Дэлхийн дулаарал удаан үргэлжилсэн ган гачиг дагуулж, ундны усны хомсдол үүсгэж магадгүй гэсэн дүгнэлтийг Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтэд гаргасныг “Phys.org” цахим хуудсанд мэдээлсэн байна. Тэд цаг уурын 43 мянга гаруй станцаас авсан мэдээлэл, 160 орны 5300 гол, мөрний урсцад хийсэн судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Уур амьсгалын өөрчлөлт их хэмжээний хур тунадас дагуулж байгаа ч томоохон гол, мөрний усны түвшин буурч байна. Энэ нь ган гачиг болоход нөлөөлөх аж.
Үүнийг эрдэмтэд хөрс хуурайшин, хатаж байгаатай холбон тайлбарласан байна. Хэт их чийгтэй хөрсний илүүдэл чийг (нийт хур тунадасны 36 хувь нь) голын урсцыг нэмэгдүүлдэг ч хуурай хөрс борооны усыг илүү их шингээснээр урсац багасгадаг гэнэ. Агаарын температур нэмэгдсэний улмаас хөрс чийгээ алдаж буй нь дэлхийн хотууд болон фермүүдийн усан хангамжид аюул учруулж байгаа аж. Үүний сацуу, илүүдэл хур тунадас суурин газруудад үер буухад хүргэдэг байна.