1970-аад оноос хойш дэлхийн амьтан, ургамал өмнөхөөсөө илүү олноор мөхөх болсон нь цэнхэр гараг дээр болж буй зургаа дахь том мөхлийн үетэй холбоотой ч хүний хувь нэмэр нэлээд жин дарна. Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр, Их мөстлөгөөс хойш 100 жил тутамд ойролцоогоор хоёр төрлийн хөхтөн амьтан мөхөж байсан бол ХХ зуун гарснаар эл тоо 114 дахин өсчээ. Сээр нуруутны аймгаас гэхэд 1900 оноос хойш 470 гаруй төрөл, зүйл байхгүй болжээ.
Либерийн усны одой үхэр, Явагийн бар, Занзибарын ирвэсийн хувь заяаг давтаж, хөрстөөс арчигдахад тун ойрхон байгаа амьтдын талаар Олон улсын байгаль хамгаалах холбоо мэдээлэв. 1948 онд бий болсон тус холбоо 1949 онд Ховордсон амьтдын талаарх байнгын комисс байгуулж, мөхлийн ирмэгт ирсэн амьтан, ургамлыг бүртгэж эхэлсэн бөгөөд тэдний танадалт, таамгаар бол ердөө хэдхэн жилийн дараа дэлхийн амьтан, шавж, жигүүртний 40 гаруй хувь нь үүрд үгүй болох магадлалтай. Тэдгээрийн дунд арслан, анааш, варан, орунгтан зэрэг “андууд” минь бий. Ойрын 20 жилд мөхөх аюулд өртсөн зарим амьтныг танилцуулъя.
МАДАГАСКАРЫН “ЦИРКЧИН”
Мадагаскарын гайхамшиг гэгддэг сифак хэмээх нэгэн зүйл лемур-сармагчин хүн шиг өвдгөө эвхэж суугаад алсыг ширтдэг нь үнэхээр өхөөрдөм гэнэ. Мадагаскарын уугуул амьтдын нэг бөгөөд нутгийн иргэдийн бэлгэ тэмдэг нь. Учир нь эл амьтныг өвөг дээдсээ хэмээн хамгийн ариун шүтээнээ гэж үздэг. Аян замд сифактай таарвал ерөөлтэй, сайхан зүйлтэй учрахын дохио гэж бэлгэшээнэ. Эл төрөл зүйлийг нэлээд хожуу буюу 2004 онд л илрүүлэн, шинжлэх ухаанд бүртгэсэн юм байна. Их бие, сүүл нь тэнцүү шахуу. Нийлээд нэг мерт гаруй, жин нь 5-6 кг. Чих шигээ жижигхэн, хар хоншоортой хэрнээ нүүрэндээ томдсон дүгрэг нүдтэй. Тэр нь улаан шаргал өнгөтэй. Маш гярхай, сонор эл амьтан урт, нарийн ноостой. Дээр дээр үсэрч, том алхаж, дэгдэж
байгааг нь харсан хэн бүхэн гайхдаг аж. Учир нь нэг удаагийн үсрэлтээрээ 8-10 метр өндөрт гардаг байна. Ингээд буухдаа зөөлөн газарддаг бөгөөд шүхрээр буухтай адилтган бичсэн судлаач цөөнгүй бий. Урт сүүл нь “нислэгийн” үед төдийлөн хэрэг болохгүй. Харин “гараанаас гарах” үед нь тулгуур болно. Модноос үсэрч буухдаа сифак маш болгоомжилдог нь урд мөч нь богинотой холбоотой гэнэ. Аюул ойртсон үед архирахтай төстэй чимээ гаргаж, төгсгөлд нь зогьсож байгаа юм шиг болдог бөгөөд энэ үед “фак” гэх шиг сонсогддог талаар судлаачид тэмдэглэжээ. Үүнээс үүдэн нэрнийх нь сүүлийн үеийг “фак” гэсэн аж.
Сифакийг гаршуулах, хүрээлэнд идээшүүлэхээр олон удаа оролдсон ч бүтээгүй нь салхи шиг чөлөөтэй амьдралтай нь холбоотой гэдгийг судлаачид онцолжээ. 5-8-уул нэг бүл болон амьдардаг бөгөөд шөнө модны орой дээр унтдаг нь биеэ хамгаалах зорилготой. Өдрийн хугаст хоол хайж ийш тийш харайж, үлдсэн хугацаанд тоглож нааддаг сифак гимнастикчин, циркчин шиг биеэрээ хэд хэд эргэж бууж хөгжилддөг нь тун сонирхолтой. Мөн хэт халуунд модны мөчрөөс зүүгдээд хөшөө “болно”. Ингэхдээ хөл, гар, сүүлээ хайш яаш унжуулах бөгөөд тийм байдалтайг нь харсан хүмүүс инээдээ барьж дийлдэггүй гэдгийг жуулчид онцолжээ.
“ДИЙЛДЭШГҮЙ”
Эл амьтныг цагаан хэвлийт панголин гэдэг. Арслан, аварга могой, зааны аль нь ч түүнийг барахгүй. Аюул ойртмогч биеэ ороогоод бөмбөг шиг болчихдог учраас “зангилааг” нь тайлах гэж оролдож ядаад чулуу гэж бодоод дайснууд нь явчихдаг учраас мэргэжилтнүүд түүнийг “дийлдэшгүй” хэмээдэг аж. Гэхдээ онгон байгалийн хатуу хүтүүг ийнхүү туулж, амиа авч яваа эл амьтан хүний буруу үйл ажиллагаанд тэсэлгүй бууж өгч эхэлжээ.
Хуягт хөхтөний баг, панголины овогт хамаардаг гүрвэлийн төрлийн эл амьтан Ази, Африкийн ширэнгээр нутагладаг. Амьтан судлаачдын онцолсноор шоргоолж идэштэн шиг харагддаг, бор, хатуу, хайрс шиг хуягтай панголины биеийн бараг тал нь сүүл. Урт сүүл нь модноос буухад чухал үүрэгтэйгээс гадна хамгаалах хэрэгсэл болно. Мөн олзоо цохиход ч хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд байгаа долоон зүйл панголины зарим нь модон дээр амьдардаг. Зүйлээсээ шалтгаалан 30-140 см урт, 1.6-33 кг жинтэй. Ихэвчлэн ганц биеэр тэнүүчлэн амьдардаг. Сарвуу бүр нь хурц, махир хумс бүхий таван хуруутай.
Шөнийн амьдралтай эл амьтан сүүлэн дээрээ тулж байгаад гэдэргээ явж чаддаг нь тун сонирхолтой гэж судлаачид тэмдэглэжээ. Хараа, сонсгол нь сайнгүй учраас олзоо үнэрээр нь мэдэрдэг гэнэ. Шоргоолж зэрэг шавж, жижиг биетэй мэрэгчээр хооллодог. Гэхдээ шоргоолж амар хоол биш, хуягаар далдлагдаагүй хэсгүүдийг нь хаздаг учраас нүдээ аньж, чих, хамраа “таглаж” байгаад ангуучилдаг байна. Панголины ам жижиг, бас ердөө таван мм урт, мөн шүдгүй аж. Хоол нь шууд ходоод руу орж, тэндээ “зажлагдана”. Эл амьтан матар шиг үе үе чулуу залгиж, ходоодныхоо ачааллыг бууруулж, хоолоо боловсруулдаг. Орооноос 150 өдрийн дараа зулзагалдаг эмэгчин нь үр төлөө нуруун дээрээ үүрч дүүрэн ганцаар өсгөдөг.
ХАЛАМЖТАЙ АВАРГА БИЕТ
Халиман толгойт, мөн хаан дэглий ч хэмээдэг эл шувуу өрөвтасын овгийнх. Маш том биетэй, дунджаар 1.2 метр өндөр, далавчных нь урт хоёр метр гаруй, жингийн хувьд 4-7 кг. Халуун бүсэд амьдардаг бөгөөд гол хүнс нь загас. Шувуудын нүд толгойнхоо хоёр талдаа байдаг бол хаан дэглийнх гавлынхаа урд хэсэгт байрладаг. Тиймээс бүх талаар харж чадна гэсэн үг. Африкийн орнуудад цөөн үлдсэн эл шувуу том сарвуутай учраас намгархаг газарт түүртэлгүй явна. Гүехэн усанд зогсоод олон цагаар ямар ч хөдөлгөөнгүй байдаг нь судлаачдын анхаарлыг татдаг гэнэ. Энэ нь ангаа отож буй хэрэг бөгөөд заримдаа толгойгоо усанд дүрээд олон цаг зогсдог нь гайхалтай.
Ан хийх өвөрмөц аргатай. Ганц, хоёр загас байвал шүүрэхгүй. Бөөн олзон дундаас л таалагдсанаа зооглодог аж. Мөн барьсан загасаа заавал өвсөн дээр сэврээгээд, эхлээд толгойг нь хагалж, харж байж иднэ. Ихэвчлэн борооны улирлын үед “хуримлаж”, өндөглөхөд бэлтгэн үүрээ засдаг. Үүрнийх нь голч 2.5 метр гэнэ. Хэт халсан үед өндөгнүүдээ том хошууныхаа уутанд хийж, сэрүүцүүлдэг тун халамжтай гэнэ. Нэг удаа гурав хүртэл өндөг гаргах бөгөөд аав, ээжийн хамтын хөдөлмөрөөр дөрвөн сар бөөцийлүүлсэн дэгдээхэй бие даана. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн хэмжээнд 10 орчим мянган халиман толгойт бий гэсэн судалгаа гаргажээ. 1849 онд нээж, бүртгэлжүүлсэн эл шувууны тоо толгой эрс цөөрөх гол шалтгааны нэг нь хүмүүс өндгийг нь суйлдагтай холбоотой.
СУЛТАНЫ “ХАТАН”
Дэлхийн “Улаан ном”-д мөхөж буй гэсэн ангилалд багтсан, мартышка сармагчны төрлийн оготор хамарт буюу Роксолан хэмээн бүртгэгдсэн эл амьтан зөвхөн Хятадын Сычуаньд л бий. Үс нь улаан шаргал хэрнээ нүүр нь цэнхэр, бас болоогүй налчигар хамартай гээд эл амьтанд онцлох зүйл нэлээд бий. Нас бие гүйцэхдээ сүүл нь 50-70, бие 75 см болж, 16-35 кг жин татдаг. 4-7 насандаа үржилд орох бөгөөд гэр бүлээрээ моншоо өсгөнө. Далайн түвшнээс 1200-3300 метр өндөрт, ууланд амьдардаг эл амьтныг цасны сармагчин ч гэдэг. Амьдралынхаа ихэнх үеийг модон дээр өнгөрүүлдэг бөгөөд моншнууд нь унаж эрсдэх нь цөөнгүй.
Эрт үед хятад хүмүүс эл амьтныг тэжээвэл баяждаг хэмээн бэлгэшээж, III зууны үеэс гаршуулах болсон байна. Францын номлогч Жан-Пьер Арманд 1970-аад онд Хятадад очоод алтан шаргал үстэй сармагчныг хараад дуу алдан, биширсэн гэдэг. Ингээд Роксолан хэмээх латин нэрээр шинжлэх ухаанд бүртгүүлсэн бөгөөд энэ нь Османы хаан Сулейманы үзэсгэлэнт хатны нэр юм байна.
Эл сармагчин бүлээр амьдардаг. 9-18 нь нэг бүл бөгөөд эхийн эрхтэй. Толгойлогч эмэгчнийг өөрийн болгох гэж бусад бүлийн “эрчүүд” зодолдох нь түгээмэл. Гэхдээ бүл тэргүүлдэг эмэгчин тун ухаалаг шийдвэр гаргаж ихэвчлэн өөрийн эрэгчнүүдийг халамжилдаг. Цөөн тохиолдолд өөр бүлийн эрэгчнийг сонгох нь бий. Тэгсэн тохиолдолд өмнөх “эрийнх” нь үр удмыг заавал үгүй хийж, өрхийн тэргүүн болдог хатуу хуультай юм байна. Хавар эвцэлдээд, хагас жилийн дараа ганц монш төрүүлдэг. Моншны үс тас хар байдаг бөгөөд аажимдаа гуужиж өнгө нь хувирдаг байна. Нэг бүлийнхэн бүх моншоо асрах үүрэгтэй.
Бэлтгэсэн: Э.Хана