Энэ амралтын өдрүүдэд адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров суманд тав дахь жилдээ “Талын Түмэн Адуу” арга хэмжээ зохион байгуулагдана.
“Талын Түмэн Адуу”-н төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорихоос гадна Өвөр Монголын Өөртөө Засах Орны адуучид хүрэлцэн ирнэ. Энэ жилийн арга хэмжээнд ӨМӨЗО-ны “Монгол Одон” ТВ, “Шилийн Гол” ТВ болон Бээжин хотын соёл урлагийн сувгийн сэтгүүлч, зураглаачид хүрэлцэн ирж Монголын тал нутгийн адуучдын өв соёлын мэдээллийг БНХАУ-ын 50 сая үзэгчдэд хүргэнэ.
Арга хэмжээний үеэрх уран дархадын урласан эмээлийн гөлөм, дэвс, гутал болон мөнгөн эдлэл ташуур, уурганы хуйв зэрэг адууны эдлэл хэрэглэлийн худалдаа нь сумдын малчдын амьжиргаа, орлогод эерэгээр нөлөөлдөг байна. Дашрамд дурдахад Монгол Улсад 2017 онд 3,9 сая адуу тоологдсон байна. Харин Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров сум нь 30 мянга гаруй адуутай.