БНСУ-ын Биохими, Технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан байгальд ээлтэй гялгар уут гаргаж авах туршилт, судалгаа амжилттай болжээ.
Био хуванцар хэмээн нэрлэсэн эл зүйлийн орц найрлагад элсэн чихэр, эрдэнэ шиш, мод, сүрлийн нунтаг орсон гэнэ. Ингэснээр тус гялгар уут зургаан сарын дотор газарт 100 хувь шингэж, байгальд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж зохион бүтээгчид нь өнгөрсөн баасан гарагт мэдээлэв.
Уг гялгар уут даац, суналт сайтай бөгөөд одоо хэрэглэж буйгаас бараг хоёр дахин бат бөх юм байна. Судалгааны багийнхан “Өдөр тутам өргөн хэрэглэдэг гялгар уут, хүнсний скоч зэргээс дэлхий нийтээрээ татгалзаж байна. Бидний дараагийн зорилго бол бүх төрлийн хуванцар савнуудыг шинэчлэх” гэжээ.