Улсын тусгай хамгаалалтад авсан газраас эрх мэдэлтнүүд хууль зөрчин эзэмших, өмчлөх зөвшөөрөл олгосон нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй. Үүний бэлээхэн жишээг нийслэлийн иргэд төдийгүй гадаад, дотоодынхон олноор очиж, агаар салхинд гарч, амарч зугаалдаг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас харж болно. Тус газрыг 1993 оны арваннэгдүгээр сарын 12-нд тусгай хамгаалалтад авч, нийт талбайн хэмжээг 292 468.45 га-гаар тогтоосон байдаг. Тэр газраас нь Төв аймгийн удирдлага дур мэдэн иргэдэд олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ тухай манай сонин өнгөрсөн тавдугаар сарын 17-ны 094 (6387) дугаарт “Хуулиас дээгүүр “жаалсан” Засаг дарга нарын шийдвэр нийслэлчүүдийг уух усгүй болгох вий” гэсэн гарчиг бүхий нийтлэлээрээ хүргэсэн билээ.
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ АМЬДАРЧ БУЙ АЙЛ ӨРХИЙГ ЦӨӨЛНӨ
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийг дамнан оршдог. Тэрэлжийн голын хойд тал нь Эрдэнийнх, өмнөд хэсэг нь Налайхын нутаг. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан байдаг. УИХ-аас баталсан хуулийн заалт ийм байтал үүнийг Төв аймгийн болон Эрдэнэ сумын удирдлага зөрчсөн юм.
Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2017 оны арваннэгдүгээр сарын 29-нд 19-04- 029/498 дугаартай дүгнэлтдээ “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Б.Жамбалдорж нь 2006-2012 онд нийт 149 захирамжаар 2804 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар Баянтуул, Дуганцагаан, Ар, Өвөр Жанчивлан, Баянхангайд өмчлүүлсэн байна. Газар нутгийн 72.5 хувийг улсын тусгай хамгаалалттай Хан Хэнтийн дархан цаазат болон Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар эзэлдэг. Сумын ИТХ-ын тогтоолоор Дуганцагаан гэх газарт Баянтуул нэртэй суурин байгуулах шийдвэр гарган, шинэ баг байгуулжээ.
Улмаар тус сууринд 1400 гаруй иргэнд газар өмчлүүлсэн байна. Сумын Засаг дарга 2015 онд 1979.1 га газрыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байна. Мөн Төв аймгийн ИТХ-аас 2017 оны тавдугаар сард Баянтуул суурингийн газрыг 1956 га-гаар тогтоож дээрх цогцолборт газраас гаргаж өгөх хүсэлт гаргажээ. Дээрх байдлыг үндэслэн дүгнэх нь “Эрдэнэ сумын Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1, Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн...” хэмээснийг бид дээр дурдсан нийтлэлдээ эш татсан.
БОАЖЯ-наас Төв аймгийн Засаг даргад дээрх хууль бус шийдвэрийг цуцлуулах тухай 10/4390 дугаартай албан тоот хүргүүлэхдээ “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Дуганцагаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар 2110 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгожээ. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1-ийн “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35.1-ийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэх зэрэг заалтыг зөрчиж байгааг сануулсан ч аймгийн удирдлага нь сумын Засаг даргынхаа хууль зөрчсөн үйлдлийг улам дэврээгээд тогтохгүй, аймагтаа нэлээд өндөр албан тушаалд томилчихоод буй билээ.
БОАЖ-ын сайд болон холбогдох бусад газар, хэлтсээс Төв аймгийн удирдлагад хууль зөрчиж буйг нь удаа дараа сануулсан албан тоот илгээсэн ч үл ойшоож, “Баянтуул сууринг тусгай хамгаалалтаас гаргахаар сумын болон аймгийн ИТХ-ын тогтоол гарч, саналаа БОАЖЯ, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт уламжилсан” хэмээн хариу илгээсэн байдаг. Үүнээс үзэхэд Төв аймгийн удирдлагад Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим үгүй мэт.
Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т “Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан ч эцэг хуулиас дээгүүр эрх мэдэл Төв аймгийн удирдлагад байдаг бололтой. Баянтуул хэмээх шинэ суурин байгуулахаар болоод буй тэр хөндий Улаанбаатар хотын эртний түүхтэй холбоотой гэх мэдээлэл ч бий. Улсын нийслэлийг Алтан тэвшийн хөндийд байгуулахаас өмнө 29 удаа буурь сэлгэж, тэдний нэг нь өнөөгийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт, Эрдэнэ сумынхан суурьшлын бүс болгох гээд буй хэсэгт байдгийг судлаач, мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Энд яагаад суурьшлын бүс байгуулж болохгүй вэ. Мэдээж энд дээрх түүхэн дурсгалт газар оршдогоос гадна нийслэлчүүдийн ундны усны дээд эх үүсвэр байдаг нь суурин газар бий болбол хөрсөөрөө дамжин бохирдоход хүрнэ.
Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас гаргасан тоон мэдээлэлд 2004- 2012 оны хооронд 1400 иргэнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлүүлсэн гэж буй. Тиймээс 1979.1 га газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлүүлэхээр зүтгэж байгаа юм. Харин Төв аймгийн удирдлага буюу аймгийн ИТХ-аас 2017 онд 2110 иргэний газрыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтаас гаргуулахаар хандсан байдаг. Тэр олны дунд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат бус, Улаанбаатарын иргэд нийслэлийн ундны усны дээд эх үүсвэрээс 2-3 км зайтай, Туулын хар шугуйн дээхнэ талд газар өмчлөх гэрчилгээ авсан гэх юм билээ.
“ӨНӨӨДӨР” СОНИНЫ НИЙТЛЭЛИЙН ДАГУУ АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙГАА” ГЭВ
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нэг хэсгийг буюу Налайх дүүргийн VI хорооны Тэрэлжийн суурин байрладаг 262.2 га талбайг 2012 оны тавдугаар сарын 18-нд УИХ-ын 38 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтаас чөлөөлсөн юм. Ингэж хамгаалалтаас гаргах сургаар өмнөх жилээс нь л хүмүүс баланд дурласан зөгий мэт дээрх хороог зорих болсон юм даг. Ингээд тухайн хорооны иргэдэд түшиглэсэн жишиг бүс нутаг болгоно хэмээн албаныхан хэлж байсан ч өнөөдөр байдал тусгай хамгаалалттай нутгаас ч долоон дор болж, хэн дуртай нь байшин барилга барьж, экологид хохирол учруулан, нүхэн жорлонгийн тоо ч тамтгаа алдсан түүхтэй. Түүгээр ч үл барам харийн иргэд монголчуудын өвөлжөө, хаваржааны газар нэрээр амралтын газар байгуулсан нь ч бий.
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан 2014 оноос хойш хууль зөрчсөн дээрх үйлдлээ зогсоохыг шаардаж Төв аймгийн удирдлагад 10 гаруй удаа хандсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй. Энэ талаар дээрх хамгаалалтын захиргааны мэргэжилтэн С.Бэлэгсайхан “УИХ-ын гишүүн асан С.Оюун БОНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн Засаг даргад хандаж албан тоот илгээсэн.
Түүнээс хойш олон удаа Төв аймгийн удирдлагад хандсан ч “Тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг Засгийн газарт оруулна” гэсэн хариу өгч байна. Хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж байгаа юм шиг энэ газрыг тусгай хамгаалалтаас гаргаж болохгүй шүү дээ. Уг нь манай улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоороо тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд хүргэх үүрэг хүлээсэн. Одоо манай улс нийт нутаг дэвсгэрийнхээ 17.8 хувийг л тусгай хамгаалалтад авсан. Ийм байтал нэг хэсгийг нь улсын тусгай хамгаалалтаас гаргаж болохгүй” хэмээж байсан юм.
Тэгвэл өнөөдөр асуудал ямар шатанд байгаа талаар хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнхөөс тодруулахад “Тусгай хамгаалалттай газар нутгаас хууль зөрчин иргэдэд олгосон асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй л байна. Танай сонинд гарсан нийтлэлийн мөрөөр УИХ-ын холбогдох хоёр ч байнгын хорооныхон юу болоод байгааг тодруулахаар ажиллаж байгаа юм билээ.
Бас Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-аас энэ асуудлыг анхааралдаа авч нягталж, холбогдох бичиг баримтыг нь шалгаж байна гэсэн. Төв аймгийн Эрдэнэ сумынхан тайлбарлахдаа “Бид сумынхаа тухайн жилийн төлөвлөгөөнд оруулж, ИТХ-аар батлуулж иргэдэд газар олгосон гэж ярьдаг юм. Тэр материалаа гаргаж ирээд хамтдаа гарц хайя гэсэн ч тус сумынхан одоо болтол таг чиг байна. ЗГХЭГ-ынхан БОАЖЯ-наас танай сонины нийтлэлд дурдагдсан асуудлуудыг судалж тодруулан арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн” хэмээсэн юм.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар ч УИХ-ын байнгын хороод, ЗГХЭГ-ынхан уг асуудлыг анхааралдаа авсныг батлаад “Хууль зөрчсөн ийм явдал зөвхөн Горхи Тэрэлжээр тогтохгүй өөр олон газарт байгаа” хэмээсэн юм. Мөн Туул голыг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж буй ажлын хэсгийнхэн, УИХ-ын гишүүд ч энд анхаарлаа хандуулаад байгаа аж.
Юутай ч манай сонины өнгөрсөн тавдугаар сард уншигчдадаа хүргэсэн “Хуулиас дээгүүр “жаалсан” Засаг дарга нарын шийдвэр нийслэлчүүдийг уух усгүй болгох вий”, “Нийслэлчүүдийн ундны усны дээд эх үүсвэр бохирдоход ойрхон байна” гэсэн нийтлэл, сурвалжилга шийдвэр гаргагчдын сонорт хүрч, тэд зүгээр суугаагүй, холбогдох баримтуудыг нь нягталж байна. Удахгүй асуудал нэг тийш шийдэгдэх бололтой.
Бэлтгэсэн: Г.Равжа