Цаг уурын байгууллагаас 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 19-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Хугацааны эхний хагаст цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ.
Баруун аймгуудын нутгаар: 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 16-17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с, 17-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 15-16-нд бага зэрэг суларна.
Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 14,16-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи зарим газраар 13-нд 15-17м/с, 17-нд 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд дулаахан байх ч 13-наас хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Зөвхөн 15-16-нд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 15-16нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар 15-17м/с, 17-18нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 14-нөөс хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 16-17-нд хүйтэн бага зэрэг суларна.
Говийн аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12,17-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 13-14нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 14-нөөс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 16-17-нд хүйтэн өдөртөө бага зэрэг суларна.