-Ойгоос эгшиглэдэг тэрхүү гайхалтай симфони нь сая сая жилийн хувьслын явцад төгс төгөлдөр болсон байгаль эхийн дохио юм-
...За тэр, урамдаж эхэллээ. Сонсож байна уу, миний охин хэмээн аав минь надад хэлэхдээ шивнэх нь холгүй өгүүлэв. Одоо бодох нь ээ, чухам тэр үед аавын минь нүдэнд гэрэл гялсхийх шиг болж билээ. Дуурайж аялахын аргагүй тийм нэг сонин содон дууг сонсоод би эгээ л инээчихсэнгүй. Учир нь, тухайн үед би мөнөөх буганаас арай өөр хоолой, өөр өнгөөр, бас их уянгалаг дуу хүлээж байсан болохоор тэр. Өнгөрсөн хавраас хойш “Охиндоо энэ намар буга урамдахыг сонсгоно оо, хамт ойгоор явна” хэмээсэн аавын амлалт биелж байгаа нь энэ.
Хэдийгээр буга нэлээд зайтай ч урамдах нь бидэнд хангалттай сайн сонсогдож байлаа. Гэхдээ л хүүхэд юм хойно яаж зүгээр байх вэ. “Аав, дахиад жаахан ойртоё л доо, надад сайн сонсогдохгүй байна” гэж зөрж нэг үзлээ. Харин аав минь тэр үед “Хоёулаа энэ модны доор жаахан хэвтье. Миний охин нүдээ аниад дахиад сонс. Энэ буганаас гадна зөндөө олон гоё юм сонсогдоно” гээд нөмөрч явсан борооны ногоон цуваа дэлгээд хэвтээд өгөв. Хэвтэнэ гэхийг нь сонсоод эхлээд жаал дургүйцсэн ч зөрж чадсангүй. Хажууд нь эгц дээшээ харж хэвтээд, модны оройг хэсэг харлаа, нүдээ аньж хэсэг хэвтлээ.
Харин яг тэр үед ой гэх “амьгүй” мэт энэхүү асар том орон зайд үгээр илэрхийлэхэд бэрх тийм нэг хөг аялгуу сонсогдох шиг болсон юм. Шувууд тасралтгүй жиргэхтэй зэрэгцээд элдэв шавж, ялааны дүнгэнээ, навчсын сэрчигнээн, хаа нэгтээ идшээ хайх тоншуулын тогшоо гээд. Бүгд хоорондоо ярьж тохирсон мэт. Хэн нэгэн удирдаж буй мэт чихэнд таатай хөг аялгууг Хан Хэнтий уулын ойд анх удаа ийн мэдэрч билээ.
Нүдээ аньсан чигтээ анхаарлаа хормын төдийд төвлөрүүлэхэд харснаас илүүтэй мэдээлэл хүлээн авдгийг шинжлэх ухаанаар тогтоосон байдаг. Тэрчлэн ойгоос эгшиглэдэг тэрхүү гайхалтай симфони нь хөгжим биш, харин сая сая жилийн хувьслын явцад төгс төгөлдөр болсон байгаль эхийн дохио юм гэдгийг ухан ойлгосон юм. Цаашлаад ойн симфони улирал улиралд өөр өөрөөр сонсогддог.
Алтан гургалдайн овогт гэхэд 4000 гаруй төрлийн уран дууч шувууд багтдаг гэсэн статистик бий. Тэд доод төвөнхийнхөө булчингаар донгоддог бөгөөд энэ зохицол нь тэрхүү гайхалтай дуу хоолойг гаргахад тусалдаг аж. Алтан гургалдай хамтдаа байхдаа яг л бүхэл бүтэн цогц бүтээлийг “тоглож” чаддаг.
Өнөө цагт хүн төрөлхтний хөгжил, техник, технологийн дэвшлийн нөлөөгөөр ойн нам гүм байдал, хөгжим эгшгийн хөг алдагдсаар байгаа юм. Энэ нь даамжирсаар биологийн олон янз байдал, төрөл зүйлүүдийн тоо толгойд ч нөлөөлж эхэлсэн талаар эрдэмтэд анхааруулах боллоо. Зарим оронд тусгай хамгаалалттай газар нутаг, цаашлаад дархан цаазат бүсэд нутагладаг амьтад хүртэл дуу чимээний бохирдлын нөлөөнд автах болжээ.
Судалгаагаар тогтоогдсон жишээ татахад, Африкт авто замаас 30 метр ба түүнээс бага зайд нутагладаг бич, сармагчны тоо толгой сүүлийн хориод жилд 45 хүртэл хувиар буурсан байна. Мөн Нидерландын ойн шувууны 60 орчим хувь дуу чимээнээс дайждаг нь батлагджээ. Монгол Улсын хувьд харамсалтай нь энэ талын судалгааг өнөөг хүртэл хийгээгүй байна.
Хувьсал
Монгол орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг даган ургасан гэдгээрээ биологийн олон янз байдлын амьдрах орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгддөг.
Тэгвэл ой гэж чухам яг юуг хэлээд байна вэ? Яг хэзээ, хэрхэн үүсэж, хүн төрөлхтний амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болж хувирав? Тоон үзүүлэлтийг харъя. Цэнхэр гаргийн гуравны нэгийг буюу дөрвөн тэрбум га газрыг ой эзлэн оршиж байна. Хамгийн энгийн тайлбарыг сөхвөл, модлог ургамал ноёрхсон эко системийг ой гэж нэрлээд байгаа юм. Түүний амьд бүрэлдэхүүнд мод, сөөг, сөөгөнцөр, өвслөг ургамал, хөвд, мөөг, замаг, хаг шавж, амьтад, шувууд, сээр нуруугүйтэн, ургамал болон бичил организм гээд бүгд хамаарна. Энэ бүхэн өөр хоорондоо, бас бусад амьгүй бүрэлдэхүүн хэсэгтэй харилцан уялдаатай оршдог.
...2008 онд Швед улсад олдсон нэгэн гацуурын ёзоор 9550 жил болсон бөгөөд эргэн тойрныхоо мододтой генийн ижил шинж тэмдэгтэй болох нь тогтоогджээ... |
Харин одоо шинжлэх ухааны тайлбарыг сонирхоорой. Дэлхий дээр анхны асар том намган ой 350-280 сая жилийн тэртээ үүссэн хэмээн судлаачид үзжээ. Өдгөө чулуун нүүрс болон үлдсэн, төрөл зүйлс нь хэдийн устаж үгүй болсон модод ургадаг байв. Ийнхүү олон сая жилийн хувьслын явцад анхны моддын төрөл зүйл болох шилмүүст модод буюу намгийн майлаас, хар мод бүхий ой үүссэн байна. Харин навчит модод болох эвэр мод, бургас, царс, нүргэс барагцаалбал 60 сая жилийн өмнөөс л үүсэн бүрэлдсэн гэж түүхэнд бичигджээ. Ойролцоогоор нэг сая жилийн өмнө анхны том хэмжээний ойн мөхөл мөстлөгийн үеэс эхлэн манай тооллоос өмнөх 8000 жилийг хүртэл үргэлжилсэн гээд бод доо. Чухам тэр үед төв Европт хус, царс, хайлаас, агч болон бодь гэх мэт мод л үлдсэн байна. Үүнээс хойш 1000 жилийн дараагаар л эвэр болон гацуур модод нөхөн ургаж эхэлжээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 0.5 га-гаас багагүй талбайд орших нас бие гүйцсэн мод дор хаяж таван метр өндөр, титмийн бүдүүрэл нь 10 хувиас доошгүй байх хэсэг газрыг ой хэмээн тодорхойлсон байна. Гэвч энэ тодорхойлолт нь бургас, хус, одой гацуур ургадаг эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам талбайтай Арктикийн бүсэд орших тундрын ойд тохирдоггүй. Ойн мэргэжилтнүүд ч уг асуудлаар саналаа нэгтгэж чадаагүй л байна. Харин Монгол орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг даган ургасан байдаг. Энэ утгаараа гол, мөрний усны нөөцийг зохицуулах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээхэд чухал нөлөөтэй. Түүнчлэн амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Гэхдээ Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхаар хязгаарлагдмал. Түймэр, хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг уулын ой юм.
Бэлтгэсэн: Ц.Цэвээн