Даян дээрхийн агуй
...Нэг нөхрийг урт нарийн олсоор хүлж баглаад, түрүүлгээр нь харуулаад хэвтүүлчихэж. Толгойн тушаа нь том, жижиг, дунд гарын мөнгөн аяга сэлт хэдэн арваар нь овоолжээ. Мань эрийг барьсан бололтой хоёр залуу хажууд нь зогсоно... Ийм нэг фото олон нийтийн сүлжээнд хэсэгтээ л шуугиулав. Зөвхөн монголчууд л илүү тайлбаргүйгээр шууд ойлгох энэ агшныг Отгонтэнгэр хайрхны олон удаагийн тахилгын үеэр алт, мөнгөн элдэв эдлэлээр ёроолоо хүндрүүлсэн Бадархундага нуурын эрэг дээр авсан байлаа.
Зарим нь “Хүслээ шивнэн байж, залбирч мөргөн өргөсөн юмыг авдаг цайрчихсан амьтан” хэмээн чичлэн буруутгав. “Мөнгө цагаан, нүд улаан гэж энэ. Хүн алах шахсан байна” хэмээн зэвүүцэн жигшив.
Нөгөө хэсэг нь “Сэргэлэн залуу, усанд хаясан эдийг авч яагаад болохгүй гэж. Харин ч нуурыг цэвэрлэсэн биш үү” хэмээн зөвтгөн сайшаав. Үнэндээ уг хэрэгтэй холбоотойгоор сошиал ертөнцөд өрнөсөн мэтгэлцээнд эрүүл саруул дүгнэлтээс илүүтэйгээр сүсэг бишрэлийн хэт туйшрал давамгайлж байлаа. Аль ч өнцгөөс нь харсан энэ үйл явдал, олны хандлага монголчуудын хэрээс хэтэрсэн сүсэглэлээс улбаатай солиорлын нэг жишээ юм.
Тахилгатай уулын нууранд өргөл өргөдөг шашны зан үйл сүсэг бишрэлээр тэтгэн тэжээгдсээр, өдгөө бүр ёс болон хэвшин тогтож, түргэн баяжих хүсэлтэй монголчуудын сэтгэхүйд хүчтэй нөлөөлж эхлэв. “Нуурыг зорьж ирсэн аялагч, жуулчид, мөргөлчдийг бид хорьж цагдах эрх байхгүй ч хамгаалалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ байнга авч байгаа. Гэвч зундаа ихэсдэг байсан хүний хөл одоо бараг жилийн турш тасрахаа байж байгаа нь санаа зовоох нэг асуудал болох нь” гэж Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр ярилаа.
...XXI зууны монголчууд ийнхүү эрүүл бус, өвчин эмгэгтэйг илтгэдэг модны ургацаг, “үү”-г нь шүтэн биширч эхэлсэн нь өнөөгийн нийгмийн сүсэглэл улам л гаж болж буйг илтгэнэ...
Нууранд өргөдөг эд, сэлтүүд усанд ямар нөлөө үзүүлж болох талаар Анагаахын шинжлэх ухааны доктор, академич, профессор Н.Сайжаа “Сүүлийн үеийн мөнгөн аяга 100 хувь цэвэр биш болсон. Янз бүрийн хуванцар эдлэл, мод зэргээр цутгаж, ухаж хийсэн аягаа мөнгөөр бүрэх аргаар үйлдвэрлэж байна. Ийм аягыг хадганд давхар боож хаяад байвал алсдаа нуурын усны экосистемд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй” хэмээн анхааруулав.
Сүсэглэл нь солиорол болж хувирсан бас нэг жишээ. Даян дээрхийн агуй хогийн тантангаас ялгагдахааргүй болтлоо бохирдсоныг сошиалаас харлаа. Сархдын шил хөлөөр нэг хөглөрч, сүү, цагаан идээ өмхийрч ялзран зузаарсаар ой гутам болжээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 км зайд Үүрийн голын баруун цутгалд орших Монгол орны хамгийн том буюу Даян дээрхийн агуйг 2006 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Агуй нь сонин содон тогтоцтой, байгалийн ховор бүтээл, Монголын өв соёлын үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон амтай, төрөл бүрийн рашаан, маш нарийн ширхэг бүхий байгалийн шороон будагтай. “Эхийн умай” гэх эмэгтэй хүний савыг санагдуулам нүхэн гарцтай. Орчин тойронд нь олон тооны хиргисүүр, булш байдаг гээд Даян дээрхийн агуйн экосистем, орчны бүсийнх нь байгалийн гайхамшигт тогтоц, үүх түүхийг тоочиж барамгүй. Харамсалтай нь, өнөөдөр Монголын төдийгүй дэлхийд данстай энэ гайхамшиг хэтийдсэн сүсэглэлийн золиос болон талхлагдаж байна.
Яг үүнтэй адил хүндэтгэл бишрэлийг оюундаа тунгаан мөргөдөг мод, хад, хүн чулуу гээд онцгой содон тогтоцтой бүхэн, түүх дурсгалууд ойртож тухлахын эцэсгүй үнэр тээн булшлагдаж эхлэв. Сахиустай мод гэнэ, хүсэл биелүүлэгч шидтэй л гэнэ. Хүүтэй, эсвэл охинтой болгодог чулуу л гэнэ, уул л гэнэ, хад л гэнэ. Хүн хэдий зовлонтой ч, хэчнээн хүнд өвчинтэй ч хөхний даруулгаа өлгөж хаяхдаа тулсан сүсэглэлийг ойлгох ухаан үнэндээ дутаж байна. Хэдэн зуунд ч элэгдэж үгүйрдэггүй хадгаар ургаа модыг боомилон ороож, угтаа үхэл рүү нь залдаг үйлдлийг зөвтгөх шалтгаан олдоно гэж үү. Шинжлэх ухааны талаас нь дахин тайлбар өгье. Жишээ нь мушгирч, эсвэл далий мурий ургасан мод ургах явцдаа ямар нэг гэмтэл авсан, эсвэл генийн өөрчлөлттэй, хүнээр бол гажигтай гэсэн үг ажээ. Гэтэл тэрхүү гаж ургасан моднууд гайхамшгийг бүтээдэг шидтэн болон хувирав.
Түүнчлэн модны ур гэх ургацгийг усанд буцалгаж уувал элдвийн өвчин байтугай хорт хавдар анагаадаг хэмээн ярих болов. Яриад ч зогссонгүй. Ургацаг олж зардаг, авдаг, уудаг хүмүүс олширсныг хөдөө хээрээр олонтоо явахдаа цөөнгүй харж, сонсож байна. Ойн салбарын эрдэмтэн, доктор Д.Энхсайхан “Модны ур буюу ургацаг нь нэгэн төрлийн өвчин юм. Тодорхой хэлбэл, хорт хавдраар өвчилсөн хүний хавдар нь гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
XXI зууны монголчууд ийнхүү эрүүл бус, өвчин эмгэгтэйг илтгэдэг модны ургацаг, “үү”-г нь шүтэн биширч эхэлсэн нь өнөөгийн нийгмийн сүсэглэл улам л гаж болж буйг илтгэнэ. Цаашлаад ургамлын үндэс, навчийг ямаа аятай тасдан үмхэлж, үхэр мэт хивж зогсдог нөхдүүд ч олширлоо.Статистик мэдээнээс харвал, хорт хавдрын өвчлөл манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон төдийгүй тоон үзүүлэлт нь жилд 4000-аас буухаа болив. Модны ур, ургацаг мэтүүд үнэхээр тийм л шидтэй юм бол хорт хавдраас үүдэлтэй нас баралтын статистик үзүүлэлтэд гайхам эерэг өөрчлөлт гарах учиртай. Цаашлаад анагаах ухааны салбар өндөр хөгжсөн улс орнууд хэдийнэ авч ашиглаад, хүн төрөлхтнийг аврах эм бүтээснээ зарлах байсан бус уу?
Ойрын нэг танил минь өнгөрсөн хавар салхинд гарангаа арваад яргуй тасдаж идсэнээ бахархалтайгаар ярив. Өөрөө зооглоод зогсохгүй хүүхдэдээ “хүч” хэрэглэн үмхүүлжээ. Яргуй идвэл хоолойны өвчин илааршдаг гэх яриа эртнээс улбаатай. Чухамдаа яргуй идсэн хүн “шид”-ийг олох нь ч юу юм, цэвэр байгалийн ургамлаас хордож үхдэггүй л байсан болов уу. Хүүхдийн их эмч Д.Буянхүү “Малын гаралтай гоц халдварт өвчин хил хязгааргүй тархаж, хөрсний бохирдол Монгол орны хэмжээнд яригдах болсон өнөө үед ийм эрсдэлтэй алхам хийж болохгүй. Тэгээд ч хүүхдийн дархлаа маш сул байдаг тул хэтдээ ямар ч эрсдэл дагуулж болзошгүй” хэмээн сэрэмжлүүллээ.
Сүсэг бишрэлээс улбаатай бизнесийн бас нэг жишээ бол “битүү мод”. Ерөнхийдөө энэ нь тайрч, өнгөлж лакадсан, янз бүрийн хэмжээтэй модны мөчир юм. Уг мөчир нь ямар нэг байдлаар гэмтэж буруу ургаад, салаалсан үзүүр нь эргэж үндсэн мөчир лүүгээ зоогдон бариул аятай нүх гаргасан байх ажээ (зургаас тодорхой харна уу). Харин ийн ургасан мөчрийг тайрч засаж янзлаад дунджаар 20 мянган төгрөгөөр зардаг бөгөөд “Айлд байх маш сайн. Гай гамшиг, өвчин зовлонгоос гэр орон, үр хүүхдийг чинь хамгаална. Аянга цахилгааныг зайлуулдаг” хэмээн ухуулж байхтай цөөнгүй таарлаа. Ийн сурталчлах нөхдүүд уран шувууны үүр, махчин шувуудын өд сөд, ялгадас зэргийг худалдан авах санал тавьж буй арга барил нь ч адил. Хэлэх үгнийх нь үндсэн холбоос шашин шүтлэгээр улбаалж байгаа нь сүсэглэл өдгөө Монголын нийгэмд ямар их хүч авсныг илтгэнэ.
...Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт үеэс л олны хараанд өртсөөр ирсэн. Гэлээ гээд бидний өвөг дээдэс содон бүхнийг шидтэнээр өргөмжлөн зарлаж, олноороо нийлэн гишгэчин сүйтгэж байсангүй. Сүсэг бишрэл нь солиорол болтлоо туйлшралгүй XXI зуунтай золгосон юм, монголчууд. Гэтэл байгалийн бүтээлээр ашиг олдог, хэтдээ сөрөг үр дагавар ихтэй бизнес энэ цагийн өнгөнд сүсэглэл, солиорлоор дэнслэгдэж эхэллээ. Хамгийн гол нь, сүсэглэлд дөрөөлсөн бизнесийн санааг сонсоод, хараад дөлөх чадваргүй болтлоо сэтгэхүйн доройтолд орсон иргэдийнхээ тархийг цэнэглэхэд, Монголын түүх соёлын өв, байгалийн гайхамшгийг бузарлан сүйтгэж буй явдалд төрийн хараа хяналт, зохицуулалт дутагдаж байна.
Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн