Байгаль хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн судлаач, эрдэмтдээс гадна жирийн иргэд чухал нөлөөтэй. Харин тэднийг идэвхжүүлж, хамтран ажиллах нь юу юунаас чухал.
Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан эрхэлсэн ажилгүй болон малчин залуусыг 10, 10-аар нь баг болгож, тандалт судалгаа хийлгэж байгаа гэнэ. Эл төслийг эхний ээлжинд Говь-Алтай аймгийн дөрвөн сум (бөхөн бүхий)-нд хэрэгжүүлж, 40 залууг хамруулжээ.
Морьтон эрчүүд 228 өрхийн 500 гаруй иргэнтэй уулзаж, бэлчээрийн гарц, өвөлжилтийн бэлтгэл хэр байгаатай танилцсан байна. Малын хөлийн татварыг тогтмол авах, мал, махны борлуулалтыг төр, засгаас бодлогоор дэмжих хэрэгтэй гэсэн саналыг малчдын олонх нь дэвшүүлжээ.
Залуус хөдөө 10 гаруй хоног явахад монгол бөхөн бараг тааралдаагүйд ихээхэн санаа зовж байгаа гэнэ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Цаашид энэ үйл ажиллагааг өргөжүүлж, олон залууг морь, тэмээтэй аялалд явуулах төлөвлөгөөтэй” гэв.