Өргөст торонд сүлбүүлж амь тавьсан амьтад энд, тэнд таарах нь манай улсад жирийн үзэгдэл болсон. Монгол Улс зэрлэг амьтдад ээлгүй гэдгээ үүгээр баталж, өдий хүрсэн юм. Харин одоогоос гурван жилийн өмнө манай улс Төв Азийн орнуудаас анх удаа “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандарттай болсон билээ. Тэгвэл хоёр дахь стандартаа саяхан баталлаа.
Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран боловсруулсан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг Стандарт, хэмжил зүйн газар баталсан байна. Ийм хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто болон төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болж байгаа юм.
Төмөр замд мал гарахад л зориулсан нүхэн гарц байдгийг эс тооцвол манай улсад зэрлэг амьтдад зориулсан нүхэн болон гүүрэн гарц ганц ч байхгүй. Харин дээрх стандартуудад замын торыг өргөсгүй байлгах шаардлага тавьж буй гэнэ. Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болох нь судалгаагаар батлагдсан юм. Тухайлбал, 2016 оны нэг, хоёрдугаар сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж, улмаар 5000 гаруй зээр өргөст торонд өлгөгдөж үхсэн байв.
Нутгийн зүүн хэсэгт төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц хийхгүй бол тэнд үлдсэн зээрийн сүрэг дахин хуваагдан мөхлийн ирмэгт тулах аюултай болжээ. Тиймээс шинээр батлагдсан стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах нь маш чухал болохыг байгаль хамгаалагчид, энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хэлдэг. Төмөр замыг зэрлэг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр барихын тулд нүхэн болон гүүрэн гарц зайлшгүй байгуулах хэрэгтэй. Харамсалтай нь, зээрийн сүрэг төмөр замын өргөст тортой хэсгээр гарах гэж торонд өлгөгдөж үхэх тохиолдол одоо ч гарсаар байна.