Сүүлчийн хоёр жил дараалан дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан К.Роналду энэ зун Испанийг орхиж, Италийг зорьсон. Тэрбээр Ла лигт есөн жил тоглохдоо баларшгүй ул мөрөө үлдээж, Л.Месситэй олон дуулиант дуэль өрнүүлсэн агаад үүнийг ойлгохын тулд бид португал тоглогчийг ирэхээс өмнө “Реал”, “Барселона”, ер нь тус лиг ямар байсныг эргэн дурсах шаардлагатай болно.
“РЕАЛ МАДРИД”
2008 оны зун багийн ерөнхийлөгч Р.Кальдерон гол тоглогчдын нэг, довтлогч Робиньог зараад “голланд өвчин” тусав. А.Роббен, У.Снейдер, Р.ван Нистелрой, Р.Дренте нар дээр нэмээд Ван дер Ваарт, К.Хунтелаарыг худалдаж авчээ. Гэвч Р.Кальдероны төсөөлж байсан энэхүү төгс баг бодит байдалтай нүүр тулаад бут үсэрсэн юм. В.Нистелрой улирлын эхэнд хүнд гэмтэж бараг тоглоогүй бол бусад голланд тоглогч гараагаа сайн тавьсан ч хоёрдугаар тойргоос эхлээд У.Снейдер, Ван дер Ваарт, А.Роббен нар сэлгээнийхэн болов. Тэд хожим өөр багт лидер нь болох хувьтай байлаа.
- Өвлийн наймааны цонхоор “Вестхэм”-ийн хагас хамгаалагч Ж.Фоберыг авсан нь тэдний хамгийн бүтэлгүй наймааны нэг болов. Түүнчлэн хамгаалагч Пепе гэнэт “галзуурч” “Хетафе” багийн довтлогчийг гишгэлснийхээ төлөө 10 тоглолтоор торгуулав.
- Муугаас гадна сайн мэдээ ч байлаа. Довтлогч Рауль тэрхүү улиралд Мадридын багийн төлөө оруулсан гоолоор дээд амжилт тогтоов. Агуу испани тоглогч одоо хоёрдугаарт бичигдэж буй. Нэгдүгээр байрт хэн орсныг таахад тийм ч хэцүү биш билээ.
- Мөн улиралд “Реал”-ын мэргэн бууч нь Г.Игуаин болсон. 21 настай залуу довтлогч 22 гоол оруулсан нь үнэхээр гайхам амжилт.
- 2008-2009 оны улирал домогт хамгаалагч Ф.Каннаварогийн тус багт өнгөрүүлсэн сүүлчийн улирал нь. Итали тоглогч эх орон руугаа, “Ювентус” баг руу явсан.
- Тухайн улирлын “Реал”-аас одоо ч багтаа тоглосоор буй хоёр тоглогч бол Марсело, С.Рамос. Хоёул үсний засалтаа эрч өөрчилснийг дурдъя.
- “Эзэн хааны баг”-ийн түүхэнд нэн гунигтайгаар үлдэх нэгэн үйл явдал эл улиралд тохиов. Дасгалжуулагч Б.Шустер “Барселона”-гийн тоглолт миний санааг хамгийн их зовоож байна. Бид тэднийг ялж чадахгүй, тэд дэндүү сайн юм. Энэ улирал тэднийх болно биз” гэж ам алджээ. Маргааш нь герман дасгалжуулагч халагдаж, оронд нь Х.Рамос томилогдлоо. Тэрбээр Б.Шустерийн хэлснийг үгүйсгэж, боломжит 54 онооноос 52-ыг авсан билээ.
- Улирлын сүүлчээр, тавдугаар сард “Реал” гол өрсөлдөгч “Барселона”-г бараг гүйцэв. Гэвч аймшигт класико (2:6). “Реал”-ыг энэ ялагдал сэхэл авалгүй уруудуулж, тэд Ла лигийн үлдсэн дөрвөн тоглолтод дөрвөн гоол оруулж, 11 гоол алдан бүгдэд нь ялагдсан юм. Ингэснээр Испанийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байрт орсон.
“БАРСЕЛОНА”
- 2008-2009 оны улирлын аваргаар эрс шинэчлэгдсэн “Барселона” тодров. Ердөө жилийн өмнө тэд гутгаар байр эзэлсэн билээ. Эл улирал дасгалжуулагч Х.Гвардьолагийн анхны, ухаалаг толгойд нь үс ургасан сүүлчийн улирал байв. Пеп ирээд “Барса”-г ихээхэн өөрчилсөн. Гараанд 20 настай С.Бускетс, төвийн хамгаалалтад Ж.Пике нарыг гаргаж, баруун жигүүрийг Д.Алвест даатгав. 21 настай Л.Месси ч түүний удирдлагад “дахин төрөв”. Роналдиньог явсны дараа суларсан “10” дугаарыг тэрбээр өөрийн болгож, улмаар Ла лиг, Испанийн цом, “Аваргуудын лиг”-т түрүүлсэн агуу улирлаа эхлүүллээ. Мөн мэдээж “Алтан бөмбөг”.
- Л.Мессид тусалж, арын фононд тоглосоор ирсэн Хави, А.Иньеста улирлын хамгийн чухал долоо хоногт од болон гялалзав. 2009 оны тавдугаар сарын 2-нд Хави “Сантьяго Бернабеу”-д дөрвөн гоолын дамжуулалт өгсөн бол, дөрөв хоногийн дараа А.Иньеста “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Челси”-гийн эсрэг тоглолтын сүүлчийн минутад хожлын гоол орууллаа.
- Багийн өөр нэг довтлогч С.Это`О 30 гоол оруулж, Ла лигийн хоёр дахь мэргэн бууч болсон бол Т.Анри 19 гоол бүртгүүлжээ.
БУСАД БАГ
- С.Это`Огоос илүү олон гоол оруулсан тоглогч нь Д.Форлан. “Атлетико”-гийн уругвай довтлогч оны эцэст “Алтан шаахай” хүртсэн билээ. Харин түүнд 20 настай С.Агуэро (17 гоол) тусалж байв. “Атлетико” дөрөвдүгээр байртаа сэтгэл хангалуун байсан агаад тэд лигийн топ баг болох болоогүй, Д.Симеоне ирэхэд ахин хоёр жил үлдээд байв.
- Ла лигт гуравдугаар байр эзэлсэн баг нь “Севилья”. Тэд Ф.Канутегээс бусад бараг бүх гол тоглогчоо явуулжээ. Аварга биет мали довтлогч улирал дуустал багтаа тоглоод БНХАУ руу явсан.
- М.Пеллегрини тэргүүтэй “Виллареал” энэхүү улиралд хоёр фронтод зэрэг хүч үзсэнээс Ла лигт тааруу тоглож дөнгөж V байр эзэлжээ.
- Эзэн хааны цомын финалд Билбаогийн “Атлетик” шалгарав. Ф.Ллоренте, Ираола, Хави Мартинес тэргүүтэй баскууд энэ удаад “Барселона”-д дийлдсэн ч Европа лигт тоглох эрхтэй болсон юм.
- 2008-2009 оны улиралд “Валенси”-гийн довтолгоо супер байлаа. Давид Вилла, Давид Силва, Хуан Мата нар дараа жил нь өөр багууд руу салан одсон ч тэрхүү улиралд гар нийлэн тоглож байв. Тэднийг У.Эмери дасгалжуулж байсан агаад хамтдаа Ла лигт VI байр эзэлжээ.
- “Эспаньол” баг энэ үес гурван ч дасгалжуулагч сольж, хүнд үеийг өнгөрүүлж байлаа. Гурав дахь дасгалжуулагчийг Маурисио Почеттино гэх агаад нэгдүгээр сард ирснээсээ хойш багийг доошоо унах аюулаас аварч, Каталоны дербид “Барселона”-г буулгаж авчээ.
“Барселона”-г ялахыг хүсэж байсан өөр нэг баг нь “Реал”. Тэдний хачирхалтай улирал Р.Кальдероныг халж, Ф.Перес ирснээр өндөрлөв. Шинэ ерөнхийлөгч хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дуулиант наймааны кампанит ажил эхлүүлж, 260 сая евро зарцууллаа. Үүнээс 94 саяыг нь К.Роналдуг авахад зарцуулсан юм. Тэр цагаас хойш Испанийн аварга шалгаруулах тэмцээн эрс өөрчлөгдсөн билээ.