Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын мэдээллээр 13.00 цагийн байдлаар Зуун айлын харуул 1135-ыг зааж байна. ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг. Тэгвэл Зуун айлд орчимд маш их бохирдолтой буюу 1135, Баянхошуу орчимд 928, Монгол газар орчимд их бохирдолтой буюу 475 байна.
Манай улсын нийт хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл тэргүүлэх байр эзлэн жилээс жилд тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2000 онд 10.0 мянган хүн амд 699,4 байсан бол 2009 онд 864,0 болж өссөн байна. Амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 20 гаруй хувийг эзэлж байна. Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж, 7-8 дахин илүү өвчилж эмнэлэгт хандаж байна.
Агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн үзүүлэлт, дархлааны байдалд үзүүлэх нөлөөллийг судлаж үзэхэд Улаанбаатар хотод судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд өсөлт, хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, өндөр, жин нэмэгдэж, цээжний тойргийн хэмжээ багассан нь тогтоогджээ. Мөн агаарын бохирдол, зөвхөн амьсгалын замын өвчлөлд нөлөөлөөд зогсохгүй зүрх судасны өвчлөл, хавдрын өвчлөлд
нөлөөлж байгааг тогтоосон байна.