Португаль дасгалжуулагч Жозе Моуриньо удирдсан баг бүртээ зөрчил, тэмцэл үүсгэдэг уламжлалтай. “Манчестер Юнайтед” багт ажиллахдаа ч энэ уламжлалаа үргэлжлүүллээ. Тэрбээр дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдын нэг, дэлхийн аварга, багийн лидер Поль Погбатай ойлголцохоо байгаад бүтэн сарын нүүрийг үзэж буй. Гэтэл тэдний зөрчил газар авч багийг хоёр талцуулах хэмжээнд хүрчээ. Daily Mail сонины мэдээлснээр Антони Марсьяль, Эрик Бейи, Андреас Перейра нарын хөлбөмбөгчид Погбагийн талд зогсч дасгалжуулагчийн зүгээс ирэх дайралтаас түүнийг хамгаалж байгаа бол Эшли Янг, Неманья Матич, Ромелу Лукаку нар Моуриньогийн байр суурийг дэмжиж байгаа гэнэ. Погбатай нөхөрлөлийн хэмжээний дотно харилцаатай байсан Лукаку өдгөө найзтайгаа уулзахгүй, таарахгүй байхыг хичээх болсон гэнэ. Погба удирдлагадаа хандан “Дасгалжуулагчийн зөрүүд зангаас болж багаасаа явах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэнд Моуриньо багийн дэд ахлагчийн үүргээс нь түүнийг чөлөөлснөөр тэдний зөрчил олонд ил болсон. Түүнчлэн тэдний харилцаа энгийн бус байгааг батлах бичлэг интернэтэд тархсанаар багийн дотоод, гадаад уур амьсгалд үүссэн ангалыг улам том болголоо. Тиймээс Моуриньо, Погба хоёрын хэн нь явах вэ? гэсэн асуулт хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том сэдэв болоод байна.