Ой мод болон ургамлан бүрхүүл бол агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг “залгиж”, хүчилтөрөгч үйлдвэрлэдэг шүүлтүүр гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тиймдээ ч ой модыг дэлхийн уушги хэмээдэг. Тэгвэл манай гаргийн уушги муудаж эхэлснийг НАСА-гийн судлаачид хиймэл дагуулаас дамжуулдаг болон цаг уурын мэдээлэлд түшиглэн тогтоожээ. Юу гэхээр ургамал, модод нүүрстөрөгчийн давхар ислийг бага шингээдэг болсон гэнэ.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ чадвараа тогтмол алдсаар иржээ. Үүнийг дэлхийн агаар мандлын хэм сүүлийн жилүүдэд өсөж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. “Science” сэтгүүлд мэдээлснээс үзвэл, НАСА-гийн мэргэжилтнүүд “2000-2009 онд дэлхийн шим мандлын шингээсэн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ сүүлийн 10-аад жилд нэг хувиар буурчээ. Ганцхан хувь гэж ойшоохгүй байж боломгүй. Энэ нь барагцаагаар 550 сая тонн гэсэн үг, үнэхээр түгшүүртэй мэдээ” гэжээ.
Тэгвэл хойд хөршийн экологичид чуулж, дэлхийн уушги болсон ой модоо хайрлаж, хамгаалж чадвал цаг уурын өөрчлөлтийн талаар ярих шаардлагагүй болно гэж онцолжээ. Сүүлийн хагас зууны байдлаар байгалийн гамшгийн тохиолдол жил ирэх тусам өсөж байгаа нь агаарын хэмтэй шууд холбоотой. Дэлхийн дулааралд хүлэмжийн хийн нөлөө нэлээд хувь эзэлдэг. Хүлэмжийн хий гэдгийг хэн бүхэнд ойлгуулахын тулд агаар мандлыг бүрхсэн “үстэй дээл” гэж тайлбарлаж болно.
Тэгэхээр хүн төрөлхтөн ухдаг түлш буюу нефть, нүүрс, үүнээс гадна мал аж ахуйгаасаа тодорхой хэмжээнд татгалзаж, орлуулах технологи боловсруулахгүй бол агаар мандал халуурч, хөлөрсний улмаас ойн түймэр гарах нь нэмэгдэнэ. Энэ нь “үстэй дээл”-ийг улам зузааруулна гэсэн үг. Ингэж явсаар бидний мөхөл ирнэ. Ийм зүйлтэй учрахгүйн тулд хүлэмжийн хийг бууруулна энэ тэр гэсэн олон оршлоос илүүтэй ой модоо тордох, хамгаалах, аврах ёстой гэдгийг хойд хөршийн мэргэжилтнүүд чуулганаараа хөндсөн байна.
Агаар мандалд “бугшсан” нүүрстөрөгчийн хийг залгих ногоон бүрхүүлээ хайрлахыг олон улсад илүүтэй анхаарах болжээ. Үүнийг natural climate solutions буюу утгачилбал байгалийг өөрөөр нь эрүүлжүүлэх шийдэл гэж томьёолдог гэдгийг ч энэ үеэр онцолсон аж.
Дашрамд өгүүлэхэд, энэ сэдэвтэй холбож болох нэгэн судалгааны талаар мэдээ байна. Ой болон цэцэрлэгт хүрээлэнтэй бүс нутаг, түүнтэй ойр амьдардаг хүн илүү аз жаргалтай, сэтгэл өөдрөг байдгаас гадна сэтгэцийн хувьд эрүүл болохыг Их Британийн сэтгэл судлаачдын багийнхан тогтоожээ. Тэд Европ, Америк, Азийн 5000 гаруй айл өрхийг судалгаандаа хамруулсан аж.
Ингэхэд амьдрах орчноо өөрчлөн ногоон бүстэй ойртсон хүмүүс сэтгэл зүйгээ “Хайрлаж, дурласантай адил, төстэй” гэж тодорхойлсон гэнэ. Зарим нь сайн цалинтай, сайхан ажил эрхэлж, түүнээсээ таашаал авсан мэт баяр баясгалантай амьдрах болсноо өгүүлжээ.
Мод, ургамалтай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгая. Амазон мөрний сав газарт мод бэлтгэж байгаа нь халдварт өвчин, ялангуяа хумхаагийн дэгдэлтийг нэмэгдүүлж байна гэж Америкийн Висконсины их сургуулийн судлаачид мэдээлжээ. Байгалийн судас болсон ой мод болон усны сав газарт аливаа олборлолт хийхийн сөрөг нөлөөллийг судлах явцдаа ийм дүгнэлтэд хүрсэн гэдгээ тэд онцлов. Бразилын 54 бүс нутагт хийсэн эл судалгаандаа хиймэл дагуулаас авсан мэдээллийг ч ашигласан гэнэ.