Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдыг байгаль хамгаалалд уриалах, татан оролцуулах зорилготой “Ногоон паспорт” аяныг БОАЖЯ өнгөрсөн хавраас хэрэгжүүлж байгаа. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн энэ хүрээнд сурагчдыг хамруулсан дөрвөн аяныг 2018-2019 онд зохион байгуулахаар төлөвлөж, хамгийн эхнийхийг нь өнгөрсөн зургадугаар сард зарласан нь “Хог түүх марафон” байв.
Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах зорилготой эл аян өчигдөр өндөрлөлөө. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубийнхэн “Хог түүх марафон”-д маш идэвхтэй оролцож, нийслэлийн олон газрыг хог хаягдлаас нь ангижруулсан гэж зохион байгуулагчид онцлов. Тухайлбал, урин дулааны цагт аялагчдад ч, хогонд ч дарагддаг Туул, Дунд, Тэрэлж, Сэлбэ гол, Хун нуур зэрэг олон газрыг сурагчид цэвэрлэжээ.
Сурагчид ийн идэвх санаачилгатай байж, байгалиа хамгаалсныхаа төлөө шагнуулах гэнэ. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн “Сурагчид эл аянд хэр идэвхтэй оролцсоноо дүрс бичлэгээр баталгаажуулан, манай байгууллагад илгээсэн. Хэдэн хүнийг хамруулан, хэчнээн га талбайг цэвэрлэсэн, түүсэн хогоо зориулалтын аргаар хэрхэн тээвэрлэж, устгасан, иргэдийн хандлагад яаж нөлөөлсөн зэргийг харгалзан эко клубийнхнийг шалгаруулж, урамшуулна” гэв. Дашрамд дуулгахад, “Ногоон паспорт” аяныг орон нутагт эрчимжүүлэх зорилготой “Ногоон паспорт-Монгол орон даяар” арга хэмжээ энэ сарын 15-нд Дорноговь аймаг дахь Хамрын хийдэд болно.