Байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй органик үйлдвэрлэлд шилжих хүнсний ногоочид тангараг өргөлөө
“Зөвхөн Монголоос л гарах боломжтой органик хүнс гэж бий. Манай байгууллага эхний ээлжинд газар тариалан болон зөгийн аж ахуй эрхлэгчдийг органик үйлдвэрлэгч болоход дадлагажуулан сургаж, бүтээгдэхүүнийг нь баталгаажуулан, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. Ирэх жилээс монгол зөгийн балыг Япон руу нийлүүлэх боломж нээгдэнэ. Мөн Европын Холбоо Монголоос цэвэр зөгийн бал авах сонирхолтойгоо илэрхийлсэн. Түүнчлэн Япон руу байгалийн цэвэр жимсний чанамал гаргах боломжтой. Гагцхүү үйлдвэрлэгчид чанамалдаа гадаадаас оруулж ирсэн элсэн чихэр хийдэг учраас “Монголд үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүн” гэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Жишээ нь, Японд олон сая хүн чихрийн шижин өвчтэй тул энэ зорилтот зах зээл рүү чиглэсэн үйлдвэрлэл явуулахын тулд жимсний чанамалдаа элсэн чихрийг өөр органик бүтээгдэхүүнээр орлуулах ёстой” гэж Кевин Галлагхер хэмээх эрхэм “Органик хүнс, хөдөө аж ахуй” үндэсний III чуулганы үеэр зөвлөж байлаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад Азийг хариуцан олон жил ажиллахдаа “Органикийн эцэг” гэж хүлээн зөвшөөрөгдсөн тэрбээр өдгөө “Адра Монгол” олон улсын байгууллагын хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж буй.
ХХААХҮЯ, Монголын бүтээмжийн төвөөс “Органик хүнс, хөдөө аж ахуй” үндэсний III чуулганыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Азийн бүтээмжийн байгууллага, “Адра Монгол”, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, нийслэлийн ХХААГ, “Монгол ногоо” төсөл, МҮХАҮТ-тай хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Энэ үеэр органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан болон “Органик Монгол” цахим хуудасны нээлтийн ажиллагаа, энэ чиглэлд шилжихээр сэтгэл шулуудсан хүнсний ногоочдын тангараг өргөх ёслол болсон юм.
“Би зөвхөн хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх жагсаалтад орсон бодисыг зааврын дагуу хэрэглэх ба химийн гаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид, эрдэс бордоо, ургалт дэмжигч, нийлэг даавар зэргийг шууд болон шууд бусаар өөрийн тариалангийн үйл ажиллагаанд ашиглахгүй”, “Би хөрсний үржил шимийг байгальд ээлтэй, хөдөө аж ахуйн тогтвортой зарчим бүхий сэлгээ, компостон бордоо, хучлага таримал тарих болон ногоон бордуурт уринш хэрэглэн нэмэгдүүлнэ”, “Би тариалах, хураах, тээвэрлэх, хадгалах, боловсруулах, борлуулах бүхий л шатанд органик бүтээгдэхүүнийг органик бус бүтээгдэхүүнтэй хольж, бохирдуулахгүй байх арга хэмжээ авна”, “Би зөвхөн баталгаажсан, бүртгэлтэй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, ”байгалийн цэвэр” гэсэн мэдээллийг хэрэглэж, нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ” гэх мэт тангаргийн бичгийг Сэлэнгийн голдуу 12 иргэн, аж ахуйн нэгж дуу нэгтэй уншиж, одооноос эхлээд органик үйлдвэрлэлд шилжиж буйгаа олны өмнө зарлав.
Чуулганыг угтан гурван өдөр зохион байгуулсан “Органик бордоо” сургалтад тэд идэвхтэй оролцож, гарын доорх материалаа ашиглан гэрийн нөхцөлд яаж органик бордоо хийх аргыг гадаадын зөвлөхөөр заалгаж, олон улсад хүлээн зөвшөөрсөн ноу хаугаас суралцжээ. Малынхаа ялгадсыг ашиглаад органик бордоо хийхийг сурсандаа, тэр тусмаа үхрийн шээсэнд хортон шавжтай тэмцэх онцгой чанар байдгийг мэдэж авсандаа олзуурхаж буйгаа оролцогчид хэлж байлаа. “Алсыг хар, органикийг сонго” гэсэн уриатай тус салбарын эрх зүйн орчин нэгэнт бүрдсэн учраас одоо анхан шатны үйлдвэрлэгчдийн түвшинд түүнийгээ “газардуулах” ажил нь ийнхүү нэг алхам урагшилж байгааг яамныхан онцолсон юм.