Монгол орон нэн ховор амьтан, ургамалтай. Гэвч мухар сүсэгтнүүдийн балгаар ховор амьтдаа золионд гаргаж, эд эрхтэнг нь лангуун дээр өрж байгаа нь нууц биш болоод байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатартай ярилцлаа.
-Амьтны эд эрхтэн биед сайн гэх ам дамжсан ярианаас болоод хууль бус ан гаарч, санаа зовоосон асуудал боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш байгаль орчин болон амьтан ургамалдаа хайр гамгүй харьцах болжээ. Хавар болохоор л яргуй идсэн гөрөөсний мах иднэ гэх юм уу эсвэл амьтны эд эрхтнээр хийсэн сувенирийг амьдралдаа хэрэглээ болгосоор байна. Саяхны явдлаас жишээ болгоход иргэн Б-ийн дүү бөө болж буй гээд ирвэсийн арьс олж ирэхийг даалгажээ. Ирвэс нь агнаж болохгүй нэн ховор амьтан. Үүнийг мэдсээр байж Говь-Алтай хүртэл яваад 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан байгаа юм. Төд удалгүй хотод ирээд цагдаагийн байгууллагад баригдсан. Нэн ховор амьтан агнасан бол эрүүгийн хуулиар шийдэгддэг. Эр ирвэсийн экологи эдийн засгийн үнэлгээ 11 200 000 төгрөг. Үүнийг хоёр дахин нугалж төлүүлдэг гэхээр 22 400 000 төгрөгийн нөхөн төлбөрт унасан. Энэ мэт шашины зан үйлээс болоод хууль бус үйлдэл хийхээс ч буцахгүй хүмүүс олон болж байна. Шинжлэх ухаанаар нотлогдоогүй, ам дамжсан ярианд итгэн иргэд хууль бус үйлдэлд орооцолдохоос сэргийлэх шаардлагатай байгааг анхааруулмаар санагддаг.
-Нэн ховор болон ховор амьтдаас хүний гарт өртөж буй ямар амьтад байна вэ?
-Монгол орны нэн ховор амьтны жагсаалтанд 30 зүйл амьтан байдгаас цоохор ирвэс, хүдэр, хандгай, борцгор хотон, бөхөн зэрэг амьтад аюулд өртөх нь элбэг байна. Ховор амьтны жагсаалтанд 14 зүйл хөхтөн, 24 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдгаас ойн булга, шилүүс, хүрэн баавгай, зэрлэг гахай, халиун буга, хар сүүлт, янгир ямаа, ооч ёл, алтайн хойлог, хулан жороо, зэрлэг гургуул зэрэг амьтад хууль бус агнуур худалдаанд түгээмэл өртдөг. Эдгээр амьтад нь бүгд экологи, эдийн засгийн үнэлгээтэй бөгөөд агнасан тохиолдолд тус үнэлгээг хоёр нугалж төлдөг.