Монголчууд гадаа ч, цахим орчинд ч хорт утаанд утуулж, угаартаж, ёстой л амь тэмцэн сарвалзаж эхэллээ. Төрөөд хэдхэн хонож буй бяцхан үрээ гэрийн бараа харуулж чадалгүй эмнэлэг сахисан залуу ээжүүд цөхрөнгөө барж байна. Удахгүй шинэ хүнээ өлгийдөж, бүл нэмэх залуу хос айдас хүйдсээр дүүрэн ирээдүй рүү зориг муутайхан алхаж явна. Бяцхан уушги нь жилийн жилд хорт бодисоор “угаагдах” балчир үрсээ өрөвдөх эцэг, эхчүүд аргаа барсандаа харийн оронд амьдрах сонголтгүй сонголттой нүүр тулгарах боллоо.
Хүүхдээ эмнэлэг, сувилал бараадуулах хүсэлтэй нэг нь боломж, бэнчингүйдээ гутарч сууна. Заримд нь мөнгө байгаад ч эмнэлэг олдохгүй хясна. Эмнэлгүүдийн ачааллыг харуулсан нүд халтирам зураг, агаарын бохирдлын талаарх цочирдом судалгаа, баримт бидэнтэй өдөр бүр олон нийтийн сүлжээнд “мэндчилж”, утааны заналхийллийг байнга сануулж буй. Амьдралын төлөөх тэмцэл Монголд л жинхэнэ утгаараа өрнөж байна уу гэлтэй аймшигт дүр зургийг агаарын бохирдол хэмээх “мангас” бий болгожээ.
Гэхдээ энэ бүхэн удахгүй намжина. Утаа “арилна”. Сошиал дахь утааны зургууд Цагаан сарын гоёл, бууз, банш, бэлэг сэлтээр солигдоно. Урь орохтой зэрэгцээд утаанд хордсон хүмүүсийн угаар тайлагдаж, бага багаар зовлонгоо мартана. Дараа нь “Мартын 8”, Цэргийн баяр, Эх үрсийн баяр, тэгээд наадам болж, монголчууд амралт, зугаа цэнгэлдээ “пологтоно”. Ингээд хичээлийн шинэ жилийн дараа өнөөх гамшиг айсуйг хүн бүхэн санаж, шаналж эхлэх нь гарцаагүй. Яг энэ үеэс утаанаас үүдэлтэй бухимдал хэрээс хэтэрч, дээрх танил дүр зураг сошиалд ч, нийгэмд ч үүсэх нь тодорхой. Гэхдээ тэр үед хорт утаа энэ жил, түүний өмнөхөөс ч хэд дахин ихэссэн байх магадлал өндөр. Гэвч манай төр, засаг, агаарын бохирдол хариуцсан шат шатны байгууллагууд биднийг чимээгүйхэн харж, хавар, зуныг мөрөөдсөөр сууна. Яг л одоогийнх шигээ. Тэд сүүлийн хоёр жилд юу ч хийсэнгүй.
АЙВ УУ, БУУЖ ӨГӨВ ҮҮ
“Утааг хэдхэн сар, эсвэл жилийн дотор бууруулах боломжгүй. Урт хугацааны шийдэл хэрэгтэй. Ганцхан аргаар ч буулгаж авч чадахгүй. Урт, дунд, богино хугацааны олон шийдэл хавсран хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ”. Агаарын бохирдлын асуудал хариуцсан хүмүүсийн байнга хэлдэг тайлбар нь энэ. Гэхдээ энэ нь унтууцсан иргэдээ тайвшруулж, амыг нь таглах хий хоосон мэдэмхийрэл төдий үг гэдэг нь илэрхий боллоо. “Монголчууд утаатай ингэж тэмцэж байна. 2017, 2018 онд ийм ажил хийлээ” гээд дүгнээд хэлчих гэхээр үнэндээ юу ч алга. Харин “Ийм төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж эртнээс сүржигнэж, олны дунд цахим хэлэлцүүлэг өрнүүлэх замаар байр байдлыг нь тандаад, шүүмжлэлийн давалгаанд өртөхөөрөө өнөөхөө орхичихдог моод дэлгэрэв. Дараа нь “Энэ төслийг хэрэгжүүлсэн бол Улаанбаатарын утааг төдөн хувиар бууруулах боломжтой байсан. Холбоотой тооцоо, судалгааг мэргэжлийн хүмүүсээр хийлгэсэн. Даанч дэмжсэнгүй” гэж учирлах нь “Та нар л утаатай тэмцэх гэхээр хөдөлгөхгүй байна. Уг нь ийм боломж байсан” хэмээн өөрсдийгөө уснаас хуурай авч гарах шалтгаан болов. Баримт дурдъя.
...“Засгийн газар хөрөнгийг нь шийдэж, хэдийн захиалсан” гэж худлаа хэлсэн нь ч нэг их удалгүй баригдсан билээ. Ингээд улаанбаатарчууд 2018 оны өвлийг бараа сураггүй туршилтын төсөл, нүдэнд үзэгддэггүй индукцэн төхөөрөмжтэй үдэв...
2017 оны намар. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан энэ үед “Ирэх өвөл зорилтот бүлгийн 4700 өрхөд сайжруулсан түлш тараана” хэмээн хэвлэлийн хурал хийж, иргэдээс нэлээд шүүмжлэл хүртэж бангадуулсан. Тус газрын дарга М.Дэлгэрэх эл мэдэгдлээрээ нийслэлчүүдэд танил болсон гэхэд хилсдэхгүй. “Зорилтот буюу агаарын бохирдлын голомт бүхий бүсэд амьдардаг өрхүүд рүү чиглэсэн ийм арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй. Тэднийг сайжруулсан түлшээр хангаснаар утаа 10-20 хувиар буурна” хэмээн итгэлтэй, шийдэмгий гэгч мэдэгдсэн албан тушаалтнууд сар гаруйн хугацаанд үргэлжилсэн цахим “хэлэлцүүлэг”-ийн үр дүнд энэ шийдвэрээсээ буцсан юм. Харин үүний дараа “алтан” шүүлтүүрийн үлгэр үргэлжилсэн. Японы “Комотех” компанийн үйлдвэрлэсэн, тус бүр нь 45 сая төгрөгийн үнэтэй утаа шүүгчийг эхний ээлжинд нийтийн тээврийн 340 хэрэгсэлд, яваандаа бүх автобусанд суурилуулна гэж мэргэжилтнүүд тухайн үед мэдээлсэн. Үүнд ЖАИКА-гийн буцалтгүй тусламжаар таван сая ам.доллар зарцуулахаар талууд гар, хөлөө барилцаж, өнөө, маргаашгүй ажил хэрэг болгоно гэж байсан ч бас л замхарсан. Тэд 2017 оны өвөл нийслэлчүүдийн дунд алтан шүүлтүүр, сайжруулсан түлш гэсэн хэрүүлийн алим шидэж орхиод, их ажил хийх гэж байгаа дүр эсгэн өвлийг барсан. Энэ үед тогтвортой, тууштай хэрэгжүүлсэн ганц ажил нь цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт байв. Бас нэг “гавьяа” нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Агаарын чанарын хяналтын хэлтэс байгуулсан явдал. Ингэхэд тэд юу хийдэг юм бол.
2018 оны намар. Агаарын бохирдолтой амаараа тэмцэгчид 2018 онд ажлаа харьцангуй эрт эхлүүлсэн. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг наймдугаар сард
“Түүхий нүүрс хориглох шийдвэртэй холбоотойгоор Баянхошуунд туршилтын төсөл хэрэгжүүлж, 20 мянган өрхөд 80 мянган тонн түлш тараана. Гэр хорооллынхны сайжруулсан түлшний жилийн хэрэгцээг хангахад багадаа 600 мянган тонныг үйлдвэрлэх шаардлагатай. Тиймээс туршилтын шугамаар хэрэгжүүлж, сайн, муугаа эртхэн мэдэх хэрэгтэй”
гэж ярьж байв. Үүнээс хойш таван сарын хугацаа өнгөрлөө. Туршилтын төслийн сураг ч алга. Баянхошууныхан түүхий нүүрстэй зууралдсан хэвээр. Харин нийлүүлэгчид тус бүсэд бүтээгдэхүүнээ борлуулаад хоёр сар гаруйн хугацаа үдлээ.
Үүний дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сард БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ээлжит шүүмжлэлийн бай болов. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог ахалдаг тэрбээр “Утаа шүүдэг индукцэн төхөөрөмжийг гэр хорооллын айлуудын тэн хагаст нь тараана. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадна. Тус бүр нь 250 ам.долларын үнэтэй төхөөрөмжийг 200-гаар авахаар болж, Засгийн газар хөрөнгийг нь шийдэн, захиалсан” хэмээн мэдээлсэн. “Зуух, түлш, утаа шүүгчтэй зууралдлаа гэж шүүмжлэх юм. Одоохондоо үүн шиг оновчтой шийдэл байхгүй шүү дээ” хэмээн загнах, учирлахын завсар сүрхий мэдэгдэл хийсэн тэрбээр болон санаачилсан төсөл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр хэдэн өдөр “балбуулсны” дүнд сарнисан. “Засгийн газар хөрөнгийг нь шийдэж, хэдийн захиалсан” гэж худлаа хэлсэн нь ч нэг их удалгүй баригдсан билээ. Ингээд улаанбаатарчууд 2018 оны өвлийг бараа сураггүй туршилтын төсөл, нүдэнд үзэгддэггүй индукцэн төхөөрөмжтэй үдэв. 2017 оноос ялгаатай нь, агаарын бохирдлын асуудал хариуцсан албан тушаалтан, мэргэжилтнүүд ам таглах бас нэг үгтэй болж. Тэр нь түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон 62 дугаар тогтоол. “Юу хийж байна вэ” гэж тэднээс асуувал “Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна” хэмээвэл бүү гайхаарай.
“Улаанбаатарын утаатай салхи л тэмцэж байна” хэмээх егөө үг манайхны дунд дэлгэрсэн. Үүн шиг үнэн үг алга. Утаатай Улаанбаатарын сүүлийн хоёр жилийн зураглалыг ажихад, салхи, шөнийн цахилгааны хөнгөлөлт хоёр л утаатай тууштай тэмцэж байна гэмээр. Үүнээс өмнөх жилүүдэд хэчнээн шүүмжлүүлж, баалуулж байсан ч тэд ямар нэг зүйл хийдэг байв. Харин одоо юу ч хийхээ больжээ. Тэдний яриад буй өнөөх үр дүнтэй шийдэл нь юу ч хийлгүй, цаг хугацаанд даатгах биш л байлтай.
2019.01.16 18.05 цаг. Энэ үед Баянхошуунд агаарын чанарын индекс 502 буюу маш их бохирдолтой байсныг аgaar.mn цахим хуудсанд сайт мэдээллээ. Иргэд зургийг нь авч баталгаажуулаад, сэрэмжлүүлж байна. Шаардлагагүй бол гарахгүй байхыг, амны хаалт тогтмол зүүж хэвшихийг зөвлөх болж. Утаатай Улаанбаатарын уйтай зураглал ийм л байна.