Нийслэлийн Байгаль орчны газрын даргын тушаалаар ойн сан, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд шинээр барилга, байгууламж, хашаа бариулсан тохиолдол бүрд нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчид сахилгын шийтгэл ногдуулж байхаар боллоо. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчид ойн бүсэд зөрчил гаргасан иргэнд хариуцлага тооцох бүрэн эрхтэй болжээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэд тодорхой хугацааны давтамжтай авагдсан сансрын зургийн мэдээллийн санг эх сурвалж болгон ашиглах аж.
Засгийн газрын тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан ногоон бүсийн ойн санд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, ойн сантай нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг сахиулах зорилгоор байгаль хамгаалагчийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай болсон байна.