Конор Макгрегорыг ялсан ч тулааны дараа үүсгэсэн асуудлаасаа болж шүүхээр хэлэлцэгдэж, UFC-гээс шагналын мөнгөө авч чадахгүй байгаа Хабиб Нурмагомедовт Bellator-ийн тулаанч болох саналыг Америкийн нэртэй дуучин 50 Cent тавив. Дагестан залуу ийм шийдвэр гаргавал 2 сая долларыг нэг цагийн дотор бэлнээр төлнө гэдгээ ч мэдэгдсэн. Тэгвэл хоёр тал албан ёсоор хэлэлцээр хийхэд Нурмагомедовыг төлөөлж очсон менежер Али Абдель-Азиз 50 Cent-ийн уурыг хүргэжээ.
Рэпер Кертис Жексон уулзалтын үр дүнгийн талаар сошиал сүлжээнд “Маанаг хүмүүсийн бас нэг төлөөлөл. Хямд костюм өмссөн тэр тэнэг надтай их мөнгөний талаар ярих юм гэнэ. Инээдтэй” хэмээн доромжлон бичжээ. Мэргэжлийн тулааны ертөнцөд яригдаж буй мэдээллээр Нурмагомедовын менежер 50 сая доллар нэхэж 50 Cent буюу Кертис Жексоны уур хилэнг баржээ. Гэвч 50 Cent Инстаграмд бичсэн дээрх постоо удалгүй устгасан байна.
Харин мэргэжлийн тулааны Bellator байгууллагын эзэн Скотт Кокер дээрх асуудал өөрийн нь байгууллагатай хамааралгүй болохыг мэдэгдлээ. “50 Cent менежерийн үүднээс өөрийнхөө саналыг Хабибд тавьсан байх. Юу хэлэх, юу хийхгүйг нь би түүнд заахгүй шүү дээ” хэмээн тэрбээр ярьсан байна. Bellator нь UFC-гийн гол өрсөлдөгч байгууллага юм. Гэхдээ үзэгчдийг хамрах хүрээ, тулаануудын нэр хүндээр UFC –гээс илт дутуу яваа. Bellator-т мандсан тулаанчид UFC-д тулалддаг бол UFC-д ялагдсан хэсэг нь Bellator-т очдог.