Иргэд фэйсбүүкт “10 жилийн өмнө ба одоо” давлагаа өрнүүлээд багагүй хугацаа үдэв. Олонх нь 10 жилийн өмнөх гэрэл зургаа одоогийнхтой харьцуулан тавьж, энэ хугацаанд ямар өөрчлөлт гарсныг нүүр номын найзуудаараа “шүүлгэж” байна.
Энэ давалгаанд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан нэгдэж, дээрх зургийг тавьсан нь анхаарал татав. Энэ бол Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Тунгалагийн эх хэмээх булаг. Нэгэн цагт гол ус бараадсан хүн, малын хөлд талхлагдан Ганга нууртай ижил зовлонд унасан булаг хэрхэн сэргэж, өнгө зассаныг эл зургаар харуулжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “2006 онд Тунгалагийн эх хүн, мал ундаалах аргагүй болтлоо бохирдож, зарим хэсгээрээ шургасан.
Манай байгууллага 2008 оноос нутгийн иргэдтэй хамтран булгийн эхийг хашиж, төсөл хэрэгжүүлснээр эргэн сэргэсэн. Одоо энэ булаг дөрвөн км урсаж байна. Ингэснээр таван хошуу мал төдийгүй дэлхийд нэн ховор монгол бөхөн ундаалах боломж бүрдсэн. Энэ эерэг өөрчлөлтийг тус зургаар харуулахыг зорьсон” гэв.