Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2018 оны аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Батсүмбэр сумын нутагт янзагатай согоо буудсан байна” гэх мэдээлэл иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Энхмөнх нар шуурхай, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, Батсүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр жаргалан хэмээх газарт согоо, янзага хоёрыг буудаж хөнөөсөн гэмт хэргийн холбогдогчдыг түргэн хугацаанд илрүүлсэн аж.
Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар нь бүртгэлгүй, марк дугаар, гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.