Монгол орны хөх сувд Хөвсгөл нуурын орчимд бэлчээрлэж буй малын тоо толгой хэрээс хэтэрч цэнгэг усыг нь бохирдуулж болзошгүй байна. БОАЖЯ-наас Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт улирч буй зун шалгалт хийснийхээ дүнг удахгүй хэлэлцэх аж. Эх сурвалжуудын мэдээлснээр шалгалтын урьдчилсан дүнгээр нуурын ус бохирдсон хэдий ч стандартаас даваагүйг тогтоожээ.
Энэ жилийн тухайд Хөвсгөл нуур мөсний баяраас хойш усны бохирдол эрс ихэссэн хэмээн орон нутгийнхан нь үзэж байгаа юм. Тухайн үед Хөвсгөл нуур, Эгийн голын сав захиргааны газрын мэргэжилтэн Б.Болортуул радиод ярилцлага өгөхдөө “Мөсний баярын өмнө дээж авахад бохирдуулагч ямар нэг бодис илрээгүй. Харин Мөсний баярын дараа Хөвсгөл далайн мандал болон гүний уснаас шинжилгээний дээж авахад амони, нитрит, нитрат гэх бодис усны чанарын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэд дахин давсан үзүүлэлттэй гарсан” хэмээж байв.
Харин энэ зун хийсэн шалгалтаар усанд бохирдол ихээр үүссэн байжээ. Энэ нь ойр орчимд нь малчид олноор суурьшиж, оодогносон малынх нь баас, шээс усанд ялзмаг ихээр үүсгэснээс болсон гэнэ. Тиймээс малчдыг ойр орчимд нь нутаглуулахдаа нуурын усыг бохирдуулахгүй байхад анхаарах шаардлага тулгарч буйг эх сурвалжууд мэдээлэв.
Бэлтгэсэн: Г.Равжаа