БНЧУ-ын Засгийн газрын Хөгжлийн тусламжийн хүрээнд “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах” хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекыг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзлаа.
Прага хотын Амьтны хүрээлэн нь төрөл зүйлийнхээ хувьд устах аюулд тулгараад байсан тахийг үржүүлэн хамгаалж, эх нутагт нь хүргэх хөтөлбөрийг сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа бөгөөд нийтдээ 31 тахийг Говийн их дархан цаазат газрын Хөмийн тал болон Тахийн талд нутагшуулаад байна.
Уулзалтын үеэр “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах” хөтөлбөрийг цаашид үргэлжүүлэх улмаар Монгол Улсын БОАЖЯ болон Прага хотын Амьтны хүрээлэн хооронд Монголын баруун хэсэг дэхь бөхөн болон хавтгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан “Нэн ховор зүйл амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах асуудлаар санал солилцож ярилцлаа.