Өнөөдөр Говь-сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ. Мөн 2018 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх юм байна.
Үүнээс гадна өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр 0,0-31,0 мм бороо орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 31,0мм, Чандмань-Өндөрт 20,0мм, Булганы Орхонд 30,0мм, Сайханд 28,0мм, Гурванбулагт 19,0мм, Төв аймгийн Угтаалд 27,0мм, Алтанбулагт 20,0мм бороо орсон байна.
Нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө сэрүүсч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+12 градус, Алтайн өвөр говь болон, говийн бүс нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус байв.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -6...+1 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +4...+11 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: өчигдөр өдөртөө 5.0 мм, өнгөрсөн шөнө 1.0 мм бороо орсон байна. Салхи секундэд 17-19 метр, зарим үед түр зуур секундэд 24-26 метр хүрч ширүүсэв. Температур өдөртөө +21...+23 градус, шөнөдөө +8...+10 градус байв.