Арслан заан, зэрлэг үхэр, ноост хирстэй хөршлөн амьдарч байсан монгол бөхөн 250 мянга гаруй жилийн турш хууль бус агнуур, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол зэрэг олон бэрхшээл даван туулсаар өдий хүрсэн. Өдгөө ч түүнд зовлон их. Бэлчээрийн хомсдол, цочир хүйтрэл зэргээс болж идэш тэжээл хайн уудам зайд тархан байрших болсныг судлаачид хэлж байна. Байгалийн үнэт өв болон Монголын тал нутагт одоо ч идээшилж буй бөхөн хомсдоход хулгайн анчид ч “нэмэртэй”.
Казахстан улсад бөхөнг хулгайн анчдаас хамгаалахын тулд 10 гаруй сая га газарт бүхэл бүтэн “арми” ажиллуулдаг аж. Хулгайн анчдыг хянах зорилготой мэргэжилтнүүд тусгай багаж хэрэгсэл ашиглан бөхөнгийн сүрэг, бэлчээрийн хомсдолыг судалдаг аж. Харин манай байгаль хамгаалагчид бөхөн тоолохдоо бүх нутгаар явах хэрэгтэй болдог. Учир нь бөхөн нутагладаг газарт бэлчээр хомсдосноос тэд нутаг сэлгэхээс өөр аргагүйд хүрдэг. Ингэснээр тооллого, судалгаа хийхэд хүндрэлтэй болжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан нутгийн малчидтай хамтран хулгайн анчдаас бөхөнг хамгаалах зорилготой шалгалтыг сард нэг удаа хийдэг гэнэ.
Тус газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бөхөнгийн тархцад хийсэн судалгаагаар 3000 гаруй толгой үлдсэнийг тогтоожээ. Энэ тоог 2017 оныхтой харьцуулбал 40 хувиар буурсан үзүүлэлт. Харин Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтнүүд энэ сарын 4-нд дахин тооллого хийсэн ч бөхөнгийн тоо толгой яаж өөрчлөгдсөнийг илтгэх нарийн тооцоо гаргаагүй гэсэн. Тэдний ажиглалт хийсэн нутагт 1000 гаруй бөхөн байсан гэнэ. Гэхдээ энэ нь монгол дахь бөхөнгийн тоо толгойг илтгэх тоо биш аж. Бөхөнгийн тархац нутгаар нэгбүрчлэн явж тооллого хийх боломж хомс тул дээрх тоог боловсруулж багцаа дүн мэдээ гаргадаг байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын амьтны зүйл хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга “Өнгөрсөн жил 3000 гаруй бөхөн бий гэсэн тоо гаргахдаа нүдээр 500 гаруйг тоолсон. Харин энэ жил 1000 орчим бөхөн тооллоо. Өнгөрсөн жил 500-г бүртгэж 3000 бөхөн байна гэж мэдээлсэн ч 1000-ыг тоолсноор 6000 бөхөн бий гэсэн дүн гарна гэсэн үг биш. Амьтан харсан зай, мал сүргийн нутагшил зэргийг тооцоолж эцсийн дүнг зарлана. Манай оронд бөхөн хамгаалах чиглэлээр ажилладаг хүн хомс. Тиймдээ ч 2003 оноос орон нутгийн иргэдийг байгаль хамгаалагч болгон мэргэшүүлж бөхөн хамгаалах үйлсэд оролцуулсан. Манай байгууллага өнгөрсөн жилийн зуднаар өвс, тэжээл тавих зэргээр биотехникийн арга хэмжээ авсан. Мөн бөхөнгийн нутгаар сар бүр эргүүл хийж, хүзүүвч
...Ургамал ч мөн бөхөнгөөс төрөл бүрийн ашиг хүртдэг байна. Хоргол, болон үхсэн бөхөнгийн сэг зэм микро организмуудын тусламжтайгаар задарч ургамалд хэрэгтэй бордоо болдог аж. Бас нэг чухал үүрэг нь чийг хангалтгүй экосистемд ургамлын унасан навч, иш чийгтэй ойнхоос илүү удаан ялзардаг. Тэдгээрийн үүссэн давхраа ургамлын өсөлтөд саад болдог. Бөхөн түүнийг туурайгаараа бутлан, хооллож ургамал ургахад сайнаар нөлөөлдөг байна...
зүүн шилжилт хөдөлгөөнийг нь судалж байгаа. Сар шинийн дараа нөхцөл байдалтай дахин танилцана. Бөхөн зориудаар тавьсан идэж тэжээл, өвсийг өмнө нь иддэггүй байсан бол одоо иддэг болсон. Бөхөн хүний тавьсан тэжээлийг идэхгүй байсан нь буруу ургамал авчирсантай холбоотой байсан” гэв.
Харин Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын байгаль хамгаалагч Т.Ганбаатараас энэ жилийн нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Алтай Соёны экобүсийн Хөөтийн говиос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бөхөнгийн сэг зэм олсон. Монгол бөхөн гялгар уут идэж, ходоод нь задалж дийлэлгүй үхсэн тохиолдол гарсан. Хүмүүс гялгар уутыг сүүлийн жилүүдэд ихээр хэрэглэх боллоо. Энэ нь говь цөлийн ховор амьтдын тоо толгойд сөргөөр нөлөөлж буй. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй дулаан байгаа ч бөхөнгийн идэш тэжээл нь хомс, зутруухан байна. Гэхдээ цас багатай, газар бараан байгаа учир бөхөн гялгар уут идсэн тохиолдол дахиж гараагүй. Би сард хоёр удаа модариторинг судалгаа хийдэг. Эхний ажиглалтаар буюу өнгөрсөн гуравдугаар сард 1500 орчим бөхөн байв. Одоо орооны үе эхэлж буй учир бөхөн цөөн, цөөнөөр сүрэглэх боллоо.
Орооны үе эхлэхээс өмнө 200 гаруй бөхөн сүрэглэдэг байсан бол энэ сарын 26-нд хийсэн судалгаагаар дээд тал нь 40-хөн бэлчиж байна. Бөхөн төллөхдөө ганц ганцаар тархдаг тул цоохор ирвэс, чононд бариулах тохиолдол олон. Тэдгээр амьтан хоорондоо гинжин холбоосоор зохицон амьдарч, экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг ч төллөлтийн үед дөнгөж төрсөн бөхөн бариулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Бид төллөлтийн үед хяналт, шалгалт хийдэг ч ганц хоёроор явдаг учир хүч дутдаг. Их хүйтэнд унаа, түлш зэрэг гачигдалтай зүйл олон. Ялангуяа өвлийн улиралд цаг агаар хасах 30 градусаас буудаггүй. Энэ үеэр мотоциклтой явж судалгаа хийхэд бэрх. Гаднын дэвшилт технологи нэвтрүүлбэл бидэнд их нэмэртэй. Хамгийн сүүлд дохиолол дамжуулагч ашиглах аргачлалаа өөрчилсөн. Хүйсийн говь, Дөргөний тал зэрэг хяналт хийсэн газраар явахдаа судалгаа эхэлсэн, дууссан цэг, цаг хугацаа зэрэг бүх мэдээллээ компьютерт оруулдаг болсон. Тийм л дэвшилт ажил хийснээс өөр зүйлгүй” гэв.
250 мянган жилийн тэртээгээс олон бэрхшээлийг туулж монголдоо үлдсэн “унжуу хошуут”-ыг гялгар уут хүртэл “дээрэлхэх” болсон нь дээрх жишээнээс илэрхий. Түүнчлэн бөхөн хамгаалагчдад зориулалтын хэрэгсэл, унаа тэрэг, технологийн бэрхшээлээс үүдэн бөхөнгийн тоог мэргэжилтнүүд ч нарийвчлан хэлж чадахгүй байна. Нарийвчилсан тоо гаргаснаар энэ амьтныг хамгаалах зохистой арга хэмжээ авах боломж бүрдэнэ.
Бөхөнг Монголд нь үлдээхийн тулд зөвхөн мэргэжилтнүүд бус нутгийн иргэд ч гар бие оролцох нь зүйтэйг албаны хүмүүс хэлж буй. Судлаачдын хэлснээр нутгийн иргэд эдийн засгийн хямрал болон бөхөн уствал ямар эрсдэлтэйг мэдэхгүйгээсээ хулгайн анчдыг өдөөдөг аж.
Уг нь бөхөн малын иддэггүй өвсийг шилж бэлчдэг. Цөлд ус ховор, өвс ургамал нь сийрэг, хөрсний үржил шим муу, зундаа халуун, өвөл хатуу ширүүн эрс тэс уур амьсгалтай. Ийм нөхцөлд амьтад байх хэцүү ч бөхөн дээрх нөхцөлийг давах биологийн хэд хэдэн зохилдлоготой. Мал өвслөг ургамлыг иддэг бол бөхөн цөлийн баглуу, бударгана зэргээр хооллодог. Ургамал ч мөн бөхөнгөөс төрөл бүрийн ашиг хүртдэг байна. Хоргол, болон үхсэн бөхөнгийн сэг зэм микро организмуудын тусламжтайгаар задарч ургамалд хэрэгтэй бордоо болдог аж. Бас нэг чухал үүрэг нь чийг хангалтгүй экосистемд ургамлын унасан навч, иш чийгтэй ойнхоос илүү удаан ялзардаг. Тэдгээрийн үүссэн давхраа ургамлын өсөлтөд саад болдог. Бөхөн түүнийг туурайгаараа бутлан, хооллож ургамал ургахад сайнаар нөлөөлдөг байна.
Түүнээс гадна бөхөн чоно, хярс, зэрлэг нохой, бүргэд, тас зэрлэг махчин амьтдын идэш болдог. Хэрэв бөхөн уствал цөлийн махчин амьтад хоол тэжээлийн хомсдолд орж мал сүрэг барьж идэх нь ихсэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулсаар буй.
Ус багатай цөлийн эзлэх газар нутаг том. Энэ экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд бөхөнгийн популяц ч том байх хэрэгтэй. Тиймээс бөхөнгийн үржлийг сайжруулах шаардлагатай аж. Цаг агаарын тааламжтай нөхцөлд ихэнх бөхөн ихэрлэдэг онцлогтой. Гэсэн ч хулгайн анчид бөхөнг автомашин, мотоциклтой хөөхөд шаргачин хээл хаях нь элбэг. Зөвхөн хулгайн анчин гэлтгүй бөхөн харсан жуулчид автомашинтайгаа давхиж, хурдыг нь сорьдог. Бөхөн ойртон ирсэн аюулаас зугтаж л биеэ хамгаалдаг учир дөрвөн хөлийн хурдандаа эрэмшин давхиж, автомашины урдуур тойрч гарах гэж хичээдэг гэнэ. Сүрэглэн бэлчиж буй бөхөн тойрог үүсгэн чоно, ирвэс зэрэг махчин амьтдаас өөрсдийгөө хамгаалдаг. Ирвэс гэхэд зөвхөн ганц бөхөнг онцолж ноцдог. Харин олон бөхөн урдуур нь давхихаар алийг нь барихаа мэдэхээ больдог гэнэ. Автомашин ойртож ирмэгц аюулаас өөрийгөө хамгаалах гэж хурдалдаг байна. Иргэд түүнийг нь мэдэхгүйгээс өөрсөдтэй нь уралдаж байна хэмээн эндүүрдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дах хөтөлбөрийн газрын амьтны зүйл хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга хэлсэн.
Байгалийн гинжин холбоосыг алдагдуулахгүйн тулд үржлийг нь сайжруулж, төллөлдөг бүс нутгийг нь тусгай хамгаалалтад авах, бөхөнгийн генийн чадамжийн судалгааг нарийвчлан хийж сүргийг нь хадгалах бодлого боловсруулах зайлшгүй шаардлагатайг судлаачид онцолсон. Уг нь “унжуу хошуут” алтнаас үнэтэй байгалийн амьд үзүүлэн. Дорнын анагаах ухаанд ч ач холбогдолтой гэх нь бий. Хэрэв бид энэ амьтны тоо толгойг үржүүлж, тогтвортой хэмжээнд барьж чадвал үр өгөөжөө төдий чинээгээр өгөх сайн талтай аж.
Бөхөнгийн тоо толгойг зохистой хэмжээнд байлгахын тулд сэргээн нутагшуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүйсийн говь, Дөргөний тал нутагт хүйтэрч зуд болбол ганц байгаа популяц устана. Тиймээс өмнө нутаглаж байсан бүс газарт тусгайлан жижиг популяц үүсгэх хэрэгтэй ажээ. Үүнийг хийхийн тулд тэнд бөхөн нутагших боломж, идэш тэжээлийн хомсдол, махчин амьтны тархац хэр их байгааг судлах шаардлага буй гэнэ.
Зуу зуун жилийн тэртээгээс Монголд үүрд нутаглахаар заяасан үүрийн шаргал өнгөтэй хөөрхий бөхөнгийн хувь заяа хэрхэх бол.
Бэлтгэсэн: Г.Баясгалан