Нийслэлд түүхий нүүрс хэрэглэх, борлуулахыг бүрмөсөн хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол ирэх сарын 15-наас хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, Агаарын бохирдолтой тэмцэх газрынхан хамтран “Хүчээ нэгтгэе” хэлэлцүүлгийн хоёрдугаар шатны уулзалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Энэ удаа орон сууцны дулаалга, эрчим хүчний нөөцийн талаар санал солилцож, Агаар, орчны бохирдлын үндэсний хороонд санал хүргүүлсэн юм. Эрчим хүчээ хэмнэж, гэр хорооллын иргэдийг цахилгаанаар халаах, сайжруулсан түлш хэрэглэх, орон сууцаа дулаалах гэсэн богино хугацаанд авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын явц ямар байгааг холбогдох албаныхан хурлын үеэр танилцууллаа.
НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ НӨӨЦ ОДООГООР ДУТМАГ БАЙНА
Сайжруулсан түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж үзэж буйгаа “Таван толгой” компанийнхан хурлын үеэр онцолсон. Тэдний үйлдвэрлэсэн нүүрсний ашигт үйлийн коэффицент (ашигтай чадлыг бүх чадалд харьцуулсан хэмжигдэхүүн) боловсруулаагүй түлшнийхээс хоёр дахин их гэнэ. Өөрөөр хэлбэл,
сайжруулсан түлшний 70-80 хувь нь зуухан дотор бүрэн шатдаг тул дулаан ялгаруулалт нь сайн байдаг аж. Дулаан ялгаруулалт сайжирснаар хэрэглээ багасна гэж “Тавантолгой” компанийнхан үзжээ.
Нийслэлчүүд өдөрт дунджаар 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Сайжруулсныг хэрэглэснээр дээрх тоог хоёр дахин бууруулах боломжтой гэнэ. Мөн нүүрс шатаахад үүсдэг дэгдэмхий хорт бодисын хэмжээг хоёр дахин бага агуулсан учир агаарын бохирдлыг бууруулахад боловсруулсан нүүрс чухал ач холбогдолтой. Гэвч дотоодын хэрэгцээг бүрэн хангахад шаардагдах 600 мянган тонн нүүрснээс одоогийн байдлаар дөнгөж 50 мянгыг нь нөөцөлжээ.
Хуралд оролцсон, сайжруулсан түлш үйлдвэрлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнхэн энэ тоонд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм. “Хотын түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Амгалан “Тавантолгой” компанийнхан найман сарын хугацаанд 50 000 тонн нүүрс үйлдвэрлэжээ. Өвөл хүртэл долоон сарын хугацаа байна. Иргэд 9-11 дүгээр сард л нүүрсээ худалдаж авдаг. Тиймээс тухайн сард худалдах 550 000 тонн нүүрснээс ядаж талыг нь есдүгээр сард бэлэн байлгах ёстой. Найман сарын хугацаанд 50 000 тонн нүүрс үйлдвэрлэж байгаа хүмүүс долоохон сарын дотор дахиад 350 000 тонн-ыг үйлдвэрлэж чадах уу. Нөөц, бололцоо дутаж байгаа бол хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллахыг санал болгож байна. Нийслэлчүүдийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадахгүйгээ хүлээн зөвшөөрвөл нүүрс дахин боловсруулахад шаардагдах түүхий эдийг зөвхөн “Тавантолгой” компанийнханд бус, хувийн хэвшлүүддээ нийлүүлэх шаардлагатай. Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн 25 аж ахуйн нэгж түүхий эдийн хомсдолд орчихоод байна” гэсэн юм. Харин “Тавантолгой” компанийнхан “Бид өнгөрсөн хугацаанд үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулсан, нөөц бололцоогоо бүрэн ашиглавал цагт 40 000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой” гэсэн хариу өглөө. Үүнээс үзэхэд нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангах сайжруулсан түлшний нөөц одоогоор дутмаг байна. Сайжруулсан түлшийг тонныг нь 150 000, 25кг-ыг нь 3750 төгрөгөөр худалдахаар тооцжээ.
Ирэх өвлөөс өмнө нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангахуйц нүүрс үйлдвэрлэлээ ч хадгалах, зөөвөрлөх асуудлыг шийдэж бас л амжаагүй гэнэ. Сайжруулсан түлш хадгалах зориулалтаар 107 өрхийн 6.5 га газрыг нийслэлийн өмч болгон худалдан авчээ. Өдөрт 200 тонн нүүрс үйлдвэрлэхэд л толгодын дайтай болдог аж. Өдөр бүр ийм хэмжээний нүүрс олборлоход 6.5 га газар хаанаа ч хүрэхгүйг хувийн хэвшлийнхэн хэллээ. Хэрэв агуулах савгүй бол наранд хатаж, бороонд норсны улмаас сайжруулсан түлшний чанар муудах эрсдэлтэй.
Үүнээс гадна дүүрэг бүрт барихаар төлөвлөсөн 1000 тонн багтаамжтай агуулахаас нийслэлчүүдийн хэрэгцээг хангахын тулд өдөрт 500 “Портер”-оор түгээлт хийх шаардлага гарна. Дүүрэг бүрээс 500 “Портер” өдөр болгон түгээлт хийхэд замын хөдөлгөөний ачаалал яаж нэмэгдэх талаар хэн ч тооцоолоогүй гэнэ. Тиймээс тээвэрлэлт, хадгалалтын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хэлэлцүүлэгт оролцогчид Агаар, орчны бохирдлын үндэсний хорооныхонд сануулав.
БАЙГАЛИЙН ХИЙ БОЛОН ЦАХИЛГААНААР ГЭР, ОРОН СУУЦАА ХАЛААХ БОЛОМЖ ХЭР БАЙНА ВЭ
Улсын хэмжээнд эрчим хүч хэрэглэгч 685 мянган аж ахуйн нэгж, байгууллага бий бөгөөд өнгөрсөн онд 8.5 тэрбум кв/цаг эрчим хүч хэрэглэжээ. Үүний 55 хувийг 135 аж ахуй нэгж дангаараа хэрэглэсэн байна. Тиймээс эрчим хүч их зарцуулж байгаа газруудад хэмнэлт гаргавал, гэр хорооллын айлуудыг цахилгаанаар халаах боломж бүрдэх аж.
ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Ариунболд “Төрөөс баримтлах бодлогод айл өрх, аж ахуйн нэгж, алслагдсан суурин, баг, бие даасан хэрэглэгчийн эрчим хүчний хангамжид нар, салхи, шингэн болон хийн түлш, газрын гүний дулаан, бусад шинэ эх үүсвэр ашиглах, илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэх, түүнийг нь дэмжихийг тусгасан. Үүний хүрээнд хийх ажил урагшлахгүй байна”
гэв. Улсын хэмжээнд 259 сая кВт цаг эрчим хүч нөөцлөх боломжтойг тус яамныхан судалгаагаар баталжээ. 259 сая кВт цаг гэдэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтэн жилийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний эрчим хүч. Үйлчилгээ эрхлэгч 34 байгууллага лед гэрэлтүүлэгт шилжсэнээр 33 сая кВт эрчим хүч (6.5 тэрбум төгрөг) өнгөрсөн онд хэмнэсэн байна. Энэ жишгээр аж ахуйн нэгж бүр эрчим хүчээ хэмнэснээр хотын алслагдмал дүүрэгт амьдардаг айл, өрхүүдийг цахилгаанаар хангахад гардаг хүндрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж буйгаа яамныхан илэрхийлэв.
Эрчим хүчээ хэмнэхээс гадна байгалийн хий ашиглах боломжтойг ч холбогдох албаныхан дурдлаа. Улаанбаатараас зүүн урагш 130 орчим км-т байгалийн хий гаргаж авах үйлдвэр барих төслийг “UB metan” компанийнхан Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар оруулж, Эрчим хүчний яамныхантай хамтарч хэрэгжүүлэх болжээ. Тус үйлдвэр 1.3 сая шоо метр байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ. Тэндээс 70-80 мянган өрхийг байгалийн хийгээр хангах боломж бүрдэх нь.
Байгалийн хий ашиглах нь экологид сөрөг нөлөөгүй, үнэ хямд, шаталтын дулаан өндөр зэрэг давуу талтай бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндсэн аргын нэг. Холбогдох журамд заасан стандартаа мөрдвөл байгалийн хий ашиглахад ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй гэж НМХГ-ын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Зол дүгнэсэн. Түүнчлэн байгалийн хийг орон сууцны хоёроос дээш давхарт ашиглахыг хориглодог учир шинээр баригдах барилгуудад хийн түлш ашиглах боломжтой байхаар зураг төсөл боловсруулж, батлуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцлов.
“ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭВТРҮҮЛЭХ НЬ УТААГ БУУРУУЛАХАД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ” ГЭВ
Шингэрүүлсэн хийн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Баатардорж “Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд жилд 97 кг хорт бодис ялгаруулдаг. Хийн түлшээр явдаг тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлбэл дээрх тоог 100 хувь бууруулах боломжтой” гэв. Улаанбаатар хотод хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхгүй байгаа нь онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой гэнэ. Хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг багасгаж, дугаарын хязгаарлалтгүй зорчих зохицуулалтыг агаар, орчны бохирдлыг бууруулах төлөвлөгөөний 4.9.2-т заажээ. Гэвч 2017 онд баталсан уг заалт хэрэгжихгүй байгааг албаныхан шүүмжиллээ.
Мөн агаарын чанарыг бууруулахад мөрдөх журамд одоо ашиглаж байгаа зуухнуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбож, хийн болон цахилгаан халаалтын системд бүрэн шилжүүлэх ажлыг өнгөрсөн оны есдүгээр сарын 15-ны дотор зохион байгуулах ёстой байжээ. Бүх төрлийн хийн түлш ашигладаг аж ахуйн нэгж, айл, өрхөд урамшуулал, хөнгөлөлт олгоно гэж Агаарын тухай хуульд заасан ч хэрэгжихгүй байгааг үйлдвэрлэл эрхлэгчид онцлов.
Энэ мэт санал, санаачилгыг албаныхан, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд хэлэлцсэн ч цахилгаан болон хийгээр орон сууцаа халаахын давуу талыг иргэдэд хэн мэдээлж, яаж сурталчлах талаар ярилцсангүй. Түүхий нүүрс хэрэглэх нь цахилгаан болон хий ашигласнаас хамаагүй үнэтэй тусдаг болохыг хэлэлцүүлэг оролцсон судлаачид онцолсон. 30 жил нүүрс түлэхийн оронд байгалийн хий ашиглах, цахилгааны шугам сүлжээнд холбогдох нь эдийн засагт бодитой хэмнэлт үзүүлдэг аж.
Бэлтгэсэн: Г.Баясгалан