Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний салбарт хийгдэх ажлын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд хориглох шийдвэр гарсантай холбогдуулан сайжруулсан нүүрсний үйлдвэр ашиглалтанд оруулсан. Мөн бид гэр хорооллын айл өрхүүдэд хамгийн үр ашигтай цахилгаан халаагуур авч өгөх зорилгоор 6 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг амжилттай хийлээ. Энэ гэрээ УИХ-аар соёрхон батлагдвал ирэх зунаас тус зээлийн хөрөнгийг ашиглах боломжууд бүрдэж эхэлнэ. Цаашлаад УИХ хэлэлцээд хөнгөлттэй зээлийн тогтолцоог бий болгоно. Хэрэв агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон Дэнжийн мянга, Эх нялхас, Бичил хороолол орчмын 40 мянган айл өрхүүдэд цахилгаан халаагуур тавьчихвал агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна. Энэ халаагуурыг авч өгөхийн тулд 40 тэрбум төгрөг шаардлагатай” гэжээ.
Г.Тэмүүлэн