Хотын суурьшлын бүсэд орж ирсэн бамбаруушийг мэргэжилтнүүд байгальд буцаан тавьж буй нь
2018.10.01 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, төмөр замын 61 дүгээр гармын ойролцоох айлын хашаанд бамбарууш орсон байсныг нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд “нутагт нь буцаажээ”. Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд иргэдээс ирсэн мэдээллийн мөрөөр мэргэжилтнүүдийг тухайн газарт очиход бамбаруушийг хашаанд хүлсэн байжээ. Гэвч бэртэж, гэмтсэн шинж, шарх, сорви биед нь илрээгүй учраас түүнийг ногоон бүсэд буцаан тавьсан байна. Энэ нь хотод бамбарууш орж ирсэн 30 жилийн дараах тохиолдол юм.
2018.10.01 Дархан-Уул аймгийн Хонгор сумын захад 15.00 цагийн үед төөрсөн бамбарууш орж иржээ. Иргэд түүнийг тухайн өдөр хотын төвөөс олдсон бамбарууш гэж үзсэн ч байгаль хамгаалагчид өөр “этгээд” болохыг нь тогтоосон байна. Ингээд түүнийг нутаг буцаажээ.
2018.10.03 Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэнгийн хөдөө аралд бас нэг бамбарууш “аялж” явсныг орон нутгийнхан хэсэг хугацаанд саатуулж байгаад, холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ. Иргэд БОАЖЯ-нд мэдээлэл өгснөөр бамбарууш “Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг”-ийнхэнтэй уулзсан аж. Ингээд түүнийг мэргэжилтнүүд зохих журмын дагуу тээвэрлэж, Хан Хэнтийн дархан цаазат газарт буцаан тавьсан байна.
Майга борын төл суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдол энэ сард гурвантаа гарлаа. Цаашид ч ийм “хэрэг” олон гарч болзошгүйг нийслэлийн Байгаль орчны газрынхан онцолж, тийм тохиолдолд нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 318003 утсаар холбоо барихыг сануулав. Бамбаруушууд яагаад суурин газар руу гүйдэлтэй болов. Ан амьтны эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн “Зөвхөн бамбарууш гэлтгүй зэрлэг амьтад суурин бараадах нь олширсон. Энэ нь идэш тэжээлийн хомсдол, амьдрах орчны доройтолтой шууд холбоотой” гэв.
Сонирхуулахад, хүрэн баавгайг хамгийн олон төрлийн хоол зооглодог гэдэг бөгөөд идэш тэжээл нь хэр элбэгээс шалтгаалаад ургамлын үр, үндэс, жимс жимсгэнэ, шоргоолж, тарвага, үхэр огдой, төрөл бүрийн шавж иддэг байна. Тэр ч бүү хэл, том амьтдыг ч “барьдаг” аж.
Бэлтгэсэн: Ж.Сувдмаа