Фотог П.Болдбаяр
Өвс, бэлчээр жигд, уудам тал дахь ундарга сайтай худгаас нэгэн айл унд усаа залгуулдаг байжээ. Бохирдчих вий, хүн, мал унаад бэртчих вий гэхдээ айлынхан худгаа үргэлж тагладаг байсан аж. Харин гэрийн эзэгтэй нэг өдөр сэрэмж алдаж, дадал болсон үйлдлээ умартчихаж. Тэр шөнө нь худгаас их хэмжээний ус оргилсноос ойр орчим нь усан далай болж, үерт автахад Бөхмандал хэмээх хүчтэн Уран мандал уул (галт уулын тогоо)-ын оройг тасдан авч шидээд, худгийн амыг хаажээ.
Худгаас оргилж хальсан их усыг харсан нэгэн хүн “Тэр их цагаан нуурыг хар аа” гэж дуу алдсан нь хожим Тэрх, Тэрхийн цагаан нуур гэх нэршлийн үүтгэл болсон гэнэ лээ. Архангай аймгийн Тариат сумын нутаг, Хоргын тогооны дэргэд байрлах Тэрхийн цагаан нуур үүссэн тухай ийм домог бий. Харин шинжлэх ухааны товхимолд “Хангайн нуруунаас эх авсан хойд, урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон нуур үүсжээ” гэж товчхон тодорхойлжээ. Мөн тус нуурыг цэнгэг уст гэж тэмдэглэжээ. Тэрхийн цагаан нуур цагтаа ихийн их устай, цэнгэг нуур байсныг гэрчлэх баримт мундахгүй. Харин одоо энэ тодотголоосоо улам бүр хөндийрсөөр байгааг орон нутгийнхан, нуурын ойр орчимд аялал жуулчлал эрхлэгчид хэлж байна.
ЖИЛЭЭС ЖИЛД ДУНДАРСАН НУУР
Нутгийн, эсвэл Тэрхийн цагаан нуурт өмнө нь очсон хүн ус нь мэдэгдэхүйц багассаныг дунд нь үүссэн “бор толбо”-уудаас андашгүй мэднэ. Усны түвшин нь багассанаас хэд хэдэн жижиг эрэг үүсжээ. Өнгөрсөн зун эл нутгаар дайрахад энэ нь маш тодорхой харагдаж байв. Тэрх, Сорт, Хар чулуут, Элс, Өлт, Шанаат, Нарийны зэрэг 10-аад гол нуурт цутгадаг бол ганц Суман гол тэндээс эх авч гадагшаа урсдаг аж. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйлдэл гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр Монголын гол, мөрөн, нуур, тойром жилд хэдэн зуугаараа ширгэж, шургаж буй.
Зөвхөн 2016 онд 1380 гол, горхи, нуур, тойром, булаг үгүй болсон гэсэн статистикийг холбогдох байгууллагаас гаргасан байдаг. Тэрхийн цагаан нуурын цутгал голууд ч энэ “шуурга”-нд өртжээ. Бороо хур бага, хуурайшилт ихтэй, хэт халсан үед Шанаат, Хар чулуут, Тариатын зэрэг томоохон (Тэрхийн голын дараа орох) цутгал голууд нь тасарчихдаг байна. Харин өнгөрсөн зун бороо хур элбэг байснаас нуурын усны түвшин өмнөх жилүүдээс дориун нэмэгдсэн тухай нутгийнхан ярьсан юм. Гэхдээ дэлхийн дулаарал, хуурайшилт, цөлжилт говь, хангайг алаг үзэлгүй жилээс жилд эрчимжиж байгаа энэ цагт ирэх он, түүний хойтон ч нуур одоогийнх шиг усаар баян байна гэх баталгаа байхгүй учир уужирч, баярлахад эртэднэ.
Монгол орны байгаль орчны төлөв байдлын 2016 оны тайланд “Ойт хээрийн Тэрхийн цагаан нуурын усны түвшин олон жилийн дунджаас 56 см их” гээд, Ганга, Харгал, Бөөнцагаан, Орог, Хөх нууртай харьцуулахад усны түвшин нь бараг өөрчлөгдөөгүй хэмээжээ. Гэтэл энэ нь Архангай аймгийн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлэлтэй зөрж байгаа юм. Ус судлалын харуулын хийсэн хэмжилт судалгаагаар нуурын усны түвшин сүүлийн жилүүдэд 5-12 см-ээр тогтмол доошилж буй таагүй мэдээ тэнд бий. БОАЖЯ тайландаа Тэрхийн цагаан нуурын талаар ганц өгүүлбэр “шигтгэхдээ” алдсан уу, эсвэл ус судлалын харуул ташаа мэдээлэв үү. Нуурын дунд юуны учир эрэг үүсэв.
БҮГД ГИНЖИН ХОЛБООТОЙ
Хүн, малын хөлд талхлагдсанаас жил бүр чуулдаг байсан хунгийн сүрэг дайжихад хүрсэн Ганга, зохисгүй, төлөвлөлтгүй аялал жуулчлалын балгаар жилээс жилд доройтон буй Хөвсгөл, шаамий хэмээх хорт шавж хэт олширсноос загасны нөөцөө барсан Хөх нууртай харьцуулахад Тэрхийн цагаан нуур олны анхаарлаас хол гэж хэлж болохоор. Гол, горхи, нуур, далайн усны түвшин багасахад дотор нь амьдардаг амьтан, ургамлын бие бүтэц, төрөл зүйл, тэр ч бүү хэл усны найрлага, шинж чанар өөрчлөгддөгийг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор Н.Нарангарвуу хэлэв.
Өөрөөр хэлбэл, экосистемийн гинжин хэлхээний нэг нь л өөрчлөгдөхөд бусад зүйлд ч сөргөөр нөлөөлж эхэлдэг аж. Энэ зүйгээр бол Тэрхийн цагаан нуурын зөвхөн усны түвшин олон өөрчлөлтийг дагуулсан байж таарна. Гэвч манайд энэ бүхнийг тодорхойлох тоймтой судалгаа сүүлийн 20, 30 жилд хийгээгүй гэвэл та итгэх үү. Бодит байдал ийм байна. Нуурын экосистемийн бүрдэл болсон амьтан, ургамлын нөөц хэрхэн өөрчлөгдсөн, усны химийн шинж чанар, найрлага, эрдэсжилт нь ямар байгаа тухай судалгаа олж харах гээд барсангүй.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагынхан хүртэл “Тэрхийн цагаан нууртай холбоотой мэдээлэл, судалгаа манайд алга” гээд ЦУОШГ-ынхнаас лавлахыг зөвлөв. Архангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баянмөнх “Сүүлийн үеийн судалгаа байхгүй. 1970, 1980-аад оных л олдох байх” хэмээн үнэнээ хэллээ.
ИРГЭД Л НУУРЫГ “СУДАЛЖ” БАЙНА
Хоргын тогоотой хаяа залгасан энэ нуурын экосистемийн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтэд ил болсон мэдээлэл, баримт байхгүй учир иргэд нуурын гаднах шинж буюу харагдах байдлаар нь “оношилж”, өөрсдийнхөөрөө таамаг дэвшүүлж, дүгнэлт гаргадаг аж.
Өөрөөр хэлбэл, судлаачдад “хаягдсан” энэ нуурт иргэд л санаа тавьж байна. Нуурын усны түвшин багассанаас нарны тусгал ёроол дахь ургамлын бүтцэд нөлөөлсөн, төрөл, зүйл нь хумигдаж, зарим нь үрээ эрт хаяснаас нуурын мандалд бужигнасан зүйл хөвж, бохир харагдуулдаг гэнэ. Шинээр бий болсон эрэг дээр элдэв жигүүртнүүд үүрлэж, баас, шээсээрээ нуурын усыг бохирдуулдаг гэх. Зарим нь тураг гого буюу хар галуу нуурын загасыг цөлмөснөөс экосистем нь ихээхэн доройтсон гэж үзэж байхад нөгөө хэсэг нь жуулчны бааз, тэр хавийн малчид, аялагчдыг гол буруутан хэмээж байна. Дээрх хүчин зүйлс нуурын экосистемд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Гэхдээ тэдгээрийг шүүж дэнслэх барим тавим нотолгоо байхгүй учир энэ тухай ингэсгээд орхиё.
Тэрхийн цагаан нуурын ойролцоо 20 гаруй жил аялал жуулчлал эрхэлсэн, өдгөө тэндхийн “Хорго” кэмпэд ажилладаг Билгүүтэй “Тэрхийн цагаан нуурын загасны нөөц маш их багассан. Ус багасаж, бохирдсонтой холбоотой болов уу. Нутгийнхан хар галууг буруутгаад, устгаад байдаг. “Хятадууд хар галуу үржүүлээд, наашаа явуулаад байна” гэх нь ч бий. Тийм биш. Хар галуу хүмүүсийн хэлж байгаа шиг өдөрт тав, арван кг загасаар хооллодоггүй. Ихдээ л 600-700 гр-ыг иддэг. Ингэхдээ өвчтэй, эсвэл гэмтсэнийг нь барьдаг. Манайхан “давсалсан” мэдээлэлд
итгээд байна. Нуурыг доройтуулж байгаа гол зүйл нь хүн өөрөө. Нуур орчимд мал олширч, зэгс талхлагдсан. Үүнээс болоод зэгстэй, бүлээн устай газар түрсээ шахдаг алгана, цурхай, улаан нүдэн үржих аргагүй болсон” гэж Тэрхийн цагаан нуурт түшиглэсэн аялал жуулчлалын талаар фэйсбүүкт үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр Тэрхийн цагаан нуурын цутгал болсон голуудад загас үржүүлгийн судалгаа хийхээр сэтгэл шулуудсанаа мөн онцолсон байв.
130 САЯ ТӨГРӨГ ХИЙСГЭЖЭЭ
“Хэрэв дээрх мөнгийг зориулалтаар нь ашигласан бол загасны, замгийн, ургамал, амьтны, усны гээд бүх төрлийн судалгаа хийх боломжтой байсан юм” хэмээн Архангай аймгийн төрийн албаны нэгэн хүн хэллээ. CNN мэдээллийн төв 2011 онд аялах шилдэг газруудын тоонд оруулсан Тэрхийн цагаан нуурын экосистемийн судалгааг тус аймгийнхан өмнө нь хоёр ч удаа хийх гэж оролджээ.
Гэтэл түүнд төсөвлөсөн 130 сая төгрөг хаашаа ч юм бэ замхран одсон гэх мэдээлэл бий. Тодруулбал, Р.Гончигдорж гишүүн 2008-2012 онд УИХ-д суухдаа Тэрхийн цагаан нуурын экосистемийн судалгаанд зориулж 50 сая төгрөг төсөвлүүлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар судалгааны ажлыг гардан гүйцэтгэх тендерийг аймгийн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн авсан гэх ч ажил хэрэг болоогүй аж. Тэрбээр “Хожим тэр судалгааг нь олж харах гээд чадаагүй. Мөнгийг нь “идчихсэн”. Судалгаа байхгүй. Хийсэн ажлынхаа тайланг өгсөн байж таарна. Тэндээ чухам юу гэж бичсэнийг мэдэхгүй” гэсэн.
Удаах тохиолдол нь 2012-2014 онд тус аймгийн ИТХ-аас Тэрхийн цагаан нуурын экосистемийн үнэлгээ хийхэд 80 сая төгрөг төсөвлөжээ. Гэтэл аймгийнхан бас л төсөвлөсөн мөнгөөр нь “тоглочихож”. Тэрхийн цагаан нуурын эрэг дээрх өвгөн хадыг тойруулсан хэдэн чулуун баримал, хогийн хоёр цэгийг л “дурсгал” болгон үлдээжээ. Үүнээс болоод нутгийн иргэд, орон нутгийн удирдлагын дунд нэлээд зөрчил гарсан ч тэгсхийгээд намжсан гэдэг.
Аймгийн байгаль орчны асуудал эрхэлсэн толгой байгууллагынхан хүртэл “Сүүлийн үед хийсэн судалгаа байхгүй” гэж буй нь ч үүний нотолгоо аж.
ДАЛАН БАЙГУУЛЖ НУУРАА ХАМГААЛНА ГЭВ
Тэрхийн цагаан нууртай холбоотой гурван ч төсөл 2019 онтой уралдаанд барианаасаа хөдөлж эхэлсэн таатай мэдээ дуулдах болов. Эхнийх нь нуурын экологийн тэнцвэр хадгалах, хөвөө барих төсөл. Албан ёсны нэр нь “Экосистемийг сайжруулах, нуурын усны мандлыг дээшлүүлэх”. Монгол Улсын зөвлөх инженер Ч.Цэрэнбат эл төслийг санаачилж, түүнийг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дэмжин, үүнд зориулан 2019 оны төсөвт 400 сая төгрөг суулгуулжээ. Төсөл санаачлагчид “Загас өнгөрүүлэгчтэй, таван метр өндөр далан нуурын хоолойд барина. Усны мандлын түвшнийг 900 га-гаар нэмэгдүүлж, 200 жилийн өмнөх хэмжээнд хүргэж, Суман голын усны түвшнийг тогтмол хэмжээнд байлгах боломж бүрдэнэ. Ингэснээр нуурын экосистем сэргэнэ” гэсэн эерэг төсөөллөө хуваалцав. Усны түвшин өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн энэ үед далан барьснаар шинээр үүссэн эргүүд алга болж, хар галуу үржих нөхцөлгүй болно гэж үзэж байгаа аж.
Удаах нь БНСУ-ын Засгийн газрын 100 хувийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй усан дээр хөвөгч нарны станц байгуулах төсөл. Энэ нь орон нутгийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийдэх зорилготой гэнэ. Хорго, Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ганболд “Төсөл 60 хувьтай хэрэгжиж байна. Одоо барилга, байгууламж барих ажил үргэлжилж байгаа юм билээ. БОАЖЯ, ЭХЯ зэрэг холбогдох байгууллагаас зөвшөөрөл, бүх бичиг баримтаа авчихсан, албан ёсны ажил юм гэсэн” хэмээв. “Дэлхийн хөгжингүй орнуудад ид моод болж буй хөвөгч цахилгаан станц манай оронд, тэр дундаа Тэрхийн цагаан нуурт хэр нийцтэй, экосистемд ямар нөлөөтэй вэ” гэсэн асуултад дээрх яамнаас тодорхой мэдээлэл авах гэсэн боловч мөн л элдэв шалтаг тоочсоор хойш суув. Харин хамгийн сүүлийнх нь нуур орчмын иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой, ХБНГУ-ын төсөл юм байна.
Архангайнхан Тэрхийн цагаан нуураа хамгаалахад анхаардаг, түүндээ ч харамгүй хөрөнгө мөнгө төсөвлүүлдэг юм байна. Харин хэрэгжилтэд нь санаа тавьдаг, “эргэн харж”, хариуцлага нэхдэг хамгийн чухал “ажил”-аа мартаж орхидог том дутагдалтайг нь 2008-2014 онд хэрэгжүүлсэн судалгааны төслүүдийн үр дүнгээр хэмжиж болохоор. Нуурын экосистемийг хамгаалах, бүтээн байгуулалт хийх, том төсөвтэй шинэ төслүүдээ өмнөх жишгээр замхруулчихгүйн тулд орон нутгийнхан одооноос дуугарч, хариуцлага нэхдэг байх нь үр дүнтэй биз ээ.
Бэлтгэсэн: Ж.Сувд