2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцөлийг танилцуулж байна.
Есдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч, тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөнөдөө хасах градуст орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр болон дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан талбайн болцоос хамаарч ангилан хадалт, шууд хураалтыг хугацаа алдалгүй хийвэл зохино.
Наймдугаар сарын 20-ны байдлаар улаанбуудайн ургалтын байдал Хэнтийн Гурванбаянд дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. Увс, Хэнтий, Дорнод болон Сэлэнгийн хойд хэсгээр сүүн бололт, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсөглийн нутгаар аарцан бололтын үе шатанд орсон. Тариалан бүхий ихэнх нутгаар 80-89 см, Булганы Ингэттолгой, Сэлэнгийн Баруунхараа, Дорнодын Халхголд 55-69 см өндөр ургасан мэдээтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар ургацын бүрдэц тодорхойлсон мэдээнээс үзэхэд нь 7,8-10,9 ц/га хурааж авахаар төлөвтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар энэ сарын сүүлчээр ангилан хаталт хийж эхлэх боломжтой.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллэж байгаагаар: Зургаадугаар сарын 1-ний үндэсний статистикийн хорооны мэдээгээр 10.2 мянган га-д төмс тариалсан. Энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 1.7 мянган га талбайгаар буурчээ.
Наймдугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөл үе шатанд орсон. Ховд, Архангай, Дорнодын төмс тариалсан нутгаар 34-49 см, бусад нутгаар 52-72 см өндөр ургасан мэдээтэй байна. Булцууны өсөлт тодорхойлсон мэдээнээс авч үзэхэд 118,4-142,8 ц/га ургац авахаар байна. Төмсний ургалтын байдал Дорнодын Баян-Уулд дунд, бусад нутгаар сайн болон онц үнэлгээтэй байна. Төмс хүнсний ногоо хураах ажил эхэлсэн, үр тариа хувьд боловсруулах ажил голчлон хийж байна.