2018 онд Монгол Улсын Засгийн газраас долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг хийж, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж буй. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас намрын ургац хураалтыг хэвийн явуулахад тариаланчдад шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлж байна. Энэ бүхний үр дүн эхнээсээ гарч, тариалалт эрс нэмэгджээ.
Тухайлбал, 2018 онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 5-28-ны хооронд зохион байгуулсан. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй авчээ.
Энэ жилийн хувьд тавдугаар сар бүхэлдээ хур тундас багатай, зургадугаар сар гарсаар Хөвсгөл, Булган, Увс, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн зарим бүс нутгаар хур тунадас орж, таримлын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлсөн бол тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 5-ныг хүртэл гандуу байсан нь ургац алдагдахад хүрчээ.
ХХААХҮЯ-ны мэдээлснээр 2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм. Энэ нь улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц үзүүлэлт.
Намрын ургац хураалтаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран ургац хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулж, тариаланчид, тариалан бүхий аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өдөр тутам цаг агаарын мэдээ хүлээн авч, орон нутагт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд хүргүүлж байгаа юм.
Есдүгээр сарын 25-ны байдлаар 26 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 66.2-68.9 хувийн явцтай, ургац хураалтын ажил жигдэрсэн гэж Ургацын штабаас мэдээллээ.
Есдүгээр сарын дундуур орсон хур тунадас, нойтон цас, ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаагаас шалтгаалан ургац хураалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж болзошгүй бөгөөд үр тариа налсан байдалтай байгаа аж. Энэ үед комбайндаа нэмэлтээр иш өргөгч суурилуулах, нэг талаас нь сөргүүлж хураах зэрэг налсан тариаг хурааж авах хэд хэдэн арга бий.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгчдэд шатахуун, иш өргөгч, үтрэмийн техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа бөгөөд тус санд үтрэм дээр чийгтэй буудайг яаралтай татан авч, хатаах, стандартын шаардлага хангуулах зориулалттай элеватор 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт үр тариа хатаалгын тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн. Тиймээс ургацыг аль болох богино хугацаанд хаягдал багатай хурааж авах техникийн боломж бүрдсэн гэж хэлж болохоор болжээ.
Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
-Өнгөрсөн жил гантай байсан учраас соёололт, бутлалт хангалтгүй дүнтэй гарч байсан. Энэ жилийн хувьд ургац хураалт хэр түвшинд байна вэ?
-2018 оны хавар улсын хэмжээнд 490 мянган га-д тариалалт хийсэн. Цаг агаарын байдал тааламжтай байж соёололт хэвийн явагдаж, нийт тариан талбайны 70 гаруй хувь нь эерэг дүнтэй гарсан. Үүний дараагийн үе шат буюу буталтын үед ч мөн адил сайн байж, таримлын өсөлт хөгжилт өмнөх жилүүдийнхээс сайн байсан. Ургацын урьдчилсан балансын мэдээгээр бид буудай, төмсөөрөө дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахуйц хэмжээний ургац хурааж авна гэсэн тооцоо гарсан. Харин энэ сард орсон хур тунадастай уялдуулан ургац хураалт 15-20 орчим хоногоор хойшилж байна. Өнөөдрийн байдлаар үр тарианы ургац хураалт 15 хувьтай, төмс 66 хувьтай, хүнсний ногоо 70 гаруй хувьтай явж байна. Үүнээс гадна есдүгээр сард 4-5 удаа цаг агаарын тааламжгүй үзэгдлүүд болж, тариалангийн төвийн бүс нутгуудаар нойтон цас орлоо. Үүнээс болж ургац тариа будаанд налалт үүсч, хураахад тодорхой хэмжээний хүндрэл учруулах нөхцөл байдал үүссэн ч тухай бүрд нь хүндрэлүүдээс гарах арга замыг эрэлхийлсээр, өнөөдрийн байдлаар ургац хураалт хэвийн явагдаж байна.
-Энэ жил ургац алдсан уу?
-Тариалангийн бүс нутгуудаар ган гачигтай байсны улмаас ургацаа тодорхой хэмжээгээр алдсан. Гэхдээ энэ жилийн хувьд урьдчилсан балансаар тоо мэдээ эерэг дүнтэй гарч байгаа учраас ургац хураалтынхаа эцсийн дүнг л харах үлдэж байна даа.
-ХХААХҮЯ-наас намрын ургац хураалттай холбоотойгоор ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байна вэ?
-Цаг агаарын үзэгдэлтэй холбоотойгоор Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс бидэнд өдөр тутам мэдээ ирүүлж байгаа. ХХААХҮЯ, Ургамал хамгаалах газар тариалангийн хүрээлэнтэй хамтарч ургац хураалтад баримтлах технологийг боловсруулсан. Энэхүү зөвлөмжөө аж ахуйн нэгжүүдэд ургац хураалт эхлэхээс өмнө хүргүүлж ажилласан. Мөн ургац хураалтыг цаг тухайд нь хаягдал багатай хурааж авах хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургац хураалтын шатахууныг аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа. Үүнээс гадна ургац нь налсан аж ахуйн нэгжүүдэд нэмэгдлээр шатахуун олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн будаа чийгтэй байгаа өнөөгийн нөхцөлд Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа бүх техник технологийг хөнгөлөлттэй үнээр олгож, үтрэм дээр чийгтэй буудайг яаралтай татан авч, хатаах, стандартын шаардлага хангуулах зориулалттай элеватор 24 цаг тасралтгүй ажиллаж байна.
-Үр тарианд налалт үүссэн гэж байсан. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Бороо цасны улмаас налсан үр тариаг хурааж авах хэд хэдэн арга бий. Тоног төхөөрөмждөө нэмэлт иш үрэгчийг нэмж суурилуулах эсвэл нэг талаас нь орж сөргүүлж хураах боломж бий.