Улз голд зусаж байсан хар тогоруунд манай улс анх удаа сансрын дохиолол зүүж, нүүдлийг нь судалж байна
Дорнод аймгийн Баяндун сумын нутгаар урсах Улз голд 14 хар тогоруу зусаж таарсан нь Монголд тэдний нүүдлийг судлах ажлын үндэс болжээ. Энэ зүйл тогоруу нь Монголд үрждэггүй бөгөөд нүүдлийн үедээ тохиолдохоос гадна зарим жил цөөн тоогоор манай орны төв болон зүүн бүсийн нутагт зусдаг. Монголын шувуу хамгаалах төв, Улсын тусгай хамгаалалттай газрын Дорнод хамгаалалтын захиргаа, БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн хамтарсан судалгааны баг олон улсын хэмжээнд ховордож буй хар тогоруу (Grusmonacha)-г амжилттай барин, сансрын дохиолол зүүж, Монгол дахь нүүдлийн анхны судалгааг эхлүүлсэн нь энэ аж.
Тэд 2016 оны намраас зүүн бүсийн ховор шувуудын нүүдлийн судалгааг хийхээр ярилцсан ч өнгөрсөн оноос ажил хэрэг болгожээ. Зөвхөн хар тогоруу биш, цэн тогоруу, хонин тоодог гэсэн хоёр зүйл шувууны нүүдлийг тандах зорилгоор дээрх судалгааг хийж буй. Ингээд 11 цэн тогоруунд дамжуулагч зүүсэн бол хонин тоодгийн нүүдлийн судалгааг эхлүүлж хараахан амжаагүй гэнэ.
Цэн тогоруунд дохиолол зүүх үед дэлхийд ховордсон хар тогоруу үдэлж таарсанд мэргэжилтнүүд олзуурхан, сансрын дохиолол зүүгээд амжиж. Нүүдлийн мэдээллээ дамжуулах онцгой үүрэг хүлээсэн тэр тогоруу нь дөрвөн настай, эм шувуу аж. Зарим зүйл тогорууны насыг нүднийх нь өнгө, бүтцээр нь тодорхойлдог юм байна. Бээжингийн Ойн их сургуулийн Амьтан судлалын тэнхимийн доктор Гуо Юмин хар тогорууг дөрвөн настай болохыг нь тогтоожээ. Тэрбээр Хятадын зүүн хойд хэсэгт өвөлждөг уг шувууг 2000 оны эхээр судалж, анх удаа үржлийн хар тогоруунуудыг олж илрүүлсэн гавьяатай ажээ.
Шувуу хэд насалдгийг хэлэхэд амаргүй бөгөөд ойролцоогоор 20-30 жил амьдардаг. Хар тогоруу тайгын намгуудад дөрөвдүгээр сарын сүүлчээр үүрээ засаж, жилд 1-2 дэгдээхэй гаргадаг бөгөөд хоёр сарын дараа тэд нисэж эхэлдэг. Шавж, мэлхий, ургамлын үндэс, үр жимсээр хооллохын зэрэгцээ тариалангийн талбайд олноороо цугларч, буудайн хаягдсан үрийг түүж иддэг байна.
Нэн ховор зүйл, Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалд “эмзэг” зүйлд багтдаг бие жижиг ч, бэлчээр хол уг шувуу нь манай орны Архангай, Өвөрхангай, Завхан аймгийн нутагт нүүдлийн үедээ бүртгэгдсээр байгаа аж. Ялангуяа төвийн болон зүүн аймгийн нутаг, Улз голд таарах нь цөөнгүй. Гэвч нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, зусдаг нуур, цөөрмийн усны түвшин багасан, хатаж, ширгэж буй нь тэдний амьдралд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Манай оронд үрждэггүй ч үдлээд буцдаг хар тогорууны нүүдлийг яагаад судлах болсон талаар Монголын шувуу хамгаалах төвийн захирал П.Ганхуягаас тодруулахад “Олон улсад ховордож буй ангилалд багтдаг хар тогорууны нүүдлийг судлах нь ихээхэн ач холбогдолтой. Цагаан тогорууны адил нүүдлийн үедээ манай орноор дайрч өнгөрдөг ч зарим бодгаль нь үлдэж, зундаа зусдаг. Бид нөхцөл байдлаас шалтгаалан ганц хар тогоруунд сансрын дамжуулагч зүүсэн.
Ганцхан амьтанд дохиолол зүүнэ гэдэг эрсдэлтэй. Дамжуулагчтай шувуу өвөлждөг газраа эсэн мэнд хүрээд эргэж ирнэ гэдэг санаснаар болох зүйл биш. Алс хол зам туулахад саад бэрхшээл бишгүй. Тиймээс нэг зүйлийг судлахад нэлээн олон бодгаль буюу дор хаяж 50 амьтан сонгон зүүдэг. Монгол оронд хар тогорууны нүүдлийн судалгааг тандаж буй анхны ажил нь энэ. Одоогийн байдлаар шувуу маань мэдээллээ маш амжилттай дамжуулж байна.
Улз голоос барьсан учир “Улз” хэмээн нэрлэх болсон. “Улз” маань Улз голоо дагаж, Норовлин ороод Дашбалбар сумын Мардайгаар дамжин Хөх нуурт хүрч, Чулуунхороотын Ангир, ОХУ-ын зүүн Тарь нуур хүрч тэндээсээ нисэж, одоогоор БНХАУ-ын Далай нуураас зүүн хойд зүгт буугаад байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш энэ сарын эхэн хүртэл дээрх чиглэлийн дагуу нүүдэллэсэн. Монголд хаагуур шилжилт хөдөлгөөн хийж буйг дамжуулагчаас мэдэхээс гадна эрсэдсэн тохиолдолд “хэл хүргэгч”-ээс хайгаад үхлийн шалтгааныг нь олж мэдэх боломжтой. Ингэснээр тухайн шувууны хорогдлын шалтгааныг судлах юм.
Үржлийн болон үржлийн бус үедээ хэрхэн байршиж, томоохон шилжилт хөдөлгөөнийг хаана хийж байна, суурьшлын бүсээс дайжиж буй, эсэх, хаагуур идээшиж байгаа зэрэг нарийн мэдээлэл олж авна. Энэ нь эргээд тухайн шувууг хамгаалахад чухал мэдээлэл болох юм. Хар тогоруу ихэвчлэн Хятад юм уу, Япон улсад өвөлждөг. Ойтой, тайгын хүлэрт намгархаг газарт үрждэг онцлогтой. Олон хоногоор байрлаж буй газрыг олж мэдэх нь хар тогорууг хамгаалахад чухал ач холбогдолтой. Ингэснээр тухайн газрыг орон нутгийн болон улсын хамгаалалтад оруулж болно. Дамжуулагчтай ганц шувуутай хамт хэдэн зуун хар тогоруу очиж буйг бид мэдэхгүй. Ямартай ч олон хоног тухалж байвал тэр газар нь хоол тэжээл элбэгтэй, тааламжтай гэсэн үг” хэмээв.
Дэлхийд 15 зүйлийн тогоруу байдгийн 6-7 нь Монголд бүртгэгджээ. Тодруулбал, сүүлд шинээр бүртгэгдсэн элсний тогоруунаас гадна хар болон цагаан тогоруу нүүдлийн үедээ манай улсаар дайран өнгөрдөг байна. Алаг тогоруу манай улсын зүүн талд үрждэг байсан ч 30-аад жилийн өмнөөс үзэгдэхээ больжээ. Цэн тогоруу, хархираа, өвөгт тогоруу манайд үрждэг. Тэднийг барьж, судлахад хялбар.
Харин манай улсад үрждэггүй шувуудтай таарах тун ховор учир Монголын шувуу хамгаалах төвийнхөн ганц ч болов хар тогорууг судлах боломжтой болсондоо олзуурхаж буй. Манай улс байгалиа хамгаалахад их хөрөнгө зарцуулж чаддаггүй. Тиймээс байгаль орчноо унаган төрхөөр, ан амьтнаа устаж үгүй болохоос нь өмнө авран хамгаалъя гэвэл аль болох дархалж, орон нутаг, улсын хамгаалалтад оруулж экосистемийн хэмжээнд хамгаалах нь чухал болохыг тус төвийнхөн хэлнэ лээ.
Сансрын дохиолол нь шувуунд ямар нэг эрсдэл учруулж болохгүй. Тиймээс дамжуулагчийн жин маш чухал гэнэ. Аливаа дохиолол дамжуулагч нь тухайн шувууны биеийн жингийн гурван хувиас хэтрэхгүй байх ёстой аж. Шувууны шилжилт хөдөлгөөн, нисэхэд нь саад учруулахгүй байхаар тооцдог. “Улз”-д зүүсэн дамжуулагч нь биеийн жингийнх нь хоёр хувиас ч хэтрээгүйг П.Ганхуяг захирал дуулгасан. Дамжуулагчийг хөлнийх нь дээд хэсэгт зүүсэн бөгөөд ямар нэг байдлаар эвдрэх, шувуунд муу зүйл тохиолдохгүй л бол 3-5 жил мэдээлэл дамжуулах юм байна. Нарны зайгаар ажилладаг төдийгүй өдөрт 9-12 цэгээс мэдээлэл өгөх гэнэ.
Мэдээллийг нь Бээжингийн Ойн их сургууль, Дорнод хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төвийнхөн нэгэн зэрэг хянаж буй. Өвөлждөг болон үрждэг хоёр нутгийн бүхэл бүтэн эргэлтийн мэдээллийг бүрэн авсны дараа л судалгаа амжилттай болох гэнэ. Хэрэв дамжуулагч нэг цэг дээр хөдөлгөөнгүй удвал шувуу аюулд оржээ гэж үздэг аж. Хэрэв тухайн газар нь суурьшлын бүсэд ойрхон байвал мэргэжилтнүүдтэй холбогдон шалтгааныг тодруулж болох юм байна.
Тиймээс “Улз” минь өвлийн гурван сарыг дулаан оронд ая тухтай өнгөрөөгөөд, хавар Монгол нутагт эргэн үдлээрэй.