Архангай аймгийн Хашаат суманд 2014 оны долдугаар сарын 27-нд мөндөр орж, хүчтэй шуурснаас нэг хүний амь эрсдэн, есөн хүн гэмтсэн. Түүгээр зогсохгүй, тэр шуурганы улмаас 10-аад айлын гэр, байшин нурж, 200 гаруй мал, тэр ч байтугай ачааны автомашин хүртэл хийссэн тохиолдол гарсан билээ. Нэг тонн ус ачсан том оврын машин 300 метр газарт шидэгдэж, жолоодож явсан хүн нь нас барсан юм. Суудлын хоёр машин хийсэж, дахин ашиглах аргагүй болсон.
Нэг нь 2-3 км газарт шидэгдэж, базсан лааз шиг болсныг иргэд санаж буй биз ээ. Тухайн үед салхи секундэд 50 метр хүрч ширүүссэн хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан юм. Таамаглаж гэдгийн учир нь Хашаат суманд цаг уурын станц байгаагүй учир албан ёсоор тогтоох боломж байгаагүй. Торнадо маягийн уг гамшиг дараа нь Өвөрхангай аймаг руу “шилжиж”, Хужирт сумын төвийн ойролцоо гэнэт хүчтэй хуй дэгдэн, багагүй хохирол учруулсан. Жил гаруйнхны зайтай “өрнөсөн” дээрх хоёр гамшиг манай оронд өмнө нь тулгарч байсан, эсэхийг цаг уурчдаас тодруулахад “Үүнээс өмнө 1966 онд Хэнтий аймгийн Батширээтэд тохиолдож байсан юм билээ” хэмээв.
Баян-Өлгий аймгийн төвд орсон хүчтэй аадар борооны улмаас өнгөрсөн долдугаар сарын 14-17-нд Өлгий сумын 1200 айл үерт автан, 530 орчим өрх орох оронгүй болсон. Үер болох тохиолдол бий ч үүн шиг 1000 гаруй айлыг “хамсан” түүх ойрд санаанд буухгүй байгааг хэлэх хүн цөөнгүй. Мөн Сүхбаатар, Төв зэрэг аймагт ч үер буусан.
Сүүлийн жишээ татахад, газар тариалангийн бүс нутгаар энэ жил тун эрт цас унаж, тариаланчид налсан тариагаа хэрхэн хураахаа мэдэхгүй тархиа гашилгаж байна. Зарим нь “Есдүгээр сарын дундуур ингэж цас унаж, хүйтэрч байсныг санахгүй юм” хэмээн шогширч буй. Өнгөрсөн жилүүдэд ганд нэрвэгдсэн газар тариалангийн салбарынхан энэ жил азаар хуртай зусаж, нэлээд ахиу ургац авахаар ханцуй шамлаж байтал тэнгэрийн аашинд дахиад л дөнгүүлчихлээ.
Сүүлийн 56 жилийн зургадугаар саруудаас хамгийн халуун нь 2017 онд тохиож, ган болсныг уншигчид санаж буй. Тухайн үед нийт нутагт агаарын температур олон жилийн дунджаас давсан бөгөөд хамгийн их халсан газраар Дорноговь “тодорсон” билээ. Тэнд анх удаа 39.6 градус хүрчээ. Хоёрдугаар байранд 39.2 градус хүрч халсан үзүүлэлтээр Дорнод бичигдсэн. Үүний нөлөөгөөр тус аймаг дахь байгалийн нуур, цөөрөм хатаж, цагаан зээрүүд харангадан үхэж байсан юм.
Үүний зэрэгцээ бидэнд мэдэгдэхгүй өнгөрсөн гамшиг ч цөөнгүй бий гэнэ. Тодруулбал, манай улсын хүн ам газар нутагтаа сийрэг тархан суурьшдаг тул эзгүй газарт уулын үер бууж, хөрсний гулсалт, цасан нуранги үүсэх, газар хөдлөх зэрэг үзэгдэл анзаарагдахгүй, мэдэгдэхгүй өнгөрөх тохиолдол ч байдаг аж.
Энэ мэт байгалийн гамшигт үзэгдлийн тоо жилээс жилд нэмэгдэх болжээ. Тухайлбал, сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн тоо 1.5 дахин нэмэгдэж, манай орны газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Энэ хугацаанд байгалийн гамшигт үзэгдлээс үүссэн хохирлын хэмжээ өмнөх жилүүдээс 10-14 дахин өссөн гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Байгалийн гамшгийг удаан болон хурдан өрнөлтэй гэж ангилдаг байна. Удаан өрнөлтэйд нь зуд, ган ордог. Ганцхан өдөр болоод өнгөрдөггүй тул ийм гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Харин хурдан өрнөлтэй байгалийн гамшигт уруйн үер, газар хөдлөлт, хүчтэй шуурга багтдаг гэнэ. Арга хэмжээ авахад хүндрэлтэй, уг гамшигт үзэгдлийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсөх хандлагатай болсон нь холбогдох байгууллагынхны санааг чилээж буй юм билээ. Тухайлбал, онцгой байдлын албанд жилд 2000 гаруй дуудлага ирдэг байсан бол өдгөө 4000-5000-д хүрсэн аж.
Байгалийн байдал, цаг агаараас бүрэн хараат манай орон уур амьсгалын өөрчлөл төд эмзэг. Энэ маягаараа цаашид байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хэрхэн нэмэгдэхийг хэлж мэдэхгүй. Монгол орны нутаг дэвсгэрт 1940-өөд оноос цаг уурын байнгын хяналт, шинжилгээ, ажиглалт, хэмжилт хийж эхэлсэн байдаг. Тэр үеэс хойш өнөөг хүртэл уур амьсгалын үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаарх мэдээлэлд тулгуурласан дүгнэлтээс үзвэл өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Монгол оронд агаарын температур дунджаар 2.24 градусаар нэмэгдэж, хур тунадас 7.3 хувиар буурчээ. Үүний зэрэгцээ, ган гачиг, зуд турхан зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэх хандлага ажиглагдаж буйг олон тооцоо судалгааны дүн харуулсныг сануулах нь илүүц биз.
Нөхцөл байдал ийм учраас дэлхийн бусад орны адил манайх ч гамшгаас урьдчилан сэргийлэхэд анхаарах цаг болжээ. Уг нь арга хэмжээ авахын тулд янз бүрийн хууль, журам гаргах талаар нэлээд хөнддөг ч үр дүнд хүрсэн нь төдийлөн үгүй гэнэ. Ядаж л газар тариалангийн салбараа цаг агаараас хараат бус байлгах хүсэл цөөнгүй хүнд бий ч дорвитой хөдөлсөн тохиолдол алга.
Гавьяат агрономич Ж.Сүрэнхорлоо манай улс цаг уурын өөрчлөлттэй уялдуулан газар тариалангийнхаа салбарыг шинэчлэх, өөрчлөх, ялангуяа тариалалт, ургац хураалтын технологио эргэн харах шаардлага тулгарсан талаар “Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэж хэдий болтол тэнгэрийг буруутгах вэ. Үүнийг шийдэх арга зам бий. Уг нь байнга ярьдаг боловч шийдэж чаддаггүй асуудал. Хөрөнгө мөнгө их зарцуулах учраас бид одоохондоо зохицуулж чадахгүй” гэж хэлж байсан.
Нэг талаас хөрөнгө мөнгөний асуудал байдаг. Нөгөө талаас гамшгаас урдчилан сэргийлэх ажлыг хамтран хийх ёстой холбогдох байгууллагууд нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг, өөр өөр бодлого, зорилттой, асуудалд шинжлэх ухаанч бусаар хандаж байгааг хэлэх мэргэжилтэн ч бий. Уг нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийхийн хэрээр гамшгийн үед зарцуулах хөрөнгө мөнгө багасна. Тухайлбал, гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг төгрөг гамшгийн дараах зардлыг 10 төгрөгөөр бууруулдаг гэсэн олон улсын жишгийг санахад илүүдэхгүй биз ээ. Гамшигт бэлэн үү гэдгээ бүх хүн, холбогдох байгууллагынхан нь анхаарах цаг иржээ.
Бэлтгэсэн: М.Оч