Зэрлэг амьтны эд, эрхтнийг иргэд эмчилгээний зориулалтаар дур мэдэн хэрэглэснээс болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол дэлхий дахинд өссөнтэй холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангаас сэрэмжлүүлэг гаргажээ. Зэрлэг амьтны түүхий мах идэж, цус ууснаас зөвхөн энэ оны эхний хагаст 112 мянган хүн халдварт өвчин тусаж, 37 000 нь нас барсан байна. Мөн эд, эрхтнийг нь ийм зорилгоор ашиглах тохиолдол газар авчээ. Тус сангийнхан “Анагаах ухаан өндөр хөгжсөн, технологийн эринд иргэд ташаа мэдээллээс болж хохирч байгаа нь харамсалтай. Манай байгууллага зөвхөн байгаль хамгаалахад бус, иргэдийг соён гэгээрүүлэхэд цаашид анхаарна” гэжээ. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан цахим сүлжээнд сэрэмжлүүлэг түгээжээ. Тэд “Янгир, аргаль, бор гөрөөс, доргоны цус уувал дотрын өвчин эдгэрнэ гэсэн ам дамжсан яриа сүүлийн үед сошиалд түгээмэл тархсан. Эдгээр амьтны цус ямар өвчин анагаадгийг эмнэл зүйн судалгаагаар батлаагүй. Харин хачигт энцефалит, риккетсиоз, боррелиоз, боом, гепатит Е, хулгана тахал буюу туляреми халдварлах эрсдэлтэйг судлаачид тогтоосон. Зэрлэг амьтны эд, эрхтэн бүхэн эм биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гэв. ЗӨСҮТ-өөс авсан мэдээллээр өнгөрсөн онд хачигт энцефалит, риккетсиоз, боррелиозоор хүн өвчилсөн сэжигтэй 465 тохиолдол бүртгэгдэж, долоо нь нас баржээ.
Бэлтгэсэн: Ж.Сувд