Ямар нэг зүйлийг тусгайлан үзэж, сонирхох зорилготой аяллыг тусгай сонирхлын гэж тодотгодог. Энэ төрлийн аялалд явах хүний тоо жилээс жилд нэмэгдэж, өдгөө дэлхийн нийт жуулчдын 72.3 хувийг бүрдүүлэх болсон талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд (2017 оны) дурджээ. Харин манай аялал жуулчлалын зах зээлд тусгай сонирхлоор аялагчдын эзлэх хувь 10 хүрдэггүйг мэргэжилтнүүд хэлдэг.
Энэ нь Монголд тусгай сонирхлын аялал хөгжөөгүйтэй холбоотой гэж үздэг хүмүүс “Манайх эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй учир ийм аяллыг хөгжүүлэхэд саад болдог” хэмээн тайлбарладаг. Харин зарим нь “Монгол бол тусгай сонирхлын аяллын орон. Жуулчдыг гайхшируулах зүйл бишгүй” хэмээсэн. Ямартай ч БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хэдэн жилийн өмнө хамтран судалгаа хийгээд “Монголд 78 төрлийн аяллыг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой” гэж дүгнэжээ.
Засгийн газар аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлого баримталж буйтай холбоотойгоор орон нутгийнхан сүүлийн жилүүдэд энэ төрлийн аялал зохион байгуулж, турших болов. Хүрхрээ, нуур, агуй, үлэг гүрвэлийн мөр, галт уулын үлдэгдэл үзэх, шувуу ажиглах, шавж судлах зэрэг тусгай зорилготой, сонирхолтой аяллыг тур компаниуд болон хувь хүмүүс санал болгож эхэллээ.
Тусгай сонирхлын аяллуудаас манайд хамгийн өргөн дэлгэрсэн нь гэрэл зургийнх. Монголын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц ахуйг гадаадынхан байтугай дотоодынхон ч сонирхож, тэр бүхнийг гэрэл зургийн хальсанд буулгахыг хүсдэг нь нууц биш.
Баянхонгор аймгийн ЗДТГ, БОАЖГ, тус аймгийн Гэрэл зурагчдын холбооныхон нэгэн сонирхолтой аяллыг энэ өдрүүдэд анх удаа зохион байгуулж байна. Зэрлэг амьтдыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой эл аяллыг зохион байгуулагчид “Энэ аялалд явсан хүмүүс хонгор нутгийн түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтад, ургамлын зураг авахаас гадна тэдгээрийн талаарх мэдээллийг тусгай санд оруулж, бүртгүүлэх, улмаар бүтээл туурвилд ашиглан, Монгол орноо сурталчилна” гэв.
Түүнчлэн зэрлэг амьтдын өвөлжилтийг тандах давхар зорилготойг тодотголоо. Энэ сарын 27-нд Баянхонгороос гараагаа эхлүүлсэн аялагчид Уран хайрхан, Тээг уул, Бөөн цагаан нуур, Хар аргалант уул гэсэн чиглэлээр 600 км зам явж, аялагчдыг аргаль, янгир, орсон буур, ирвэс зэрэг амьтадтай уулзуулна.
Ташрамд дуулгахад, Дорноговь аймгийн БОАЖГ-ынхан говь нутгийг сурталчлах зорилготой “Хотод ойрхон говь” тусгай сонирхлын аяллыг жуулчны баазууддаа түшиглэн жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.