хүн иржээ. Нийслэлийн байгаль орчин, экосистемд чухал ач холбогдолтой 2071.5 га нутгийг НИТХ-ын 2012 оны шийдвэрээр Сэлбэ голын эх нэртэйгээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд өнгөрсөн жил Цохиот хад, Борын рашаан чиглэлийн явган аяллыг 3.7 км замыг МСМ групп нийгмийн хариуцлагын хүрээнд ашиглалтад оруулсан аж. Тэр замаар рашаан хүртэхээр яваа тэдэнд С.Хүрэлсүх “Хуурайшлын зэрэг аюулын шар түвшинд хүрсэн тул гал түлж болохгүй, тамхи, шүдэнзээ гүйцэд унтрааж хаяхыг сануулаад нэвтрүүлсэн юм.
Нийслэлийн ногоон бүсийн байгаль хамгаалагч түүний ажил үүрийн таван жингээр эхэлдэг юм байна. Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ эргэн тойрныг дурандан, бараг л араатан, жигүүртнээ тоолон бүртгэж буй аятай удаан, тогтуу гэгч нь хараа бэлчээх аж. Ингэж явахдаа тэрбээр хувийнхаа, лизингээр аваад удаагүй байгаа “Пробокс” автомашинаа хөлөглөсөн юм. Бидний багад ойн цагдаа гэж буу үүрэн, дуран зүүсэн, морьтой хүн л ойгоор явдаг байв. Харин өдгөө нийслэлийн ногоон бүсийн, тэр дундаа хойд чиглэлийн зуслангийн бүсэд малтай иргэд оршин суухыг хориглосноор ойн цагдаа буюу орчин үеийн нэршлээр байгаль хамгаалагчид мотоцикл, автомашин хөлөглөх болсон аж. С.Хүрэлсүхийн хувьд 20 гаруй жил байгаль хамгаалагчаар ажиллаж буй, 50 гарсан болоод ч тэр үү, хоёр дугуйтаас илүү, дөрвөн дугуйтай, түшигтэй унаа болсон автомашинаар ажлаа амжуулж буй юм билээ. Харамсалтай нь, байгаль хамгаалагчдын унааны сарын зардал дээд тал нь 20 000 төгрөг аж. Тэр мөнгөнд таарсан шатахуунаар С.Хүрэлсүхийн хариуцсан 26 амаар бүгдээр нь орж, хяналт тавьж чадахгүй юм билээ. Гэвч сарын цалин болсон 600 000 гаруй төгрөгөөсөө ажлаа хийхийн тулд илүүчилж, эцэстээ эхнэр, хүүхдээсээ шатахууны мөнгө авч буйг төсөв баталдаг, хуваарилдаг эрх мэдэлтнүүд төдийлөн мэдэхгүй нь лавтай.
08.00 цаг. Ингэж хариуцсан амныхаа нэгээхэн өндөрлөг цэг дээр гарч, ойр орчмоо дурандаад ирэхэд НБОГ-ын Зуслангийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Энхжаргал тэргүүтэй албаны хүмүүс уулзахаар ирж байлаа. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн урамшилт эргүүлүүд ч ирэв. Тэдэнтэй хамтарч зуслангийн манаач болон тэнд өвөлжиж, хаварждаг айлуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, шар өвсөө шатаахгүй байх ухуулах хуудас тарааж эхэллээ. Өмнөх долоо хоногийн амралтын өдөр Гоодойн аманд шар өвсний түймэр гарч, хэд хэдэн байшин шатсаныг уншигчид санаж буй. Түймэр хараахан ойн санд ороогүй ч байгаль орчин, иргэдэд үлэмж хохирол учруулсан. Тиймээс шар өвсөө шатаахгүй байхыг сануулахаар айл өрхүүдээр урамшилт эргүүлүүдтэй хамт орж, заримд нь үүрэг чиглэл өгч байлаа. Тухайн өдөр нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээ хийсэн тул зуслангийн бүсэд өвөлжиж, хаварждаг айлууд ойр орчмынхоо хогийг цэвэрлэж шуудайлж байв. Зарим нь намар, өвөл хуримтлагдсан шар өвсөө хаман шатаачих уу, яах бол хэмээн С.Хүрэлсүхээс өөрсдөө ирэн асууж, зарим нь утсаар лавласан юм. Хуурайшлын шар түвшинд хүрчихээд байгаа энэ үед шар өвсөө шатааж огт болохгүйг тэрбээр дахин дахин сануулаад, холбогдох албаныхантай хамтран их цэвэрлэгээгээр гарсан хог, өнжмөл шар өвсийг ачуулахаар тохиролцсон гэдгээ илэрхийлэв. Ийнхүү хог цэвэрлэхэд ч байгаль хамгаалагч, түймэр гарсан ч байгаль хамгаалагч, хашаа барьсан ч байгаль хамгаалагчийн оролцоо их байдаг аж.
10.00 цаг. С.Хүрэлсүхийн ажлын байр болсон гэрээс холгүй хүнд даацын машин дуугарч, газар ухаж буй чимээ дуулдах болов. Чимээ гарч буй айлыг зорьж очтол зуслангийнхаа хаусны хашааны хэвгийг тэгшилж байгаа хэмээн трактораар ухуулж байлаа. Иргэн Баянбат гэдэг хүн “Энд газар эзэмших гэрчилгээтэй, эгчийн минь нэр дээр байдаг юм. Хашаандаа автомашинаа оруулж, гаргахад хүндрэлтэй байдаг тул газрыг нь тэгшилж, эргэх талбай гаргаж буйгаа хэлэв. Хашааны хаалганы ойролцоо залуухан шинэс байгаа бөгөөд түүнийг тойруулан шохойгоор тэмдэг тавин ухаж байлаа. Байгаль хамгаалагч С.Хүрэлсүх, НБОГ-ын Зуслангийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Энхжаргал нар газар ухаж буй хүмүүст хандан “Мод болон үндсийг нь гэмтээж, унагавал нөхөн төлбөр, торгуультай шүү” гэдгийг сануулахад Баянбат “Би мод унагах дургүй хүн, яавч тийм зүйл хийхгүй. Даваа гарагт зуслангийн газар эзэмших зөвшөөрлөө үзүүлнэ” хэмээлээ.
Уг нь хэдэн жилийн өмнө ойн захаас 300 м-ийн зайтай зуслангийн газар эзэмшүүлж болох хууль үйлчилж байв. Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, 300 м-ийг 100 м болгож багасгасан хэдий ч нийслэлийн Газрын албаныхан эрхтэн дархтан, танил тал, ар өврийн хаалга ашиглан хуулиа зөрчин ойн дотор газар олгож, эзэмших гэрчилгээ Засаг даргаараа батлуулснаас болж дээрх айл шиг эзэмшил газартаа юу ч хийж, дураараа дургих эрх эдлүүлж байгаа юм. (Сурв).
11.30 цаг. Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ баруун хэсгийн ам болох Гүнт, Майхан толгойг зорихоор хөдөллөө. Ингэж яваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн урамшилт эргүүлүүд болох Л.Уранчимэг, Н.Дэжид нартай тааралдсан юм. Тэд айлын хаалга цохин, дээрх Цагдаагийн хэлтсээс гаргасан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, шар өвсөө шатаахгүй байх талаарх ухуулах хуудсыг тарааж явав. Тэд хэдэн хэдэн айлаар орсноо С.Хүрэлсүхэд танилцуулаад “Зарим айл зуслангийнхаа байшинд иржээ. Тавдугаар сар гараад зусландаа гарахаар бэлтгэж, байшингийнхаа шороо тоосыг цэвэрлэж, хашаа, хорооныхоо эвдэрсэн салсан төмрийг засаж байна. Зарим айл гагнуур хийж болзошгүйг учраас зориуд танд хэлье гэж бодож явлаа. Тэр гагнуур хийх гэж буй айл худгаасаа хашааныхаа эргэн тойронд ус цацаж байсан. Сайн хүн санаагаараа гэж, ашгүй энд таарлаа. Бид түймэр гарч болзошгүйг тэр айлынханд сайтар сануулсан. Холбогдох хүмүүс маань ч эргэж тойрох байх” гэсэн юм.
Тэгтэл боксын спортын Гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд зээгээ унадаг дугуй унуулсаар ирж уулзлаа. Тэрбээр бас л их цэвэрлэгээ хийснээ С.Хүрэлсүхэд илтгээд “Өнжмөл шар өвсөө одоо яах вэ. Энэ бүсэд малгүй болсноос хойш шар өвсөө хэрхэхээ мэдэхээ болилоо. Овоолж байгаад шатаачихдаг юм бил үү гэж бодсон ч өнгөрсөн долоо хоногийн их гал шиг явдал болох вий гэж эмээх юм. Төмөр торх (поошиг)-нд хийгээд шатаачихвал яах бол” хэмээв. Шатааж болохгүй гээд хогонд ачуулахаар болсноо байгаль хамгаалагч хэлсэн юм. Тэр үед Майхан толгойн хэсгийн ахлагч Амартүвшин ирээд “Одоо доороос хог ачих машин ирж байна” гэдгийг дуулгалаа.
12.30 цаг. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Зуслангийн хэсгийн байранд ирэхэд тус хэсгийн дарга, хошууч Б.Ганзориг тэргүүтэй алба хаагчид ойр орчмынхоо хогийг цэвэрлээд дуусаж байлаа. Тэрбээр “Байгаль орчны байцаагчид, тэр дундаа С.Хүрэлсүх гуай ямар ч амралтгүй, нойр, хоолоо умартан, хувийнхаа машинаар л ажлаа хийж байна. Гэтэл иргэдийн ухамсрын түвшин маш их доройтсоноос болж байгаль орчны байцаагчийг “Чи муу юу юм бэ” гэх зэргээр дарамталдаг. Үгийг нь үл ойшоох нь их болсон. Магадгүй хулгайн ан хийчихээд явж байгаа хүмүүс байгаль орчны байцаагчид баригдвал амь нас, эрүүл мэндэд нь халдахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс байнга холбоо харилцаатай ажиллаж, сэжигтэй хүн, машиныг цагдаагийн алба хаагчдаар шалгуулах зэрэгт байнга хамтарч ажилладгаа НБОГ-ын Ойн, хэлтсийн дарга М.Чинсанаа, ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Хүдэр нарт тайлбарлаж байлаа.
Нийслэлийн Засаг даргын баталсан Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний дагуу НБОГ-аас зуслангийн бүсэд урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулахаар хэсгийн ахлагч нар, иргэдийг цуглуулах үеэр дээрх байдлаар ярилцсан юм. Улмаар НБОГ, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Зуслангийн хэсэг, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн, цахилгаан дамжуулах сүлжээний монтёруудтай хамтран Нүхтийн аманд зохион байгуулсан өдөрлөгт оролцов. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн тусгай тоноглосон “Портер” машинаар (800 л усны тортой, бага оврын гал унтраах машин, ус цацах хоолой нь 500 м хүртэл сунадаг) эргүүл, хяналт шалгалт хийж буй юм билээ. Тэд амралтын өдөр болоод ч тэр үү, хүч нэмэгдүүлэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явж байв. Монтёр тэдэнтэй хамт явж буй шалтгаан нь өмнөх долоо хоногт Гоодойд гарсан түймрийн улмаас олон байшин шатахад цахилгааны утсууд нь тээглээд гал унтраах машинууд голомтод хүрэхэд бэрх байснаас үүдэлтэй аж.
Байгаль орчны байцаагчийг хэл амаар доромжлоод зогсохгүй, эрүүл мэнд, амь насанд нь халдахыг завдах тохиолдол байдаг аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутгийн хойд хэсгийг хариуцсан нэг байгаль хамгаалагч эргүүл, шалгалтаар яваад сураггүй алга болжээ. Ингээд эрэн сурвалжилсны дүнд хоёр хоногийн дараа цогцсыг нь хогийн цэг орчмоос, түүнээс холгүй мотоциклыг нь олсон аж. Гэвч хэргийн газрын үзлэг шалгалтыг хагас дутуу явуулснаас болж талийгаачийг мотоциклоосоо унаж нас барсан уу, гаднын нөлөөтэй юү гэдгийг одоо болтол тогтоож шийдвэрлэж чадахгүй байгаа аж. Хууль сахиулах байгууллагын мэргэжлийн хүмүүсийн өгүүлснээр мотоциклын тоормосны мөр, хэддүгээр араандаа явж байгаад унтарсан, өөрөө араагаа салгаж унтраасан уу гэх зэргийг тогтоох ёстой ч тийм үзлэг хийгээгүй аж. Түүнээс гадна байгаль хамгаалагч холбооны станцгүй, өөрсдийнхөө гар утсаар л мэдээлэл дамжуулдаг юм байна. Гэвч уулын зарим ам руу орохоор сүлжээ нь унаж, харилцаа тасардаг аж. Тэгэхээр байгаль хамгаалагчийн ажил эрсдэлтэй юм. (Сурв)
13.15 цаг. Сүхбаатар дүүргийн нутаг, Сэлхийн аманд шар өвс шатааж байгаад түймэр тавилаа гэх мэдээлэл байгаль орчны улсын байцаагч, хэсгийн ахлагч С.Хүрэлсүхийн утсаар байгаль хамгаалагч Д.Төмөрбаатар мэдээллээ. Тэр даруйд өдөрлөгөө орхин Сэлхийг зорив. Энэ зуураа түүнтэй ар гэр ахуй амьдралын талаар ярилцлаа. Тэрбээр “Байгаль хамгаалагч гэдэг бол эх болсон байгалиа үр хойчдоо энэ хэвээр нь үлдээх гэж хичээж буй, байгалиа гэх сэтгэлтэй л хүний хийдэг ажил. Бусад газрын байгаль хамгаалагчийг бодвол нийслэлийн ногоон бүсийнхний хариуцаж буй талбай нь жижиг мэт боловч харилцаж байгаа хүнтэй нь харьцуулахад орон тоог маань болдог бол нэмчихмээр л санагддаг. Улс орны төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс л орон тоог нэмдэггүй байх” хэмээсэн. 20 гаруй жил энэ албанд зүтгэж байгаа тэрбээр авдаг цалингаа хүрэлцдэггүй гэх зэрэг зовлон бэрхшээлээ ярихыг хүсэхгүй байгаа нь илт. Эхнэр, гурван хүүхэдтэй эгэл нэг тэр эр 2018 онд шилдэг ажилтан болж байсан гэнэ. С.Хүрэлсүх байгаль орчны улсын байцаагч гэхээсээ илүү байгаль хамгаалагч гэдэг нэрэндээ илүү дуртайгаа хэлсэн.
Харин тэрбээр хүмүүсийн ухамсар, сэтгэхүй өдрөөс өдөрт доройтож байгаад эмзэглэж буйгаа илэрхийлсэн. Гоодойн аманд 20-иод байшин шатсан түймэр гарахад ойролцоо нь олон машинтай хэсэг залуу амарч, зугаалж байжээ. Тэдэн рүү С.Хүрэлсүх очоод “машинаараа ойролцоох худгаас ус зөөгөөд өгөөч” гэхэд эрс дургүйцэн, “Бид амарч зугаалж, цэвэр агаар, эрүүл аюулгүй орчинд байх эрхтэй” гээд огт хөдлөөгүй гэнэ. Тэрбээр “Залуус эрхээ л яриад байгаагаас үүргээ биелүүлэх ёстойгоо огт ухамсарлахгүй юм” хэмээн халагласан.
13.50 цаг. Түймэр гарсан газарт очиход Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн ахлах ахлагч Д.Отгончулуунаар удирдуулсан бүрэлдэхүүн дуудлагаар ирж, шатсан талбайг нэгбүрчлэн шалгаж, гал дахиж дэгдэхээс сэргийлж байлаа. Нэг айлынхан зусландаа гарахаар бэлтгэж, хашааныхаа шар өвсийг хамаад шатааснаас хоёр га талбайг хуйхалжээ. Уг нь өндөр настай ээж, аав нь хориглосон ч хүүхдүүд нь “За яав л гэж. Худагтай юм чинь түймэр тавихгүй” хэмээж байгаад гал алдсан гэнэ. Байгаль хамгаалагчдыг ирэхэд хэргийн жинхэнэ эзэд гарч ирэхгүй, настай ээж аав нь ус зөөн утаа уугиж буй хэсэгт асгаж байв. С.Хүрэлсүх тэдэнд “Даваа гарагт НБОГ-т очиж уулзаарай. Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна” гэдгийг санууллаа. Гэрийн эзэд “Уг нь модоо услахаар худгаа асааж байсан юм. Яг гал гарсан үед худгаа асаах гэтэл болсонгүй, ийм явдал боллоо” гэж байлаа.
14.50 цаг. Ойн бүсэд ил гал түлж буй хүмүүсийг байгаль хамгаалагч Ц.Батзаяа дурандаж хараад ирж, болохгүй гэдгийг нь сануулжээ. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн гурван залуу, хоёр бүсгүй түүний үгэнд оролгүй, элдвээр харааж загнаж буйг утсаар мэдэгдсэний дагуу С.Хүрэлсүх газар дээр нь очлоо. Архи нь гараагүй зарим нь залуу байгаль хамгаалагчийн үгийг үл ойшоож байснаа С.Хүрэлсүхийг хармагц эрс өөрчлөгдөн галаа унтрааж, хорхгоо хийхээ больцгоов.
Тэндээсээ уулын тагд газар олгосон, хүмүүс кадастрын зургаа авхуулж, дугуйгаар шав тавьчихаад явсан гэх мэдээллийн дагуу газар дээр нь очиж үзэхээр боллоо. Тэгэх замдаа байгаль хамгаалагч Д.Төмөрбаатар, Ц.Батзаяа нарын суудаг байшингаар орж цайлчихаад гарсан юм. Энэ үед хашир хоёр ах нь залуу байгаль хамгаалагчдаа мотоциклтой явахдаа болгоомжлох, байнга холбоо харилцаатай байх, хамгаалалтын малгай өмсөж явах, хүнтэй зөв харилцахыг сануулж байлаа.
15.50 цаг. Сул шороо, хад асгатай уулын бартаан дундуур арай гэж туучсаар таг дээр нь гарахад хэдэн жилийн өмнө шатаж унасан хожуулууд дунд нийслэлийн Газрын албаныхан эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон бололтой. Хэрэв тэр газарт байшин барилга, хаусаа барихаар бол хамгийн багадаа шинээр, байгалийн жамаараа ургаж буй, 10-20 настай 30 гаруй шинэс устгахаар байгаа юм. Үүнийгээ газрын албаныхан бодолцдоггүй нь харамсал төрүүлж байлаа.
С.Хүрэлсүх, Д.Төмөрбаатар, Ц.Батзаяа нар залуу моддын насыг тодорхойлж, тухайн газрын координатыг тэмдэглэж аваад, байнга хяналт тавьж, бичиг баримтыг нь шалгаж байхаар болоод уулын тагаас буув.
16.30 цаг. Идэвхтэн байгаль хамгаалагч нэг иргэн утсаараа Д.Төмөрбаатар гуай руу залгаж, “Арго багшийн зуслангийн урд талд торлог тайрч, хашаа бариад байна” гэж мэдээлсний дагуу очиход хоёр залуу төмөр хашаа будаад зогсож байлаа. Тэд “Цалинтай ажил хийхээр бид энд ирээд будаж байна. Эзэн нь хотод байгаа. Хууль журам зөрчсөн юм бол будахаа болих уу” гэв. Тэнд хашаа барихдаа хэд хэдэн торлог огтолсон байсныг байгалиа гэсэн сэтгэлтэй иргэд харж мэдээлсэн нь энэ аж. С.Хүрэлсүх тухайн хашааны эзэнтэй утсаар холбогдож, даваа гарагт НБОГ-т бичиг баримттайгаа ирж уулзахыг сануулаад газрын зөвшөөрлийг нь нарийвчлан шалгахын тулд координатыг нь тодорхойлж, тайрсан торлогуудынх нь зургийг баримтжуулан авлаа.
18.00 цаг. Байгаль хамгаалагч С.Хүрэлсүхийн гэр оффис болсон Сэлбэ голын эхийн явган аяллын маршрутын хажууд хүмүүс гал түлж, шаардлага тавьсан идэвхтэний үгэнд орохгүй байгаа гэсэн мэдээлэл ирснээр тэрбээр хариуцсан 26 амныхаа ердөө дөрвөөр нь орчихоод буцах боллоо. 60-96 УБ.... дугаартай “Приус”-тэй таван хүн ой дотор гал түлж байсан агаад С.Хүрэлсүхийг “Ойд гал түлж болохгүй, тушаал шийдвэр гарсан, Гоодойд олон байшин шатсан тул түймрийн аюулаас сэрэмжилж ойд зугаалахыг хориглосон” гэхэд гэр бүлийн таван хүний нэг нь “Би машин засварын газар ажилладаг. Түймэр гарсан гэж дуулснаас биш хараагүй, хууль журам мэдэхгүй. Ханш нээснээс хойш шоргоолж хооллодог уламжлалтай. Тэр дагуу гэр бүлээрээ салхинд гарангаа энд ирсэн” хэмээн өөрийгөө өмөөрч байв. Олон жил байгаль хамгаалагч хийж, хүний ая эвийг олж сурсандаа ч тэр үү, С.Хүрэлсүх гуай торгохоо урьтал болгосонгүй, дээрх хүмүүст хууль сануулаад ойгоос гаргаж буцаасан юм. Түүгээр ч зогсохгүй, “Өдгөө хачиг их унаж байгаа. Хүүхдүүд чинь болон өөрсдөө толгой нүцгэн байна. Хусны хачиг маш аюултай учраас хүүхдүүдийнхээ малгайг өмсгөж яваарай. Шоргоолж хооллоно гэдэг буруу. Хоолноос болж хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг юм” хэмээн эцэг хүний захиас хэллээ.
18.30 цаг. Тэднийг ойгоос гаргаж явуулаад гэртээ ороход оройн нар ханын толгойд өгсжээ. Идэвхтэн байгаль хамгаалагч “Цай уучихаад ирэх хооронд “Приус”-тэй хүмүүс орсон байна” хэмээсээр орж ирлээ. Тэрбээр өдгөө улиралд 40 500 төгрөгийн урамшуулал авч, идэвхтэн байгаль хамгаалагчийн ажил хийдэг, машинаараа Цохиот хад, Борын рашаан чиглэлийн явган аяллын бүсэд хуримтлагдсан хог тээвэрлэдэг, С.Хүрэлсүхтэй хамт байгаль орчин, түүгээр зогсохгүй тухайн бүсэд барьсан жорлонг ч цэвэрлэдэг юм байна. Саяхнаас идэвхтэн байгаль хамгаалагчийн урамшууллыг улиралд 300 гаруй мянган төгрөг болгосон ч тэрбээр гар дээрээ уг урамшууллаа авч үзээгүй л байгаа аж.
23.00 цаг. Оройн хоол ундаа хийж идсээр байтал шөнө болов. Шөнө оройн цагаар гөрөөсний цус уух гэсэн хүмүүс хулгайн ан хийдэг тул тэрбээр их л сэрэмжтэй байсан юм. Яргуй идсэн гөрөөсний цус ууж, хууль бус ан хийдэг хүмүүсийг байгаль хамгаалагчид “Вампирууд” хэмээн нэрлэдэг аж. Гэтэл Цохиот хадны цаад талаас ATV, UTV хэмээдэг дөрвөн дугуйт мотоцикл хөлөглөсөн залуус Сэлбэ голын эхийн шавар, намагт “тоглож” байгаад явцгаав. Байгаль хамгаалагч С.Хүрэлсүх “Пробокс”-оо унан очихоор явсан ч замдаа шаварт суугаад хүрч чадсангүй, нөгөөдүүл нь хүчирхэг техникээрээ зугтан алга болцгоолоо.
Хавар яргуй ургасны дараа “вампирууд”-аас гадна түймэр тавьчихаж болзошгүй хүмүүсийн хойноос, зундаа халиар, намартаа самар, жимс түүгчдийн буруутай үйл ажиллагаанаас эх болсон байгаль дэлхийгээ хамгаалахын тулд хөөцөлдсөөр үүрийн таван жингээр босож, гэртээ үзэгдэхгүй шахам явсаар шөнийн бор хоногтоо орондоо хажуулсан болоод дараагийнхаа ажилд гардаг байгалиа гэсэн сэтгэлтэй, хотын ногоон бүсийн “ойн цагдаа”-гийн нэг өдрийн ажлын зураглал ийм буюу.